| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/01230/и |
| Дугаар | 209/МА2025/00027 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 209/МА2025/00027
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2025/00254 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохиролд 8,494,698 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 17 цагт ажлаасаа гараад 19 дүгээр сургууль, 22 дугаар цэцэрлэгийн хоорондох голын явган хүний замаар явж байтал гэнэт араасаа мөргүүлээд 2 өвдгөөрөө сөхрөөд газар унасан. Босох гэтэл өвдөг нугараад, нуруу хэсгээр өвдөөд босож чадахгүй байсан бөгөөд арайхийж бостол 1 хүүхэд миний хөлийн хажуугаас унасан дугуйгаа татаж босгож байсан. Тухайн үед би явж чадахгүй байсан учир нөхөр лүүгээ 17 цаг 25 минутад залгаж ирээд аваадхаач гээд учир байдлыг хэлж дуудсан. Намайг дугуйгаар мөргөсөн хүүхдэд хандаж чи урдаа яваа хүнийг хардаггүй юм уу, тоормосгүй юм уу, ядаж холдоорой ч гэж хэлэхгүй, аав ээжийнхээ утасны дугаарыг өгөөдөх дугуйг чинь өгч явуулъя гэхэд дугаарыг нь өгөхгүй байсан тул цагдаад мэдэгдэж хүүхдийг хүлээлгэж өгье, энэ байдлаараа машин техник доогуур ч орж магадгүй юм байна гээд дэргэд нь цагдаагийн газрын ******* руу залгахад хэсгийн байцаагчийн ******* гэсэн дугаарыг өгсөн бөгөөд 2 удаа залгасан ч утсаа аваагүй. Хүүхдээс Чи аль сургуульд сурдаг вэ гэж асуухад хариулахгүй байсан тул зургийг нь дараад сургуулийнхаа багш нарын хаалттай чат групп дээр тавьж Энэ хүүхэд манай сургуулийн сурагч мөн үү гэж асуусан. Тэр хооронд би хүүхэд рүүгээ залгаж ээжийг нь дугуй унасан хүүхэд мөргөчихлөө явж чадахгүй байна ирээд аваадах гэхэд одоохон гээд утсаа салгасан.
Удалгүй чатаар хариу ирж Манай сургуулийн 7 дугаар ангийн ******* гэдэг сурагч байна. ******* багшийн анги гэсэн байсныг хараад, манай сургуулийн сурагч байна гэхэд Намайг уучлаарай, Би парк таун орох гээд яарч явсан юм аа, манай ээж байхгүй гэхээр нь ангийн багш руу нь залгаж чанга яригч дээр нь тавьж танай ангид ******* гэж сурагч байдаг уу гэхэд байдаг гээд наана чинь явна уу, өглөө хичээлдээ ирээгүй, чи ханиад хүрээд босож чадахгүй байна гэсэн биз дээ, чи танихгүй байна уу наад хүн чинь манай сургуулийн багш шүү дээ гэсэн. Багшид нь ээж, аав руу нь хэлээдхээч би бүр зогсож чадахгүй байна гэж хэлсэн.
Ингээд нөхөр, хүүхэд 2 маань ирээд явах гэтэл дугуйгаа өгөхгүй гээд байхаар нь багш руу залгаж дугуйг нь аваад явлаа шүү, аав, ээжийг нь ирээд ав гээд хэлээрээ, цочирдсон үедээ ийш тийшээ явж байгаад дугуйгаа зогсоож чадахгүй машин доогуур ч орох юм бил үү гээд өөрт нь чанга яригч дээр тавьж сонсгоод хүү маань дугуйг нь түрээд, би нөхрөөрөө түшүүлээд гэртээ арайхийж орж ирсэн. Түргэн тусламж дуудаж үзүүлэхэд даралт ихэдсэн нуруу хөлийн хэсэг гэмтэлтэй өвдөлт ихтэй байсан учир өвчин намдаах тариа хийгээд намайг эмнэлэг рүү авч явсан. Болсон үйл явдлын талаар *******ын ээжтэй утсаар холбогдож хэлэхэд өөдөөс орилж хашхираад загнаад байсан. Дараа нь цагдаагийн 2 албан хаагч ээж рүү нь залгахад мөн орилж хашхираад үг хэлүүлэхгүй загнаад байсан тул тэд дугуй нь танайд байж байг өөрсдөө ирээд авна биз гэж хэлээд явсан.
Миний бие дээрх асуудлаас болж, нуруу хөлдөө хүнд хэлбэрийн гэмтэл авч хөлийн жийрэг мөгөөрсний урагдал оноштойгоор 7,400,000 төгрөгийн төлбөр төлж хагалгаанд орсон. Мөн ажлаа хийж чадахгүй цалин хөлсөөрөө хохирсон. Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэж хагалгаанд орохоор өөрийн машинд бензин тос хийж явсан зардал, эм тариа авах зэрэгт нийт 8,494,698 төгрөг зарлагадсан байна.
Иймд насанд хүрээгүй хүүхэд болох *******ын асран хамгаалагч ээж *******гаас эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээний зардал болон гэм хорын хохирол 8,494,698 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. гэжээ. /х.х 1-2/
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
... ******* нь тухайн үед гэмтсэн байсан бол цагдаагийн байгууллагад хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгоод явах байсан. Өөрийнх нь гаргаж өгсөн баримтаас үзэхэд өмнө 2023 оноос хөлийн үеийн асуудал гарч, улмаар эмчилгээ хийлгэж ирсэн нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 8,494,698 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ. / 1 х.х 44/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч *******гаас 2,356,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 6,138,618 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52,659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. Урьд нь эмчлүүлж байсан ч “Авецина” ХХК-д эмчлүүлээд бүрэн эдгэсэн гэснийг нотолсон эмнэлгийн баримт.
2024 оны 11 дүгээр сараас хойш ажлаа хэвийн хийж нэг ч өдөр өвчтэй, чөлөөтэй гэлгүй ажиллаж байсан зэргийг харгалзан үзээд Иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу миний нэхэмжилсэн 8,494,698 төгрөгийг бүхэлд нь гаргуулж өгнө үү гэжээ. / 2 х.х 249 /
б. Нэмэлт тайлбартаа:
Шүүх миний нэхэмжилсэн 8,494,698 төгрөгийн хохирлоос 6,138,618 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч өмнө нь өвдгөндөө гэмтэл авч эмчлүүлж байсан тул унадаг дугуйнд мөргүүлсний улмаас хөл нь гэмтсэн гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна“ гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж байна гэж бичсэн нь ойлгомжгүй байна.
Сурагч *******ын унаж явсан дугуйнд мөргүүлсний улмаас хөл маань гэмтсэн гэдэг нь хэрэгт авагдсан эмнэлгийн баримтаар хангалттай нотлогдож байгаа. Би өмнө нь хөлдөө гэмтэл аваад эмчлүүлээд хагалгаанд орж байсан нь үнэн боловч бүрэн эдгэрээд эмнэлгээс гарсан. Үүнийг нотолсон эмнэлгийн баримт шүүхэд ирсэн бөгөөд уг баримтуудад “бүрэн эдгэрсэн” гэсэн бичилтүүд байгааг анхаарч үзсэнгүй.
Надад учирсан хохирлыг 7,853,600 төгрөг гэж тогтоож энэ хохирлын 30 хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг хохироож байна,
Хүүхэд хэдийгээр хариуцлага хүлээх насанд хүрээгүй ч гэсэн түүний надад учруулсан хохирлыг асрамжлан хамгаалагч, хууль ёсны төлөөлөгч нь төлөх ёстой байхад хууль зөрчиж хариуцагчаар миний хохирлыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг би ойлгохгүй байгаа юм. Иймд давж заалдах гомдлыг хэлэлцэж миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ. / 2 х.х 2 /
5. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорирлыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан бөгөөд хууль бус гэм буруутай үйлдэл болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоотой байхыг шаардсан.
Гэтэл анхан шатны шүүхээс ...******* нь 2024.05.17-ны өдөр унадаг дугуйнд мөргүүлсний дараагаар эмнэлэгт үзүүлж, улмаар хөлийн жийрэг мөгөөрсний урагдал гэх гэмтэл үүссэн учир хагалгаанд орсон үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
1. Гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийгээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс насанд хүрээгүй Б.*******ын гэм буруугийн талаар огт дүгнэлт хийгээгүй, энэ талаар баримт авагдаагүй байхад үйл баримтын талаар маргаагүй гэх үндэслэлээр хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
2. Зайлшгүй зардал гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудад тухайн ослын улмаас ******* нь ямар оношоор, ямар гэмтэл авсан эсэх, мөн хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байсан эсэх талаар огт дурдаагүй бөгөөд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Шалтгаант холбоо тогтоогдоогүй. Тухайн осол болсон өдөр нэхэмжлэгч ******* нь цагдаагийн газарт хандаж, зөрчлийн шинжгүй, холбогдогч насанд хүрээгүй үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудад тухайн ослын улмаас *******д гэмтэл учирсан ямар гэмтэл учирсан талаар нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй бөгөөд *******гийн гэмтэл нь тухайн унадаг дугуйнд мөргүүлсэн ослын улмаас үүссэн эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоох боломжтой асуудал болохоос цаг хугацааны хувьд ослоос 2 сар шахам хугацааны дараа хагалгаа хийлгэсэн гэдэг үндэслэлээр шалтгаант холбоо тогтоогдохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / 2 х.х 3-4 /
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь “...2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед ажлаасаа гараад явган хүний замаар явж байтал манай сургуулийн сурагч Б.******* унадаг дугуйтай ирж мөргөснөөс би газар сөхрөн унаж, өвдгөндөө гэмтэл авч, хагалгаанд орсон. Үүнтэй холбоотойгоор 8,494,698 төгрөгийн цалин хөлс, эмчилгээ, замын зардлыг хариуцагчаас гаргуулахыг хүсэж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойлсон бол,
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч өмнө нь өвдгөндөө гэмтэл авч эмчлүүлж байсан тул унадаг дугуйнд мөргүүлсний улмаас хөл нь гэмтсэн гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна” гэж маргасан байна.
4. ******* нь ...2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед ажлаасаа тараад явган хүний замаар явж байхад нь насанд хүрээгүй Б.******* унадаг дугуйтай ирж мөргөснөөс газар сөхрөн унаж, өвдгөндөө гэмтэл авсан гэх үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй, харин Б.*******ын унадаг дугуйгаар мөргөсөн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэмтэл учирсан эсэх, тус гэмтэл нь өмнөх гэмтэлтэй нь хамааралтай эсэх, үүний улмаас хохирол учирсан эсэхэд маргасан байна.
5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.*******ын насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр Б.******* нь насанд хүрээгүй /иргэний эрх зүйн зарим чадамжтай/, хариуцагч ******* нь түүний эх мөн болох нь тогтоогджээ. /1 хх 191, 199-200/
6. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж заасан байх бөгөөд *******г хариуцагчаар татсан нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр унадаг дугуйнд мөргүүлсний дараагаар эмнэлэгт үзүүлж, улмаар хөлийн жийрэг мөгөөрсний урагдал гэх гэмтэл үүссэн учир хагалгаанд орсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч ******* хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Түүнчлэн анхан шатны шүүх нь нотлох баримтаар тогтоогдоогүй болон нотлох баримтын шаардлага хангахгүй хохирлыг 661,198 төгрөг, нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг 7,853,600 төгрөг гэж зөв тооцсон хэдий ч нэхэмжлэгчид учирсан хохирлын 30 хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь тухайн хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
8. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан.
Хуульд зааснаас үзвэл хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байхыг хуульчилсан байх тул нэхэмжлэгч *******г өмнө нь 2023.08.03-ны өдөр жийргэвчний шинэ язралт авч үеийг дурандах мэс засалд орж байсан буюу суурь өвчтэй байсан гэх нөхцөл байдлыг харгалзан шүүх нэхэмжлэгчээс гарсан зардлын хэмжээг 30 хувиар бууруулах нь зүйтэй гэж үзэж баримтаар тогтоогдож буй хохирол болох 7,853,600 төгрөгийн 70 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
9. Иргэдийн төлөөлөгч нь хүүхдийн хайхрамжгүйгээс болж энэ хүн эрүүл мэндээр хохирсон юм байна. Хүүхэд насанд хүрээгүй учир эмчилгээний зардлыг эцэг эх нь төлөх нь зөв гэж үзэж байна гэж дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн гэм хорын хохирлын зарим хэсгийг хариуцагчид хариуцуулах нь үндэслэлтэй гэж дүгнэснийг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
10. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2025/00254 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч *******гаас 5,497,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,997,178 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 52,659 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж, хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 52,659 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Г.МЯГМАРСҮРЭН