Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 57

 

 Б.Э, Э.Т нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалтай, 201408000184 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Ш овогт Б-ын Э нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

 2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан

Ч овогт Э-ын Т нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Э-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Э.Т-ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж,

Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж,

Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-д Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, тэдгээрт оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтаас “...эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялын...” гэсэн хэсгийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т-ийн өмгөөлөгч Э.Сайханаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлд заасан “Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн. Э.Т Б.Э-ийн машин луу өшиглөж ална гэсэн үйлдлийг үйлдээгүй, гэрч С.С, Ч.Б нар Э.Т-н үйлдлийн талаар гэрчлээгүй. Э.Т-н үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Хохирогч Б.С, гэрч С.С, Ч.Б нар энэ талаар тодорхой мэдүүлдэггүй ба нөгөө талаар С.С, Ч.Б нар хэргийн газар байсан гэдэг нь тэдгээрийн мэдүүлгээс үзэхэд эргэлзээтэй байдаг. Гэрчүүд нь “хэргийг нотлоход хамааралтай бүхий л байдлыг үнэн зөв өгөх үүрэг”-ээ хэрэгжүүлээгүй. Хохирогч Б.С шүүгдэгч Э.Т-т цохиулчхаад хойшоо гэр лүүгээ явахад Б.Э-ийн машин хөдөлж байсан гэж мэдүүлдэг хэдий ч Э.Т Б.Э-ийн өөдөөс ямар үйлдэл гаргаж хэрхэн хутгалуулахад хүрсэн, мөн Э.Т хохирогч Б.С-ыг Б.Э-д хутгалуулсныхаа дараа эсвэл хутгалуулахаас өмнө цохисон эсэх зэргийг хохирогч Б.С-аас тодруулах ёстой байсан. Э.Т-н гэм буруутай байдалд дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулахдаа “хувийн байдал гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгаан” зэргийг харгалзан эдлэх ялыг “хүндрүүлэн” хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь хэт хийсвэр бодит байдал нийцээгүй дүгнэлт болсон. Э.Т-н гэмт хэрэг үйлдэх нөхцөл шалтгаан бүрэн тогтоогдоогүй. Хохирогч Б.С-ын “Э.Т чамайг танихгүй юм байна. Чи хаанахын юм гээд шанаан тус газар нэг удаа цохисон” гэснээс өөр нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг харсан мэдсэн хохирогч Б.С, гэрч Б.М, Ч.Б, Б нараас шаардлагатай тодруулахуйц нотолгоог асууж, маргаантай асуудлыг мухарлаж шалгахын оронд бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй мэдүүлэг өгөх эрх бүхий Б.Э-ийн мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг хянан шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Э.Т, Б.Э нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Э нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2014 оны 08 дугаар сарын 03-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын х дүгээр багийн нутагт байрлах “С” пабны гадна хохирогч Э.Т-н хэвлий рүү хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

2015 оны 05 дугаар сарын 26-ны  шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын х дугаар багийн нутагт байрлах “Т” рестораны урд хохирогч Г.Б-ийн нүүр лүү цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Э.Т нь 2014 оны 08 дугаар сарын 03-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын х дүгээр багийн нутагт байрлах “С” пабны гадна хохирогч Б.С-ын нүүр лүү гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.С, Э.Т, Г.Б, гэрч Э.О, Ж.Д, Э.Б, С.С нарын мэдүүлэг, шинжээчийн 357, 358 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Б.Э, Э.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол,  магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй”, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт “...анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” гэж тус тус заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн “шүүгдэгч Э.Т нь машин өшиглөж танхайрах үйлдэл хийсэн эсэх, хохирогчийг өөрөө хутгалуулахаас өмнө цохисон эсэхийг шалгаж тогтоох болон гэрч С.С, Ч.Б, Б.М, Б нарын мэдүүлгийг дахин шинжлэн судлах” тухай хэргийн үйл баримтыг шинээр тогтоолгох агуулга бүхий саналыг хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох боломжгүй байна.  

Иймд шүүгдэгч Э.Т-н өмгөөлөгч Э.Сайханаагийн дээр дурдсан үндэслэлээр “...хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                  Ч.ХОСБАЯР