Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч П.М-Э, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Х овогт П-н М-Э-д холбогдох эрүүгийн 1902002220103  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Х овогт П-н М-Э-д

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч П.М-Э нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс" гэх нэршилтэй 841 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.М-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-15-р тал/, П.М-Э биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 29-31-р тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 33, 36-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №1985 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс 1. Хэргийн газрын үзлэгээр хураагдсан цагаан өнгийн ууттай өвс, ургамал мэт зүйл Х-10971 мөрдөгч, а/х Б.Ч” гэж хаягласан цагаан өнгийн гялгар /уттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta- 9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Ургамал мэт зүйлийн нэр, төрөл тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэг хамаарахгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ агууламжтай ургамал нь Монгол улсад ургадаг болно...” гэжээ / хх-н 58-59-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн №2292 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “...Шинжилгээнд “1 ширхэг тугалган цаас, ууттай өвс мэт зүйлийн хамт” гэж хаягласан тугалган цаас, гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 26 граммыг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэжээ./хх-н 67-68-р тал/,

Гэрч Э.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..П.М-Э машинаар явахаар болж улсын дугаартай, Тоёота приус маркийн усан цэнхэр өнгийн машиныг жолооч Б барьж дизайнер Г нарын хамт бид гурвуулаа явсан юм. Тэгээд Их тэнгэр цогцолборын нэвтрэхэд шалгадаг цэг дээр шалгуулахад урд хоёр суудлын голд шалан дээр тугалган цаастай юм байсан, тэрийг шалгаж байгаа алба хаагч хараад юу юм бэ гэж асуусан. Бид гурав мэдэхгүй байна гэсэн. Тэгээд бид гурвыг машинаас буулгаад машинд битгий хүрээрэй, орж сууж болохгүй гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тэгээд дахин машин доторхыг шалгаж байснаа дахиад их хэмжээгээр гарлаа гэж хамгаалалтын албаны алба хаагчид яриад байсан, би очиж хараагүй. Машин дотроос тугалган цаастай зүйл гарсан нь үнэн...” гэжээ / хх-н 40-42-р тал/,

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдэ: “...М-Э улсын дугаартай автомашиныг гуйж унасан юм. Тэгээд би У, Г нарын хамт Их тэнгэр цогцолбор дээр очоод дотогш нэвтрэхээр шалгуулсан. ...машины урд хоёр суудлын голын хайрцагны доод талын шургуулганаас А5 хэмжээтэй гялгар ууттай зүйл гаргаж ирэхэд уутан дотор 1 см орчим хэмжээтэй ногоон өнгийн өвс байсан. Тэгээд надаас энэ юу вэ гэж асуухад би сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгээд машинд битгий ойртоорой гэсэн би хүний машин гуйж унасан гэдгээ хэлсэн...Дахин хүмүүс ирж машинд дахин үзлэг хийхэд тээшинд цагаан өнгийн гялгар уутанд хийсэн торны 1/3 орчим хэмжээтэй өвс байсан нь гарч ирсэн. Ингээд М-Э-г дуудсан...” гэжээ. /хх-43-44 тал/

Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Та нар бууж бай машиныг чинь шалгана гэж хэлэхээр нь бид нар буусан чинь машин шалгаж байснаа урд талын 2 сандлын голын хайрцагны доод талын жижиг шургуулганаас гялгар ууттай, тунгалаг цаастай зүйлүүд юу вэ гэж асуусан чинь машин жолоодож явсан Б би мэдэхгүй гээд хэлсэн чинь арын багажийг онгойлгож үзээд урд талаас гарсан зүйлтэй адилхан тортой зүйл байна гээд тэр хүмүүс утсаар яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-46-48 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 08- ны өдрийн шинжээчийн №570 дугаартай дүгнэлтэд: “...П.М-Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо П.М-Э нь сэтгэцийн эмгэгүй байна. П.М-Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. П.М-Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна. П.М-Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. П.М-Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. П.М-Эд мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэжээ. /хх-н 71-72-р тал /,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-8-15/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-31/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-33,36/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-98-108 /, Ял шийтгэлийн хуудас /хх-87/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч П.М-Э нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс" гэх нэршилтэй 841 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний №1985, 2292 тоот дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хамааралгүй гэрч Э.У, Т.Б, Д.Г нарын мэдүүлгүүд /хх-40-42, 43-44 55-56,67-68/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-8-15/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-33,36/ зэргээр шүүгдэгч П.М-Э-г гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч П.М-Эд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.М-Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан “өвс" гэх нэршилтэй 841 грамм бодис нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “өвс" гэх нэршилтэй 841 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч П.М-Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Х овогт П-н М-Э-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, шүүгдэгч П-н М-Эг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан “өвс" гэх нэршилтэй 841 грамм бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, дээрх эд мөрийн баримт нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч П.М-Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ