Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Б.Гүнсэл,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ц овогт Д-н С-т холбогдох эрүүгийн 1910012240454 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ханбогд хорооллын барилга дээр мужаан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Д-н С-

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.С нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ханбогд хорооллын барилга дээр иргэн Л.Атай маргалдаж, улмаар эрүүн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... гэв.

         Хохирогч Л.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...С мужааны ажлаа хийж байгаад над руу шал цөмөрлөө гэх шалтгаанаар алх бариад босож ирэхээр нь би намайг цохих гэж байна гэж ойлгоод өөдөөс нь мод барьж зогсоод түүний гар руу цохисон юм тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж зодолдоогүй салсан бөгөөд ажлаа хийж байгаад эргээд хартал С тохойгоороо миний эрүүний баруун тал руу 1 удаа цохисон ба бид хоёр тухайн үед харилцан зодолдоогүй хоорондоо салсан...Дараа нь өвчин нь намдахгүй өвдөөд байхаар нь ГССҮТ-д очиж үзүүлэхэд эрүү хугарсан байна гэж хэлсэн...” гэжээ. / хх-ийн 7-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 5854 тоот дүгнэлтэнд: “...Л.Аы биед доод эрүү ясны оочны зүүн хэсэг, баруун их бие хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /xx-26-р тал/

Шүүгдэгч Д.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би А руу дөхөөд очтол миний толгой руу модоор цохихоор нь би зүүн гараараа хаатал миний гарын бугуйн хэсэг рүү цохиод хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд байж байгаад зүүн гараараа Аы баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон ба хоорондоо үүнээс өөр маргалдаж зодолдсон зйүл байхгүй...” гэжээ. /хх-25-р тал/

Шүүгдэгч Д.Сын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, ял шалгах хуудас / хх-31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-29/,  ХХК-ний тодорхойлолт /хх-30/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ханбогд хорооллын барилга дээр иргэн Л.Атай маргалдаж, улмаар эрүүн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 5854 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ст холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.

Хохирогч Л.А нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ц овогт Д-н С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н Сыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.С нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.

4.Шүүгдэгч Д.Ст оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ст урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ