Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00786

 

 *******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/04014 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай******* тоотод байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, *******ын эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай ******* тоотод хаягт байрлах 148 м.кв талбайтай газрыг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00264 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар *******аас 180,428,359 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай******* тоотод байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, *******ын эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай ******* тоотод хаягт байрлах 148 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /1хх-42-44/

 

Төлбөр төлөгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/02575 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 210/МА2024/01369 дугаар магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 001/ХТ2024/01113 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /1хх 186-190, 194-198, 204-205/

 

Нэхэмжлэгч нарын үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин эрх зүйн дүгнэлт өгч, нотлохгүй.

 

4. Нэхэмжлэгч нарын ... анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2024 оны 12 сарын 12-ны өдөр, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2024 оны 12 сарын 16-ны өдөр гомдол гарган тус тус шийдвэрлүүлсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журамд нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... Анхны албадан дуудлага худалдаанд явуулах тухай 13/32 дугаар төлбөр төлөгч болон өмчлөгч *******гийн өв хүлээн авагч нарт хуулийн хугацаанд мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 13/32 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсныг төлбөр төлөгч ******* болон *******, ******* нарт 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 4-181/28291 тоот мэдэгдлээр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. /1хх-212-214/

 

Хуульд заасан журмын дагуу анхны дуудлага худалдааг 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй байна.

 

6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 сарын 26-ны өдрийн 1/27 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан ба *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай******* тоотод байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, *******ын эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай ******* тоотод хаягт байрлах 148 м.кв талбайтай газрын хамт шинжээчийн тогтоосон үнэ болох 147,017,500 төгрөгийн 50 хувиар тооцон 73,508,750 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулжээ.

 

Хариуцагч байгууллагаас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 176, 177 дугаар зүйлд тус тус нийцсэн байна.

 

Барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* нь 2020 оны 08 сарын 04-ний өдөр нас барсан байх ба Монголын нотариатчдын танхимын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 188 тоот албан бичгээр өвлүүлэгч *******гийн өмчлөлийн өвлөгдөх эд хөрөнгө, эрх өвлөхтэй холбоотой бусад мэдээлэл, өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэлийн гэрчилгээ олгогдсон талаар бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал өв хүлээн авахтай холбоотой тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэлтийг буруутгахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/04014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

С.ЭНХБАЯР