Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01517

 

Р.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01416 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1614 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Р.Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч У.М-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, алданги нийт 12 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч У.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Р.Г- нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр У.М-т 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээг байгуулахдаа өөрийн эзэмшил, өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 3 дугаар хэсэг, 218 тоотод байрлах 655 м2 талбайтай газар, түүн дээр байрлах 116 м2 талбайтай, 2 давхар зуслангийн сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. У.М- нь зээлийн хүү 480 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлийг төлөөгүй.

Иймд У.М-ээс үндсэн зээл 8 000 000 төгрөг, алданги 50 хувиас хэтэрсэн байх тул 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Гэрээний зээлдэгч тал болох У.М- миний бие нэхэмжлэлийн үнийн дүнг үл зөвшөөрч байна. Бид хоёрын хоорондын энэ маргааныг үнэн зөв, шударга шийдвэрлэж туслана уу гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01416 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч У.М-ээс 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Г-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 дугаар хэсэг, 2018 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011997 дугаарт бүртгэлтэй 116 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 047219 дугаартай гэрчилгээ бүхий 655 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Чойжилсүрэнгээс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.М-ээс 206 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1614 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие Р.Г-тай 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 8 сая төгрөг зээлэн барьцаатай гэрээ байгуулсан боловч Р.Г- нь гэрээнийхээ нөхцлийг биелүүлээгүй. Мөн өмгөөлөгч Д.Халзан нь Замын-Үүд хотод шүүх хуралтай тул хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр өгсөн боловч бидний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж оролцуулалгүй шүүх хуралдааныг хийж Р.Г-гийн нэхэмжлэлийг бүтэн шийдсэнд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Р.Г- хариуцагч У.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлд 8 000 000 төгрөг, алдангид 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Р.Г- нь 8 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч У.М- нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх, хугацаа хожимдуулсан тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.3., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагч У.М- нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж шүүхэд хариу тайлбар гаргасан боловч энэхүү татгалзлалынхаа үндэслэлийг заагаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтдээ шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэн, хариуцагч талын оролцоогүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасан журмыг зөрчөөгүй байна. Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болох бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01416 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1614 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН