Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00785

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/01527 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч *******тай 2022 оны 06 сард харилцан тохиролцож түүнээс 6,600,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг худалдан авсан. Барилгын материал худалдан авсан төлбөрийг төлөөгүй байсан тул нэхэмжлэгч ******* нь эхнэр *******ын зөвшөөрлийн үндсэн дээр түүний өмчлөлийн 2006 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгийн ******* улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг 13,200,000 төгрөгөөр тооцож, хариуцагч *******д худалдахаар болж, үүнээс төлөгдөөгүй байсан барилгын материалын төлбөр болох 6,600,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 7,000,000 төгрөг дээр 2022 оны 11 сарын 11-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-г бичгээр байгуулсан.

1.2. Тодруулбал, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг худалдах анхны үнэ 13,200,000 төгрөг байсан боловч хариуцагч *******гийн зөвшөөрлөөр өмнөх барилгын материалыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийг хасаж тооцоод уг гэрээг дуусгавар болгоод, харин үлдэгдэл 7,000,000 төгрөгт тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээг байгуулахаар талууд харилцан тохиролцсон.

1.3. Гэрээ байгуулсан өдрөө тээврийн хэрэгслийг *******гийн нэр дээр шилжүүлсэн боловч ******* нь өнөөдрийг хүртэл 7,000,000 төгрөгөө төлөөгүй байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т заасныг зөрчиж байх тул хариуцагчаас 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* нь 2022 оны 06 сард иргэн *******ид 6,600,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдсан нь үнэн. Нэхэмжлэгч ******* тухайн үед мөнгөө шилжүүлнэ гээд шилжүүлээгүй 2022 оны 11 cap хүргэсэн.

2.2. Төлбөрөө төлөхгүй байсан тул цаашдаа бүр алга болчхож магадгүй гэж бодоод машиныг нь авъя гэдгээ хэлсэн. Түүнээс 5 хоногийн дараа ******* нь тээврийн хэрэгслийг *******д үзүүлсэн ба уг тээврийн хэрэгсэл нь өгсөн мөнгөнд нь дүйцэхээргүй хэмжээний 2006 оны хуучин, эвдэрхий, өнгө зүс муутай, асалт муутай автомашин байсан.

2.3. Талууд тохиролцоод 7,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг өгөхөөр гэрээгээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, бараа материалын үнэ 6,600,000 төгрөг, 11 cap хүртэлх хүү, хохирлын мөнгө нийт 7,000,000 төгрөгөөр тооцон автомашиныг үнэлж, 2022 оны 11 сарын 11-ний өдөр гэрээ байгуулан хариуцагч нэр дээрээ шилжүүлж авсан.

2.4. Тээврийн хэрэгслийн үнийг 13,000,000 төгрөг гэж тохирсон зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгслийн үнэ бодит байдал дээр 7,000,000 төгрөгөөр үнэлэгдэхээргүй байсан ба цааш нь 4,700,000 төгрөгөөр хариуцагч нь худалдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 7,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 126,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь уг тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах болон бусад үүргийг талууд хамгийн сүүлд тохиролцон хүлээсэн байдаг.

4.2. Түүнээс гадна шүүх талуудын хоорондын маргаан бүхий эд хөрөнгийг хүлээн авах үед байсан гэрч *******ын мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэхгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан зохицуулалтад нийцэхгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/01527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн мөн тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах болон бусад үүргийг хамгийн сүүлд тохиролцсон гэж маргадаг. Нэхэмжлэгч вакум цонх үйлдвэрлэл, угсралтын компанитай бөгөөд 2022 оны 06 сард *******тай тохиролцож, барилгын бараа материалыг зээлээр худалдаж авсан.

5.2. Тус төлбөрийг буцаан төлөх хугацаатай тул өөрийн тээврийн хэрэгслийг төлбөрт тооцуулан үлдэгдэл 7,000,000 төгрөгт худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар *******тай харилцан тохиролцсон байдаг. Энэ тухай үзлэгийн тэмдэглэлээр нотлогдох ба ... үнэ хэд вэ гэхэд 13,500,000 төгрөг, зөрүүг нь хэрхэн тохиролцох вэ гэхэд 13,200,000 төгрөгт тооцоод зөрүүг нь хасахаар 6,600,000 төгрөг болж байна ... гэхэд ******* таалагдсан гэх тэмдэг дарсан.

5.3. Барилгын бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг хасаж тооцоход үлдэгдэл 7,000,000 төгрөгт худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр сүүлд худалдан авахаар тохиролцсон гэж үзэж байгаа нь *******г барилгын материалыг худалдсан төлбөртөө тооцуулан тээврийн хэрэгсэл авсан гэж үзэх үндэслэлгүй.

5.4. Мөн давж заалдах гомдолд гэрч *******ын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлээгүй тухайд маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. гэж заасан.

Гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгслийн хувьд нотлогдвол зохих үйл баримтыг тухай харсан этгээдийн мэдүүлэгт тулгуурласан байх, уг маргаантай үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байх, мөн тодорхой эх сурвалжид үндэслэсэн байх, ашиг сонирхлын зөрчилгүй этгээд мөн эсэхийг шүүхээс харгалзан үзэж, дүгнэлт өгөх зарчимтай.

5.5. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан барилгын материал худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэх үед гэрч хажууд нь байлцаагүй бөгөөд эхнэрээсээ сонссон зүйлийнхээ хүрээнд гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн тээврийн хэрэгслийг хоорондоо хүлээлцэх үед хажууд нь байсан учир *******ын гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

5.6. Түүнчлэн гэрч ******* нь *******гийн нөхөр тул ашиг сонирхлын зөрчилгүй этгээд гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад зөрүүтэй байдал үүссэн бөгөөд ******* нь тээврийн хэрэгслийг худалдаж авсны дараа 8,000,000 төгрөгөөр хүнд шилжүүлсэн гэж ярьж байгаа боловч 4,700,000 төгрөгөөр худалдаж авсан болох нь тогтоогддог. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь ... 6,600,000 төгрөгийн бараа материалын үнэд тооцож 7,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг авсан ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* нь *******тай 2022 оны 11 сарын 11-ний өдөр 2064 дугаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* улсын дугаартай, Хюндай портер /Hyundai porter/ маркийн тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ******* улсын дугаартай, Хюндай портер /Hyundai porter/ маркийн тээврийн хэрэгслийг *******гийн өмчлөлд шилжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

5.1. Нэхэмжлэгч ... *******гаас худалдан авсан 6,600,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг үнийг төлөөгүй тул өөрийн эхнэр *******ын зөвшөөрлийн үндсэн дээр түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийг 13,200,000 төгрөгөөр тооцож, *******д худалдаж, барилгын материалын төлбөр 6,600,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 7,000,000 төгрөг дээр 2022 оны 11 сарын 11-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-г бичгээр байгуулсан тул тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

5.2. Анхан шатны шүүх үзлэг хийсэн тэмдэглэлд ... *******: 13.5 гсн 2008 2018 онтой. *******: авяаа авий, хөдлөөд явдаг юм бгаа биздээ наадах чинь..., *******: Асуудалгүй юм бнлээ асаагаад явж үзсэн. *******: Таалагдсан /тэмдэг/, ... *******: Өнөөдөр төв аймаг орчоод 1 дэх өдөр ирнэ гэнэ тэгээд намайг авбал өгье гэнэ чи бодож үзээд хариугаа хэлчихүү, *******: Юуг нь бодох вэ дээ авъя л гэж бнашдээ, *******: Чам руу би өөрлүүгээ би чам руу шилжүүлье зөрүүг нь хоёулаа яаж тохирох вэ..., ...13.2д бодъё гэнэ 13.2-6.6=6.6, *******: Таалагдсан /тэмдэг/... гэснээс үзвэл тээврийн хэрэгслийг шилжүүлснээр үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж, тээврийн хэрэгслийн үнийг 13,200,000 төгрөгөөр тохиролцсон гэж дурдсаныг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Тодруулбал, талуудын харилцсан цахим зурвасыг үндэслэн гэрээний үнийг 13,200,000 төгрөгөөр тогтоосон гэж эргэлзээгүй үнэлэх боломжгүй ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийг талууд хожим тохиролцож өөрчлөх эрхтэй.

 

5.3. Дээрх тэмдэглэлд дурдсанаар зохигч талууд анх тээврийн хэрэгслийг чанар, шинж байдлыг хараагүй байхдаа гэрээний үнийг 13,200,000 төгрөгөөр тохиролцох талаар ярилцаж байсан боловч цаг хугацааны хувьд хожим тээврийн хэрэгслийг шилжүүлэн авахдаа талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д тээврийн хэрэгслийн үнийг өөрчлөн 7,000,000 төгрөгөөр тогтоохоор тохиролцсон байна.

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан журмаар тайлбарлахад гэрээний үнийг 7,000,000 төгрөг гэж үзнэ.

 

5.4. Нэхэмжлэгч нь хариуцагчид барилгын материалын үнэ 6,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгөөс барилгын материалын үнэ 6,600,000 төгрөг хасаж тооцоход хариуцагч ******* нь *******ид тээврийн хэрэгслийн үнэд 400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд, хариуцагч *******гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх дэх хэсэгт нийцнэ.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/01527 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 126,950 ... гэснийг ... 12,650 ...гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР