Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 19

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болголсугай

 

                                                                                                                                                                                               

                                                                                     Хэргийн индекс: 159/2017/0014/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би нэхэмжлэгч  иргэн Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох “Салхит 3 дугаар багийн ИНХ-ын дарга Б.Оюунцэцэгт урамшуулал олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

Тодорхойлох нь :

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 03-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг 12 жилийн 3 дугаар дунд сургуулийн урлагийн зааланд болсон Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нарыг сонгох иргэдийн Нийтийн Хурлаар Б.Оюунцэцэг миний бие ИНХ-ын даргад өрсөлдөн дийлэнхи олонхийн санал буюу 63.72 хувийн санал авснаар Салхит 3 дугаар багийн ИНХ-ын даргаар дахин сонгогдсон.

            Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу сонгогдсоноос хойш өнөөдрийг хүртэл миний урамшуулалыг олгохгүй байна.

           Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяад Салхит 3 дугаар багийн ИНХ-ын даргаар дахин сонгогдсон Б.Оюунцэцэг миний урамшуулалыг олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Салхитын 3 дугаар багийн ИНХ-ын дарга Оюунцэцэг нь урамшууллын мөнгө нэхэмжилсэн ба 3 дугаар багийн Засаг дарга албан ёсоор томилогдсон захирамж гарвал багийн Засаг даргын цалингийн 30 хувийн урамшуулалыг ИНХ-ын даргад олгоход татгалзах зүйлгүй болно гэжээ.                                                     

 

Үндэслэх  нь :

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх...” гэж зааснаар хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох  “Салхит 3 дугаар багийн ИНХ-ын дарга Б.Оюунцэцэгт урамшуулал олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35.100 /гучин таван мянга нэг зуун / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

 

                            ШҮҮГЧ                           Ж.БУРМАА