Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 01169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01156/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ****** баг Ургамал Газар Тариалангийн хүрээлэнгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******-р багийн Цайдамын ****** -р гудамж, ***** тоотод оршин суух, регистрийн дугаар: ТК63040104, Бэсүд овогт Жасрайжавын Цэндэд холбогдох

“1 875 000 төгрөг гаргуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг, хариуцагч Ж.Цэнд, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Ганбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэнд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай байгууллага болох Ургамал газар тариалангийн хүрээлэн нь иргэн Жасрайжавын Цэндтэй байгуулсан №****** тоот төмс хүнсний ногоо нийлүүлэх гэрээгээр зээлийн гэрээг бичгээр хийж, төмсний үрийн нийт төлбөр болох 1 250 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөх байсан боловч төлөөгүй. Үндсэн төлбөр болох 1250 000 төгрөг, алданги 625 000 төгрөг нийт 1 875 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Ж.Цэнд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би гэрээ хийж төмсний үр авсан нь үнэн. Тэр жил төмс ургаагүй. 61 шуудай төмс авсан. Ялгахад 31 шуудай болсон. Тэгээд зээлээр зарсан. Гэрээ хийснээс хойш 2 жил болж байна. Ноднин рапс тарьсан боловч ургац алдсан. Үндсэн зээлийн төлбөр 1250 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Алдангийн хэмжээг бууруулж өгөөч” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ургамал газар тариалангийн хүрээлэн нь хариуцагч Ж.Цэндэд холбогдуулан үндсэн төлбөр 1250 000 төгрөг, алданги 625 000 төгрөг нийт 1875 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, хариуцагч Ж.Цэнд нар нь 2014 оны 5 дугаар сарын 09ний өдөр 2,5 тн импала төмсийг, 1 тн тутмыг нь 500 000 төгрөгөөр тооцож нийт 1250 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр, хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр Төмс, хүнсний ногоо, хөрсний шинжилгээ нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ургамал газар тариалангийн хүрээлэн тухайн үед Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн нэртэй байсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. / хх-ийн 5/

 

Хариуцагч гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байх бөгөөд үндсэн төлбөр 1250 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангийн хэмжээг бууруулж өгөөч гэж хүсэлт гаргаж байгаа боловч энэ талаар холбогдох баримтыг ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны цаг туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу хариуцагч Ж.Цэндээс үндсэн төлбөр 1250 000 төгрөг, алданги 625000 төгрөг нийт 1875 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ж.Цэндээс 1875 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ургамал газар тариалангийн хүрээлэнд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 49550 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА