| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/00890/и |
| Дугаар | 209/МА2025/00025 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 209/МА2025/00025
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, э аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 307/ШШ2025/00251 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “64,875,000 төгрөг гаргуулах" тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...*******, ******* нар нь миний нөхөр ын танил, найз нөхдийн харилцаатай хүмүүс юм. Миний нөхөр надад хэлэхдээ тухайн хүмүүсийг э аймаг руу тариа тарьдаг, орон сууцаа барьцаалаад мөнгө зээлье гэнэ, найдвартай хүмүүс юм л гэсэн.
Би *******, түүний нөхөр гэх ******* нартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгөө сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулан ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 баг, 17 хороолол, , тоот Ү-******* дугаартай 50.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг надад барьцаалсан.
*******, ******* нар нь надад 1 сарын хүү 1,250,000 төгрөг өгснөөс өөр мөнгө өгөөгүй. ...Би нөхрийнхөө хэлснээр, мөн энэ хүмүүсийг мөнгө зээлснээс хойш хүнд хэцүү байдалд орж, бизнес нь хэцүү байдалд орсныг нь харгалзан өнөөдрийг хүртэл хүлээж байхад ядаж хүүгээ ч төлөхгүй, мөнгөний ханш өдрөөс өдөрт унаж, надад маш их хохиролтой байгаа тул шүүхэд хандаж байна.
Гэрээнд зааснаар 6 сарын хүү авах ёстой боловч 1 сарын хүүг төлсөн тул 5 сарын хүү 6,250,000 төгрөг, зээл болон түүний төлбөрөөс тооцсон алданги 15,625,000 төгрөг, үндсэн зээлийг банкны хугацаатай хадгаламжид хадгалсан бол жилд 12 хувийн хүү авах боломжтой байсан гэж үзэж хохиролд 18,000,000 төгрөг, үндсэн мөнгө 25,000,000 төгрөг, нийт 64,875,000 /6,250,000+15,625,000+18,000,000+25,000,000/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Хариуцагч нар нь мөнгөө ойрын хугацаанд төлнө гэвэл ярилцаад нэхэмжилсэн дүнгээ багасгаж эвлэрэх боломжтой гэжээ. /х.х-1 /
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
...Миний хувьд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн хүүг төлж байсан. Ингээд газар тариалангийн ажил эрхэлж байтал төрөл бүрийн саад бэрхшээл учирч байсан бөгөөд үүний нэг хүчин зүйл нь Ковид гарч давагдашгүй хүчин зүйлээс болж манай үйл ажиллагаа бүрэн зогсож дампуурсан юм. Зээлийг эргэн төлнө гэж бодож байсан боловч санхүүгийн ямар ч боломжгүй болсон юм.
Өмнө нь буюу энэ зээлийг авахаас 10-д жилийн өмнөөс *******ээс зээл авч үйл ажиллагаандаа хэрэглээд эргэн төлдөг байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /х.х-39/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 64,875,000 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552,525 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...анхан шатны шүүхийн дүгнэлт нь дараах эрх зүйн үндэслэлийг үйл баримттай холбогдуулан дүгнээгүй.
Учир нь би хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж, зарим хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох нөхцөл байдал үүссэн байгаа талаар мэдүүлсэн гэтэл, яагаад хөөн хэлэлцэх хугацааг сэргээгүй, яагаад хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоогүй гэж үзсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.
...бид 2-т ээ үнэнээ хэлээд гуйсан байхад бас дээрээс нь нэрмээс болоод яах вэ гэж бодоод ээг шүүхэд өгөхөө болиод буцсан. Шоронгоос гарч ирээд өөрөө холбогдох байх гэж бодсон.
Шоронгоос гарч ирснийх нь дараа 2022 оны намар, 2023 оны намар тус тус уулзсан. ...Та хоёр 3 сар, 6 сар, энэ жил л хараад хүлээгээд өгөөч, би зохицуулна, яг болох гээд байна гэдэг байсан. Би энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө цагдаа, шүүхийн байгууллагад хандаагүй нь хариуцагч нарын “мөнгөө удахгүй өгнө, удахгүй болгоно, хэрэг төвөгт орооцолдоод яваад байна энэ асуудлыг дуустал хүлээгээд өгөөч, чиний мөнгийг яаж ийж байгаад болгоно” гэх байдлаар хугацаагаа хойшлуулж өгөхийг надад хэлж, би хүлээн зөвшөөрөх байдлаар итгэж харж, хүлээсэн.
Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.2-т зааснаар “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг түр хойшлуулах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл зээлдэгч мөнгө зээлснээс хойш зээлсэн мөнгөө төлнө гэж хэлж амлаж байсан нь хөөн хэлэлцэх хугацааг хойшлуулах үндэслэл болсон юм.
Гэтэл энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүйд, энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Би болон гэрч Эрдэнэбат *******эс мөнгөө байнга нэхэж байсныг нотолж мэдүүлэг тайлбар гаргасан байдаг.
Мөн түүнчлэн хэрэгт хариуцагч талаас гаргаж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.24-ний өдрийн 135/ШШ2024/01124 дугаартай шийдвэр дээрх миний нэхэмжлэлийн үндэслэл өөр байгаа, учир нь мөн л ийн “ын зээлсэн мөнгийг би төлнө” гэх үгэнд итгэж, мөнгөө аас биш ээс бүхэлд нь нэхээд яваад байсан байдаг.
Хариуцагч нарын тайлбар, гуйлтын дагуу би хугацааг нь хойшлуулж шүүхэд хандаагүй хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ. / х.х-141-142/
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 64,875,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х-1, 39/
Хэргээс үзэхэд:
8. Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч *******тэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 25,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авч, хүүг сар бүр төлөхөөр, зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх үүрэг хүлээж, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байна.
Мөн зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, тоот 50.5 м2 талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. /х.х-1, 5-10/
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрээ зэргээс харахад талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хуульд нийцсэн байна.
9. Хариуцагч нарын зүгээс татгалзлын үндэслэлээ “...миний хувьд 2017 оны 04 сарын 26-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн хүүг төлж байсан. Ингээд газар тариалангийн ажил эрхэлж байсан боловч Ковид гарснаас болж бүрэн дампуурсан. Зээлийг эргэн төлнө гэж бодож байсан боловч санхүүгийн ямар ч боломжгүй болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тодорхойлж,
нэхэмжлэгчийн зүгээс “хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хэрэв дууссан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэнэ” гэж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүхийн зүгээс “...хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөлд байдал тогтоогдоогүй, хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
10. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 25-ны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй.
11. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нараас мөнгөө нэхэмжлэхийн тулд хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2020 оны 3 сарын 3-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахаар өргөдлөө өмгөөлөгчөөр бичүүлсэн боловч хариуцагч нь шоронд явсан гэж сонсоод өргөдлөө өгөөгүй гэж мэтгэлцсэнийг хариуцагч нар нотлох баримтаар няцааж чадаагүй бөгөөд хариуцагч ******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 4-ний өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 сарын 9-ний өдрийн 317 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр суллагдсан болох нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 37/6/6258 тоот албан бичгээр нотлогдож байна. /х.х-11, 58, 126/
Мөн гэрч “...гэрт нь очиж мөнгөө асууж байсан, тухай бүрт удахгүй өгнө, миний хүүхэд Америкт байгаа, одоо зээлүүдээс ганцхан чиний л зээл үлдсэн, удахгүй болгоно гэдэг байсан. Шоронгоос гарч ирэхэд нь уулзахад чамд их баярласан, одоо ердөө чиний зээл үлдсэн, удахгүй өгнө л гэж хэлж байсан, ...2024 оны 4 сарын 10, 5 сарын 11, 16-ны өдөр хариуцагч ******* рүү утсаар ярихад чиний мөнгийг удахгүй өгнө, яаж ийгээд болгоно гэж ярьж байгаад утас нь тасраад сүлжээ унаад байна гэх мессеж ирсэн. Би дахин залгаад цаад хугацаагаа хэл, цаг хугацаа чинь болохоо болилоо, одоо болохгүй бол цагдаа, шүүхэд хандъя гэхэд э “тэг ээ, тэг” гээд утсаа тасалсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгснийг хариуцагч нар үгүйсгэж, няцаагаагүй байна. /х.х-65-66/
Харин “газар тариалангийн ажил эрхэлж байтал төрөл бүрийн саад бэрхшээл учирч байсан бөгөөд үүний нэг хүчин зүйл нь ковид гарч, давагдашгүй хүчин зүйлээс болж манай үйл ажиллагаа зогсож бүрэн дампуурсан. Зээлийг эргэн төлнө гэж бодож байсан боловч санхүүгийн хувьд ямар ч боломжгүй болсон” гэх тайлбар гаргажээ. /х.х-39/
12. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.” гэж хуульчилсан боловч энэ хугацаанд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусна.
Харин нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан бөгөөд хариуцагч нь хуулийн дагуу эрх чөлөөгөө хязгаарлуулсан, зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 79 дүгээр 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тодорхой хугацаанд тасалдсан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.
Иймд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
13. Хариуцагч ******* нь зээлийг хүүгийн хамт төлөх, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх ба гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг тус тус хүлээсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Гэвч хариуцагч нар нь санхүүгийн эрсдэлд орж, зээлээ төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй гэж хохиролд 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч энэ талаар шүүхэд нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 15,625,000 төгрөг, хохирол 18,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг тодорхой хэмжээгээр төлж байсан гэж тайлбарладаг боловч энэ тайлбараа нотлоогүй байх ба нэхэмжлэгч нь зээлийн хүүд 1 сарын хүү гэж 1,250,000 төгрөг авсан, өөр мөнгө авч байгаагүй гэснийг хариуцагч нар үгүйсгээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 6,250,000 /1,250,000х5=6,250,000/ төгрөг, нийт 31,250,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,625,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн зохигчдын хооронд барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх эсэх талаар маргаагүй тул Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, тоот 50.5 м2 талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 307/ШШ2025/00251 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 64,875,000 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг
“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 31,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,625,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, тоот 50.5 м2 талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.”гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 314,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.” гэсэн заалт нэмж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552,525 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Я.ТУУЛ