Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И. Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Б.Гүнсэл,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр, Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Ч-н Б-т холбогдох эрүүгийн 1910008740425 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, тоотод оршин суух, урьд  Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1, 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ч-н Б-т

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2-105 тоотод иргэн Д.Б хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хадам дүү Атэй хамт архи уусан.  Ингээд дахин архи авахаар гарч яваад Ж ахтай таарсан. Ж ахад архи авах гэж яваа талаараа хэлэхэд манай энэ дүүд мөнгөө өгчих дэлгүүрийнх хүнийг таньдаг болохоор аваад ирнэ гэж хэлсэн. Ингээд би Бт 25.000 төгрөг өгч, тэр 2 шил архи аваад ирсэн. Нэг шил архиа тэд нартай хувааж уусан ба үлдсэн нэг шил архиа аваад Ж, Б бид гурав Аийнд орсон. Тэр архинаас тал дунд нь ортол ууж байтал миний толгой эргээд дүү Э гудас дэвсүүлээд газар хэвтсэн. Гэтэл нэг мэдэхэд цагдаа дээр сэрсэн. Гэтэл А “чи хүн хутгалчихсан шүү дээ” гээд миний хажууд сууж байсан...” гэв.

Эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 36-37-р тал/,

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Ж ах бид хоёр хоёулаа гал тогооны ширээний хоёр талын сандал дээр сууж байхад Б босч ирээд гал тогооны өрөөний шүүгээнээс хутга аваад ямар нэгэн шалтгаангүйгээр Ж ахын гуя хэсэг нь нэг удаа хутгалчихсан. Тэгээд над руу дөхөөд ирэхээр нь сандал дээрээс босоод “яагаад байгаа юм бэ” гэж хэлээд цээж хэсэг рүү нь цаашаа түлхээд эргэж хараад гарах гэтэл миний өгзөг хэсэгт хутгалчих шиг болсон. Тэгээд би гэртээ ороод суутал өгзөгнөөс цус гараад байхаар нь түргэн дуудсан юм...” гэжээ. /хх-н 21-р тал/

Гэрч Г.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бтэй хамт гал тогооны өрөөнд сууж байтал Б орж ирээд шүүгээнээс шар өнгийн бариултай хутга аваад миний зүүн хөлийн гуяны гадна хэсэгт нэг удаа хутгалчихсан. Тэгээд Б рүү очсон ба Б гэрээс нь гарах гээд эргээд харах үед нь бөгсөнд нь хутгалчихсан юм...” гэжээ. /хх-н 25-р тал

Гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гал тогоонд ороод иртэл Ж ахын зүүн хөлнөөс нь цус урсаж байхаар нь яачихсан юм гэж асуутал “Б шаачихлаа” гэж хэлсэн ба би Жы хөлийх нь цусыг боож өгсөн юм. Тэгээд Ж, Б хоёр Бийн гэр рүү явсан. Тэгээд би Быг унтуулчихаад Бийн гэр ойрхон болохоор яваад очтол Б өмдөө тайлчихсан өгзөг хэсгээс нь цус гарчихсан “Б намайг хутгалчихсан байна” гэж хэлсэн. Миний бодлоор Б манай гэрийн гал тогооны шүүгээний шургуулганд байсан шаргал өнгийн иштэй төмс арилгадаг хутгаар хутгалсан байх. Учир нь шургуулганд байсан хутга шүүгээний доор цустай болчихсон байсан юм. Б хутгалчихаад хутгаа нуусан юм шиг байгаа юм...” гэжээ. /хх-н 30-р тал/

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай хүү өгзөг хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд хүүгээсээ юу болсон талаар асуухад Б гэдэг хүнтэй танилцаад хамт архи уугаад дүүгийнх нь гэрт орж байж байгаад хутгалуулчихлаа гэсэн...” гэжээ. /хх-н 33-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 4251 тоот дүгнэлтэнд: “...Д.Бийн биед зүүн өгзөгний хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-н 41-р тал/

Шүүгдэгч Ч.Бын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/,  ял шалгах хуудас / хх-63/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2-105 тоотод иргэн Д.Б хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэснийн хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон 4251 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд 91.200 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ч.Б төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнээс 91.200 төгрөг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ч-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч Б 300 / гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Баас 91.200. /ерэн нэгэн мянган хоёр зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Д.Бт олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

7. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ