Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
Хэргийн индекс | 152/2016/00195/И |
Дугаар | 12 |
Огноо | 2016-10-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 12
О.Зонховжавын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 537 дугаар шийдвэртэй, Улаангом сумын 04 дүгээр багт оршин суух, Тугтан овогт Очирын Зонховжавын нэхэмжлэлтэй, хариуцагч Мөнгөн хээ ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Зонховжав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Байрны метр квадратын дутсан үнэ 3372000 төгрөг болон хэмжилт хийлгэсэн төлбөр 46860 төгрөг, нийт 3.418.860 төгрөг гаргуулах тухай.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.785.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамын 0,5 хувийн алданги 1.892.500 төгрөг, тагтны вакум шилэн хаалтны үнэ 1.000.000 төгрөг, нийт 6.677.500 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Улаангом сумын 3 дугаар багийн Галдан бошигтын 25 дугаар байранд 49.67 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан.Тус гэрээнд сууцны бус зориулалтай туслах талбай болох тагтыг 100% тооцсон ба тухайн үед барилгын хуульд тагтыг 0.3%-иар тооцож хасах байсан байна. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Оюу сувд дэлгэрэх” ХХК-иар худалдан авсан байрныхаа метр квадратын хэмжилтийг хийлгэхэд 46.86 м.кв буюу 2.81 м.кв дутсан. Мөнгөн хээ ХХК-ийн төлөөлөгч З.Оюундэлгэрт байрны урьдчилгаа болох 12.785.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгөх гэрээтэй байсан ба тухайн өдөр 9.000.000 төгрөгийг З.Оюундэлгэрийн данс руу шилжүүлсэн. Иймд миний худалдан авсан байрны дутаж байгаа метр квадратын үнэ /2.81х1.200.000/=3.372.000 төгрөг, хэмжилтийн төлбөр 46.860 төгрөг, нийт 3.418.860 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн агуулга: “О.Зонховжав нь нэг м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр худалдан авсан ба нийт 67.054.500 төгрөг болсон. Банкны зээл 70 хувь болох 46.938.150 төгрөг, урьдчилгаа 30 хувь нь 20.116.350 төгрөг болсноос тагтны 2,68 м.кв х 1.350.000 = 3.618.000 төгрөгийг 0,3 хувиар бууруулан 2.532.600 төгрөгийг хасч, 17.583.750 төгрөгийн урьдчилгаа төлөх байсан. Гэтэл урьдчилгаа төлбөрөөс 13.800.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 3.785.000 төгрөгийг төлөхгүй байх арга саам хэрэглэж байна. Иймээс төлөөгүй үлдсэн 3.785.000 төгрөг, зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутмын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 100 хоногийн 0,5 хувийн алданги 1.892.500 төгрөг, мөн тагтны ваакум хаалтны үнэ 1.000.000 төгрөг, нийт 6.677.500 төгрөгийг хариуцагч О.Зонховжаваас гаргуулахаар нэхэмжилж байна. “ гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: “О.Зонховжавын нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд манай компанийн зүгээс 2015 оны 7 дугаар сараас хойш орон нутгийн САМА, МБС телевизүүдээр зар сурталчилгаа явуулахдаа байрны бүх метр квадратын хэмжээний талаар үнэн зөв мэдээлсэн. О.Зонховжавын байрны талбай MNS 6058:2009 стандартын дагуу дутаагүй бөгөөд тухайн орон сууцны хэмжилт хийсэн “Оюу сувд дэлгэрэх” ХХК-ийн инженер М.Оюунцэцэг дүгнэлтээ баталгаажуулаагүй байна. Иймээс О.Зонховжав нь В хавсралтын дагуу 0,3 итгэлцүүрээр бууруулан тооцоо хийсэн метр квадратыг дутсан мэтээр нэхэмжилжээ.” гэжээ.
Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: “Би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь тагтны хаалтын үнэ 1.000.000 төгрөг нь тухайн байрны үнэд орсон гэж ойлгож байгаа. Нөгөө талаар, З.Оюундэлгэртэй зээлийн гэрээ байгуулсан боловч алданги төлөх талаар тохиролцоогүй. Мөн манай байрны метр квадрат дутсан тул зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 537 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2, 254.4-т тус тус зааснаар хариуцагч Мөнгөн хээ ХХК-иас 3.372.000 /гурван сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Зонховжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46.860 /дөчин зургаан мянга найман зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч О.Зонховжаваас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5.677.500 /таван сая зургаан зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хариуцагч Мөнгөн хээ ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тагтны ваакум шилэн хаалтны үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай..” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3.372.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн нь миний худалдаж авсан байрны дутуу м2 үнэ юм. Хариуцагч худалдах худалдан авах гэрээнд заасан хэмжээ бүхий доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул дутуу м2 үнийг би төлөх үүрэггүй. Харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар хариуцагч өөрөө төлөх ёстой. Нэгэнт тус мөнгийг төлөх үүрэггүй тул түүнээс үүдэн гарах алдангийг ч мөн төлөх үүрэггүй. Иймд шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “...орон сууцны барилгын талбай тооцох аргачлал МNS 6058:2009 стандартын дагуу сууцны бус зориулалттай туслах талбай болох тагтны талбай болох 2.68м2х1350000=3618000 төгрөгийг 0,3 хувийн итгэлцүүрээр бууруулан хасаж тооцон, тагтны үнийг 70 хувь болох 2532600 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн үнэ болох 67054500 төгрөгөөс хасаж, байрны үнийг 64521900 төгрөгөөр хийхээр О.Зонховжавтай тохирсон. Түүнчлэн шинжээч М.Оюунцэцэг нь Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын улсын байцаагчаар ажиллаж байхдаа улсын комиссын бүрэлдэхүүнд орж маргаан бүхий байрыг хүлээж авсан байдаг ба энэ энэ тухай анхан шатны шүүхэд тайлбар гаргахдаа хэлсэн. Тухайн үед тус орон сууцыг ямар нэг доголдолгүй стандартын дагуу баригдсан гэж М.Оюунцэцэг хүлээн авсан байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.3-т заасан хэрэгт шинжээчээр оролцож болохгүй этгээд бөгөөд М.Оюунцэцэгээр дүгнэлт гаргуулсныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын дунд үүссэн иргэний эрх зүйн маргааныг зөв тодорхойлж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ[1], мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ[2]г тус тус бичгээр байгуулсан талаар талууд маргаагүй ба харин нэхэмжлэгч О.Зонховжав нь давж заалдах гомдолдоо “...миний худалдаж авсан байр 2.81 м2 дутсан тул 3.372.000 төгрөгийг хариуцагч нь надад төлөх ёстой учир би зээлийн гэрээний үлдэгдэл 3785000 төгрөгийг хариуцагчид төлөх шаардлагагүй. Зээлийн гэрээний үлдэгдэл мөнгийг төлөхгүй учир түүний алдангийг ч мөн төлөх үндэслэлгүй.” гэж маргажээ.
Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 1114 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч З.Оюунгэрэл 17585000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 56 хоногийн хугацаанд хүүгүй зээлүүлэх, харин зээлдэгч О.Зонховжав нь тус мөнгийг гэрээнд заасан хугацааны дотор буцаан өгөх, хэрвээ зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
Зээлдэгч О.Зонховжав нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дутуу үлдсэн 3785000 төгрөгийг алдангийн хамт төлөхгүй байх үндэслэлээ талуудын дунд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдолтой[3] холбон тайлбарлаж байгаа боловч талууд энэ талаар тус зээлийн гэрээндээ тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь зохигчдын дунд байгуулагдсан зээлийн гэээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн эрх үүрэг нь тус тусдаа байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... тагтны талбай болох 2.68 м2х1350000=3618000 төгрөгийг 0,3 хувийн итгэлцүүрээр бууруулан хасаж тооцон, тагтны үнийг 70 хувь болох 2532600 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн үнэ болох 67054500 төгрөгөөс хасаж, байрны үнийг 64521900 төгрөгөөр хийхээр тохирсон.”, “...Тухайн үед тус орон сууцыг ямар нэг доголдолгүй стандартын дагуу баригдсан гэж М.Оюунцэцэг хүлээн авсан байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.3-т заасан хэрэгт шинжээчээр оролцож болохгүй этгээд бөгөөд М.Оюунцэцэгээр дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон орон сууцны талбай нь тухайн гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй, дутсан болохыг шинжээчийн дүгнэлттэй[4] харьцуулан үзэж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас байрны үнийн зөрүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шинжээчийг татгалзан гаргах, болон шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор түүнийг үгүйсгэсэн, няцаасан баримтыг талууд гаргаж ирүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй тогтоогдохгүй байх бөгөөд хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарласан баримтад[5] талууд гарыг үсэг зуржээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 105710 төгрөг, хариуцагчийн төлсөн 68902 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 105710 төгрөг, хариуцагчийн төлсөн 68902 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД С.ӨМИРБЕК
Д.ЖАМБАЛСҮРЭН
[1] Хэргийн 12 дугаар хуудаст
[2] Хэргийн 13 дугаар хуудаст
[3] Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 2,81 м2 дутсан тухай
[4] Хэргийн 71-72 дугаар хуудаст
[5] Хэргийн 21-22 дугаар хуудаст