Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 01114

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01154/И 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум ****** дүгээр баг, Сансарын ****** тоотод оршин суух Маргад овогт Магадсамбуугийн Оюунтунгалаг, /РД: ТК84052900/-ын хүсэлттэй

“Ш.Зоригтбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа :

“Миний бие 2011 онд талийгаач нөхөр И.Зоригтбаатартай хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр том охин З.Амгаланзаяа, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бага охин З.Цэлмүүнсэтгэмж нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтийн баталгаа байхгүй. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нөхөр маань зуурдаар нас барсан учир талийгаач нөхрийн төрсөн ах, дүү одоо Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар хэсгийн ****** тоотод оршин суудаг Амгаланбаатар, Отгончимэг нар бидний хамтын амьдралыг болон 2012 оны 02 дугаар сарын 20-ны төрсөн охин Амгаланзаяа 2013 онд төрсөн охин Цэлмүүнсэтгэмж нарын төрсөн эцэг И.Зоригтбаатар мөн гэдгийг сэргээн тогтоож өгнө үү”  гэв.

                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ТК84052900 регистрийн дугаар бүхий М.Оюунтунгалаг нь Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нас барсан И.Зоригтбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч М.Оюунтунгалаг  нь И.Зоригтбаатартай  2011 оноос 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хамтран амьдарч байгаад 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Амгаланзаяа, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Цэлмүүнсэтгэмж нарыг төрүүлсэн болох 0000919145 тоот төрсний гэрчилгээ, 0000181125 тоот төрсний гэрчилгээ, 15 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ****** тоот нас барсны гэрчилгээ, гэрч И.Амгаланбаатар, И.Отгончимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Тэд Иргэний гэр бүлийн  байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлээгүйгээр хамтран амьдарч байсан бөгөөд И.Зоригтбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нас барсан байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т заасныг баримтлан ТК84052900 регистрийн дугаар бүхий Маргад овогт Магадсамбуугийн Оюунтунгалагийг Боржигин овогт Ишжамцийн Зоригтбаатартай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57  дугаар зүйлийн 57.1-д  зааснаар хүсэлтийн гаргагчийн төрийн банк 190000941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсгүй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА