Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00787

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01695 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 2003 оны 04 сарын 25-ны өдөр *******д шилжүүлсэн “*******” ХК-ийн 80,935 ширхэг хувьцаа, 2003 оны 04 сарын 08-ны өдөр шилжүүлсэн “*******” ХК-ийн 161,868 ширхэг хувьцаа, нийт “*******” ХК-ийн 242,803 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч *******д 2003 оны 04 сарын 08-ны өдөр ******* нь “*******” ХК-ийн 161,868 ширхэг, 2003 оны 04 сарын 25-ны өдөр ******* нь “*******” ХК-ийн 80,935 ширхэг хувьцаа, нийт 242,803 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу буюу бэлэг болгон үнэ төлбөргүй шилжүүлсэн байдаг.

1.2. Гэтэл бидний охин болох ******* нь 2023 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн “*******” ХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн төрсөн дүү болох *******ттэй “*******” ХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэж, улмаар түүнийг шантайчилсан үйлдэл гаргасан. Мөн өөрийн төрсөн эцэг, эх болох ******* болон ******* нартай мөн адил “*******” ХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэсэн бөгөөд сэтгэл санааны хувьд дарамтад оруулж, ноцтой гомдоох үйлдлийг удаа дараа гаргасаар ирсэн.

1.3. ******* нь насанд хүрсэн хүний хувьд төлөвшөөгүй бөгөөд өөрийн төрсөн хүүхдүүдийн сургалтын төлбөр, мөн өөрийн хэрэгцээнд хэрэглэх мөнгө зэргийг удаа дараа эцэг, эхээсээ нэхэж дарамт учруулж, сэтгэл санааны хувьд байнгын тогтворгүй байдалд оруулдаг. Бид төрсөн эцэг, эхийн хувьд ач, зээ нарынхаа сургалтын төлбөр болон нэхсэн мөнгийг нь өгдөг байсан хэдий ч үүнийгээ цэвэр бидний заавал биелүүлэх ёстой үүрэг мэтээр хэлж, мөнгө нэхэж, удаа дараа биднийг сэтгэл санааны хүнд байдалд оруулж, ноцтой гомдоосоор ирсэн ч бидний хувьд төрсөн охин минь болохоор өдийг хүртэл тэвчсээр ирсэн.

1.4. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” гэж заасан бөгөөд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

1.5. Иймд *******гийн хувьд дээр дурдсанчлан гэр бүлээ дарамталж байнга мөнгө нэхэх, хувьцаатай холбоотой маргаан үүсгэж биднийг удаа дараа ноцтой гомдоосон үйлдэл хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн ******* ХК-ийн 161,868 ширхэг хувьцаа, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу буюу бэлэг болгож үнэ төлбөргүй шилжүүлсэн ******* ХК- ийн 80,935 ширхэг хувьцааг нийт 242,803 ширхэг хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. *******г Монголд байхгүй байх үед нь түүний төрсөн дүү болох *******т хувьцааг нь шилжүүлж авсан байсан тул маргаан үүсгэсэн. Хариуцагч нь 2000 оноос хойш гадаадад амьдарч байгаад 2023 оны 08 сард Монголд ирээд Хаан банкнаас зээл авахаар орлогын эх үүсвэрээ нотлохоор лавлагаа авахад огт хувьцаа эзэмшдэггүй гэсэн лавлагаа гарч ирсэн. Үүнийг тодруулахад 2018 оны 02 сарын 08-ны өдрийн итгэмжлэл, эвлэрлийн гэрээг үндэслээд *******т гэдэг хүнд түүний хувьцаа нь шилжсэн байдаг. Тухайн үед хариуцагч нь Монголд улсад байгаагүй тул хувьцаа шилжсэн талаар огт мэдээгүй.

2.2. Хариуцагч нь энэ асуудлаар хуульчаас зөвлөгөө аваад итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар Нотариатын сахилгын зөвлөлд хандаад гомдол гаргасан бөгөөд үүнийг хянан тогтоол гарсан.

2.3. Тус тогтоолд итгэмжлэл гэрчлэхдээ нотариатчийг хууль зөрчсөн гэсэн боловч сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэсэн тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгосон. Тиймээс хувьцааны бүртгэлийг шинэчлэхээр холбогдох байгууллагад нь хандсан.

2.4. Энэ үйлдэл нь хариуцагчийн хууль ёсны эрхээ хамгаалахаар хийсэн үйлдэл бөгөөд энэ үйлдлээрээ бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон, шантайчилсан үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч нарт холбогдуулсан ямар нэгэн маргаан байгаагүй. Компанид хандаж хууль ёсны хүсэлтээ тавьж байсан нь нэхэмжлэгч нарыг гомдоох үйлдэл болохгүй.

2.5. Мөн хариуцагч нь 2023 оноос хойш *******ттэй холбоо тогтоож, өмгөөлөгчтэй нь ярилцаад эвийн журмаар шийдвэрлэхээр ярилцаж байсан. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч *******д холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, түүнд шилжүүлсэн нийт 242 803 ширхэг, 16 049 278 300 төгрөгийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 544 742 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй бөгөөд маргааны гол үйл баримтуудад огт дүгнэлт өгөөгүй, мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон нотлох баримт, түүний үндэслэлүүдийг хэрхэн дүгнэсэн нь тодорхой бус байгаагаас үүдэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.2. Тухайлбал, Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.6-д “Нэхэмжлэгч нарын бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон гэх үйлдэл нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн талуудын эвлэрлийг баталгаажуулсан захирамжид гомдол гаргаж хүчингүй болсонтой холбоотой гэсэн боловч уг үйл баримт нь талуудын тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаартай захирамжид дурдсанаар *******т болон ******* нарын хоорондох маргаантай холбоотой, хэдийгээр бэлэглэлийн гэрээ нь нэг талын хэлцэл боловч нэхэмжлэгч нарын тайлбарт дурдсан үндэслэлээр бэлэглэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв” гэх дүгнэлтийг хийсэн.

4.3. Дээр дурдсанаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2018 онд *******гийн нэр дээрх хувьцааг *******тэд шилжүүлэх, хариуд нь төлбөр төлөх тохиролцоог хийсэн. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нараас тохирсон төлбөрийг *******д шилжүүлсэн /XX-73,74,75 дугаар тал/. Гэтэл энэхүү тохиролцоог зөрчиж ийм тохиролцоо огт байгаагүй мэтээр шүүх, хууль хяналтын байгууллагад тайлбарлах замаар маргааны зүйл болох хувьцаагаа буцаан авсан боловч тухайн тохиролцооны дагуу шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч нарт буцаан төлөөгүй үйл баримтын талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн *******т болон *******гийн хоорондын маргаантай холбоотой гэж үзсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

4.4. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэр бүлээрээ тохиролцсон тохиролцоог зөрчиж шилжүүлсэн хувьцаагаа буцаан авсан, тухайн хувьцааны төлбөрт авсан төлбөрийг эргүүлэн төлөхгүй байгаа зэрэг үйлдлүүдэд нэхэмжлэгч нарын хувьд гомдсон асуудал дээр огт дүгнэлт хийгээгүй.

4.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.7-д “Мөн нэхэмжлэгч нар нь хариуцагчийг мөнгө нэхэж дарамталж, гомдоосон гэсэн боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан *******нөхөрлөлөөс “*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *******т 2024 оны 11 сарын 14-ний өдөр М-24/247 албан тоот мэдээлэл хүсэх тухай, 2024 оны 09 сарын 30-ны өдрийн М-24/190 тоот мэдээлэл хүсэх тухай, 2024 оны 08 сарын 20-ны өдрийн М-24/167 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас “*******” ХК-ийн гүйцэтгэх захирал *******т 2024 оны 09 сарын 30-ны өдөр ногдол ашиг шаардсан тухай албан бичгүүдийг хүргүүлж байсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь компанид холбогдуулсан, мөн хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлсэн гэж тайлбарласан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв” гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд шийдвэрийн дүгнэлт хэсгээс харвал “*******” ХК-ийн энэхүү хувьцаатай холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгч нар болон компанид хандсан шаардлагууд нь бэлэглэлийн зүйлтэй хамааралгүй мэтээр буюу зөвхөн компанид хандсан учир бэлэглэгчийг гомдоосон үйлдэлд тооцогдохгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь “*******” ХК-ийн хувьцааг нэгдмэл сонирхолтой этгээдүүд буюу нэг гэр бүл эзэмшдэг.

4.6. Тухайн гэр бүлийн нэг гишүүн болох ******* нь гүйцэтгэх удирдлагын албан үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хувьд компанийн жил бүрийн ногдол ашгийг ******* авч захиран зарцуулдаг. Ийнхүү захиран зарцуулахдаа “*******” ХК-ийн хувьцааг нээлттэй арилжаанаас худалдан авч өөрсдийн хөрөнгийг арвижуулах болон гэр бүлийн хэрэгцээнд тэр тусмаа эцэг эхийн хувиар хариуцагчийг тэжээн тэтгэх, сурч боловсрох зэрэгт зарцуулж ирсэн.

4.7. Энэхүү үйл баримтыг ******* нь мэддэг атлаа ийнхүү мэдэн будилж компаниас ногдол ашиг шаардаж байгаа мэтээр өмгөөлөгчөөр дамжуулан захидал бичих, мөн өмгөөлөгчөөр дамжуулан тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хийгээгүй тохиолдолд төрсөн дүүгээ гадаад улсын хууль хяналтын байгууллагуудад татвар нуун дарагдуулсан асуудлаар хандана гэх мэтээр сүрдүүлдэг байсан. Үүнийгээ зогсоосныхоо төлөө эцэг эхээсээ 1,800,000,000 төгрөг, мөн өөрийн хүүхдүүдийн амьжиргааны зардалд жил бүр 50,000 ам.доллар өмгөөлөгчөөрөө дамжуулан шаардсан зэрэг хариуцагчийн үйлдэлд гомдсон талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон ч эдгээр үйл баримтуудыг зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр няцааж буй нь үйл баримтыг хэт явцууруулсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. /ХХ-ийн 86,87,88,89 дүгээр тал/

4.8. Хариуцагчийн хувьд өмнө нь хувьцаагаа төрсөн дүүдээ шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч тохиролцоод хувьцааны төлбөрт 400,000 ам.долларыг авч хувьцаагаа шилжүүлчхээд гэнэт л би мэдээгүй байсан гээд тохиролцоогоо зөрчиж дээр дурдсанаар бидэнд болон компанид удаа дараа шаардлага тавьж мөнгө нэхэж байсан нь нотлогдож байхад шүүх мөнгө нэхэж дарамталдаг байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

4.9. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* нь эцэг эхээ хүндэтгэдэггүй, холбоо харилцаагүй байдаг гэсэн боловч нэхэмжлэгч нар нь *******д 2003 онд хувьцаагаа шилжүүлэн өгсөн, мөн 2015 оны сүүлээр охин маань Монголд амьдрахгүй гээд явсан гэж тайлбарласан, шаардах эрх нь хэзээ үүссэн эсэх нь тодорхойгүй байна гэж үзэв. Учир нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-д бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж зааснаар хариуцагч ноцтой гомдоосон үйлдэл хийсэн боловч бэлэглэгч уучилснаас хойш, эсхүл бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг буцаахыг шаардах эрхтэй гэдгийг мэдсэнээс хойш энэ хугацааг тоолдог болно” гэж дүгнэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгээс харвал 2015 онд охин маань Монголд амьдрахгүй гээд явсан гэж тайлбарласан гээд шаардах эрх хэзээ үүссэн нь тодорхойгүй байна гэж үзсэн боловч талуудын хооронд 2018 онд охиндоо өгсөн хувьцааг хүү рүүгээ шилжүүлээд охиндоо хувьцааны төлбөр болон цаашид шаардлагатай тусламжуудыг үзүүлээд явж байя гэж гэр бүлийн гишүүд болох *******, *******, *******, *******т нар нь харилцан тохиролцож ******* хүлээн зөвшөөрөөд хувьцаагаа шилжүүлээд 2018 онд эвлэрлийн гэрээг байгуулсан гэвч энэхүү гэрээ нь халхавч хэлцэл байсан.

4.10. Учир нь нээлттэй хувьцаат компанийн хувьцааг зөвхөн хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах замаар шилжүүлэх ёстой. Гэвч ийнхүү шилжихэд хүсээгүй гуравдагч этгээд тухайн арилжаанд оролцох эрсдэлтэй бөгөөд арилжааны шимтгэл нь хувьцааны нэгж эрх худалдан авсан, худалдсан тал тус бүрээс 0.3 хувиар тооцдог бөгөөд арилжааны компаниудын дундаж шимтгэл нь 1-2 хувь байдаг учраас дээрх үргүй зардал болон эрсдэлээс зайлсхийхийн тулд энэхүү арга замыг сонгосон. Гэтэл энэхүү үйл баримтын талаар хариуцагч бүрэн дүүрэн мэдэж, хүлээн зөвшөөрч хийсэн хэлцлээ зөрчиж өмгөөлөгчөөр дамжуулан хууль хяналтын байгууллагад 2023 оны сүүлээс эхлээд миний хувьцааг буцааж өг гэж тохирсон тохиролцоогоо зөрчиж хувьцааны ногдол ашиг зэргээр мөнгө шаардаж биднийг ноцтойгоор гомдоосон үйлдлийг гаргаж эхэлсэн.

4.11. Улмаар 2024.5.14-ний өдрийн 11085 дугаар шүүгчийн захирамжаар 2018.02.20-ны өдрийн 02268 дугаар талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулсан байдаг. Ийнхүү хариуцагч нь хэрвээ надад 1,800,000,000 төгрөг өгөөд хүүхдүүдийн маань амьжиргааны зардалд жил бүр 50,000 ам.доллар өгөх юм бол хувьцаатай холбоотойгоор маргаан үүсгэхгүй гэж байсан ба энэ талаар шаардаж байснаа хариуцагч хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ мэтээр өөрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан албан тоотоор бидэнд шаардлагуудыг тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл ийнхүү ноцтой гомдоох үйлдэл 2023 оны сүүлээс эхэлсэн талаар шүүхэд мэдүүлсээр байтал анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын бидний охин 2015 оноос гадаад руу явсан гэх үгэнд тулгуурлаж хөөн хэлэлцэх хугацааны талаар ядмаг дүгнэлт хийсэн нь шүүхийг хараат бус, хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр шийдвэр гаргасан эсэхэд эргэлзэхүйц огт үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна/ХХ-ийн 41-49 дүгээр тал/.

4.12. Анхан шатны шүүх бэлэглэгчийг ноцтой гомдоогоогүй, хариуцагч нь нэхэмжлэгч нараас мөнгө нэхдэг байсан талаар нотлоогүй, хэзээ шаардах эрх нь үүссэн эсэх тодорхойгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШШ2025/01695 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хоёр асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харах ёстой. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон гэх үйл баримт байгаа эсэх, мөн энэ үйл баримт нь нэхэмжлэл гаргахаас нэг жилийн өмнө болсон эсэхийг шалгасан. Ноцтой гомдоосон үйл баримт нь юу байсан гэхээр хувьцааны асуудлаар маргаан үүсгэсэн гэх 2023 оны үйл баримтыг ярьдаг.

5.2. Гэтэл уг маргаан нь Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр буюу шүүгчийн захирамжаар 2018 оны хувьцааны шилжилт хууль бус байсан гэж хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан бөгөөд энэ шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаж, маргаагүй. 2024 онд гарсан 2018 оны захирамжийг хүчингүй болгосон шийдвэрт гомдсон бол тухайн үед энэ асуудлаар тусдаа гомдол гаргах ёстой. Түүнээс биш одоо яригдаж буй хувьцааны бэлэглэлийн асуудал хүчин төгөлдөр мөн биш, нэхэмжлэгчийг гомдоосон гэх зүйлийг ярих нь үндэслэлгүй.

5.3. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагчтай 3 жил уулзаагүй гэдгээ нотолдог бөгөөд энэ талаар маргадаггүй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Түүнчлэн биечлэн уулзаагүй хэр нь нэхэмжлэгчийг яаж ноцтой гомдоох вэ гэх асуудал яригдах ёстойг анхаарах хэрэгтэй. Хэргийн 95 дугаар хуудсанд авагдсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч ******* “нэхэмжлэл гаргаж буй гол асуудал нь хүүхдүүд хоорондоо таарамжгүй, нөхөрсөг биш байгаа байдлыг ямар нэгэн байдлаар арилгах зорилготой. Үүнийг арилгах гол агуулга нь тарсан байгаа хувьцааг буцааж төвлөрүүлээд хүүхдүүдийг эвтэй байлгах зорилгоор уг нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарладаг. Түүнээс ноцтой гомдоосон гэх асуудлыг ярьдаггүй.

5.4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбарласнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан гэдэг. Энэ асуудал давж заалдах гомдолд дурдагдаагүй бөгөөд энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэх гомдол гаргасан гэдгийг тодруулж хэлье.

5.5. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай байна гэдэг. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлийн аль хэсэг нь алдаатай байгаа, энэ алдаатай байгаа нь шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлж буй нь тодорхойгүй бөгөөд энэ асуудал мөн бичгээр гаргасан давж заалдах гомдолд дурдагдаагүй.

Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 2003 оны 04 сарын 25-ны өдөр *******д шилжүүлсэн “*******” ХК-ийн 80,935 ширхэг хувьцаа, 2003 оны 04 сарын 08-ны өдөр шилжүүлсэн “*******” ХК-ийн 161,868 ширхэг хувьцаа, нийт 242,803 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч нар нь “*******” ХК-ийн хувьцааг *******д бэлэглэсэн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэгт “*******” ХХК-ийн харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулгад “... үнэ төлбөргүй шилжүүлэх маягт”-аар шилжүүлсэн гэж тэмдэглэгдсэн байх боловч уг маягт хэрэгт баримтаар авагдаагүй бөгөөд мөн нэхэмжлэгч нараас *******д ямар хэлбэрээр шилжсэн эрх зүйн баримт бичиг байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

 

3.2. “*******” ХК-ийн хувьцаа нь хариуцагч *******д бодитой байгаа эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тодорхойгүй байх тул уг үйл баримтыг тодруулах шаардлагатай.

 

Шүүх маргааны зүйл болсон хувьцаа *******д бодитоор байгаа тохиолдолд эрх зүйн дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэх боломжтой.

3.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжийг мөн шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх захирамжаар “... *******гийн “*******” ХК-ийн эзэмшлийн 242,803 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн ...” үр дагавар үүсгэсэн ба “*******” ХК-ийн хувьцаатай холбоотой маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхой бус байна.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01695 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,544,742 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                                        С.ЭНХБАЯР