Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Э-н Х-д холбогдох эрүүгийн 1910012000486 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, оршин суух, ХХК-нд борлуулагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-н Х-д,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Х нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 04-05 цагийн үед хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  П.Мг заамдан авч газар унагаан, толгой руу нь өшиглөж, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч П.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гардаг өдөр би хороололд караокед сууж байтал орой 23 цагийн үед Х над руу утасдаад “эхнэр төрөөд охинтой болсон, уулзая” гэхээр нь хүрээд ир гэтэл хүрээд ирсэн Бид хоёр хэсэг сууж байгаад гэртээ харихаар болсон. Тэгээд нэг мэдсэн чинь Хгийн гэрийн гадаа ирсэн байсан. Би буугаад Хгийн гэр рүү орох гэж байгаад түүнтэй маргалдаад зогсож байтал Хгийн найз гэх залуу миний хоолойноос боогоод газарт унагасан. Х салгасан. Тэгээд Х надтай маргалдаад миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. О намайг цохиж зодоогүй, гэмтэл учруулаагүй. Тэр үед Х миний нүүр рүү гараараа цохиж гэмтэл учруулсан, өөр зодож цохьсон асуудал байхгүй...” гэжээ /хх-н 11-13-р тал/,

Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Х, Т бид гурав архи уугаад машин дотор унтаад өгсөн. Тэгээд нэг сэртэл машин дотор Х М гэх хүнтэй хэрүүл маргаан хийгээд байсан. Хгийн гэрийн гадаа иртэл М гэх залуутай Х зодолдсон. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл М гэх залуу намайг зодлоо гээд байсан би М гэх залууд гар хүрээгүй. Би Х, М хоёрыг хоёр гараараа хоёр тийш нь холдуулах гэж түлхсэн...” гэжээ. /хх-н 17-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 5722 тоот дүгнэлтэнд: “...П.Мгийн биед тархи доргилт, баруун завьж, уруулд шарх, дух, хамар, хүзүү, цээж, баруун, зүүн дал, зүүн тохой, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх-н 19-р тал /

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/,  ял шалгах хуудас / хх-33/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 04-05 цагийн үед хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Мг заамдан авч газар унагаан, толгой руу нь өшиглөж, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 5722 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Хд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Хд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч П.Мг гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Э-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-н Хг 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Х нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Хд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ