| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01142/И |
| Дугаар | 01215 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 01215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01249//И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, ******-р бичил хороолол,****** тоот хаягт байрлах, ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* ХХК-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ****** -р баг, ****** -р хороолол, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******эд холбогдох
1 890 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ё шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* ******* ХХК нь иргэн С.*******тэй 2015.12.27-ны өдөр зээлийн гэрээ болон №****** дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг, 60 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу зээлдэгч С.******* нь өдөр бүр 60 000 төгрөг төлж, 2016.02.25-ны өдөр үндсэн зээл 3 000 000 төгрөг, түүний хүү 600 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг төлж дуусгах үүрэг хүлээсэн. Зээлийн барьцаанд С.******* Дархан сум 11-р баг, 6-р хороолол, 20 дугаар байр, 74 тоотод байрлах, хүнсний дэлгүүрийн 6 000 000 төгрөгтэй тэнцэх барааг барьцаалуулсан. Зээлдэгч С.******* нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 1 260 000 төгрөгийг төлж барагдуулахгүй, байгууллагын зүгээс зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч С.*******ээс үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 1 260 000 төгрөг, алданги 630 000 төгрөг нийт 1 890 000 төгрөг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна. Өөрөөр хэлбэл алдангийг 50 хувиар бууруулж үндсэн зээл 1 260 000 төгрөг, алданги 315 000 төгрөг нийт 1 575 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Cугар овогтой ******* би ******* ******* ******* ХХК-д үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 1 260 000 төгрөгийг 3-4 сарын дараа буюу 2017-01 сараас эхлэн төлж барагдуулна. Алданги 630 000 төгрөгийг төлөх боломжгүй, дэлгүүрийн үйл ажиллагаа 2016-04 сард зогссон. Уг компани нь үүнийг мэдэж байсан. Бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр 4 сар ямар ч чимээгүй байж байгаад гэнэт шүүхийн мэдэгдэл ирсэн. Би шүүх хуралд очих боломжгүй тул надгүйгээр, хүсэлтийг минь харгалзаж шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч С.*******эд холбогдуулан үндсэн зээл 1 260 000 төгрөг, алданги 630 000 төгрөг нийт 1 890 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж 1 575 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.******* нь үндсэн төлбөр 1260 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг төлөх боломжгүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч С.******* нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөгийг, 60 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, өдөр бүр 60 000 төгрөг төлж байхаар, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 2 340 000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна.
Хариуцагч С.******* нь алдангийг төлөх боломжгүй гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар хариуцагч С.*******ээс 1 575 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч С.******* нь шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.*******ээс 1 575 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 45190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА