| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/08010/И |
| Дугаар | 210/МА2025/00826 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00826
******* ХХК, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/02194 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн *******т холбогдох,
Харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон ажил амьдралд учруулсан гэм хорын хохиролд ******* ХХК-д 30,000,000 төгрөг, *******од 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт, прокурор шүүхийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол арилгуулах, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 сарын 23-ны өдрийн 6159 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжтай хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны ******* сарын 06-ны өдрийн 407/8138/С дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжтай иргэний хэргийн шийдвэрүүд хүчинтэй байхад хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ******* нь 2014 оны 08 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэгч компанийн 2012 оны 04 сараас 2014 оны 07 cap дуустал хугацааны даатгуулагчийн ******* код буюу 21 хувиар ажилтан ажил олгогч нараас тооцсон шимтгэл 39,292,605 төгрөгийг төлүүлэхээр тус шүүхийн 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 4799 тоот шийдвэр гарч, төлбөр авагчийн 2018 оны 09 сарын 14-ний өдөр 533 дугаар хүсэлтээр 102/ШЗ2015/18259 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэж ******* алба 2018 оны 11 сарын 02-ны өдөр 13271060/03 тогтоолоор нэхэмжлэгч нарын бүх дансыг битүүмжилсэн.
1.2. 2011 оноос *******ыг шалгасан эрүүгийн 21132899 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан үйлдэл холбогдлыг эрүүгийн хэргийн шүүх 2019 онд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны ******* сарын 03-ны өдрийн 04 тогтоолоор ... *******ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар, тухайн үед мөрдөж байсан хууль журамд заасан дүнгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.
1.3. Сонгинохайрхан дүүргийн шүүх/хуучнаар/-ийн 2024 оны тогтоол, захирамж, 2014 оны 4799 дугаар шийдвэр болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон зэрэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 18360292/37 тогтоолоор бүх дансны гүйлгээг буцаан сэргээсэн, бүтэн 6 жил данс битүүмжилсэн хугацаанд нэхэмжлэгч иргэн, аж ахуйн нэгжид ажлын хугацааг алдагдуулж, ажил хэргийн нэр хүнд, ажил амьдрал, эдийн засагт болон гадаад, дотоодод зорчих эрхээ хязгаарлуулж, хөрөнгө босгох үйл ажиллагаанд ноцтой хор хохирол учруулсан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд нэхэмжлэгч ******* ХХК-д 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч *******од 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2011 оны 11 сараас ажил олгогчоор нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн боловч 2012 оноос хойш 2014 оныг хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх үүргээ үл биелүүлсний улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гарган 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 4799 дугаар шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 07 сарын 06-ны өдөр тухайн шүүхийн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар 2016 оны 04 сарын 18-ны өдөр 1878 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.
2.2. Тухайн шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн боловч ******* алба Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх гэж заасны дагуу тус албанаас 2018 оны 11 сарын 02-ны өдөр данс битүүмжлүүлэх хасалт хийх арга хэмжээг авсан.
2.3. Энэ нь манайхаас гаргасан хүсэлт, шийдвэрүүд нь тухайн үед хүчин төгөлдөр, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрүүдийн үндсэн дээр авагдсан арга хэмжээнүүд учраас ******* ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэрэгт гэм хорын хохирол учруулаагүй, эрүүгийн журмаар шалгагдсан гэх үндэслэл нэхэмжлэлд буюу нийгмийн даатгалын байгууллагад төлөх шимтгэлтэй холбоотой асуудлаар шалгагдаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч *******гийн дүгнэлтийн агуулга:
Би нэхэмжлэгч талыг гэм буруутай гэж үзэж байна. Учир нь шүүх өмнөх хэргийг нь үндэслэлгүй гэж үзсэн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн *******т холбогдох харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон ажил амьдралд учруулсан гэм хорын хохиролд ******* ХХК-д 30,000,000 төгрөг, *******од 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Хариуцагч Эрүүгийн ******* хэрэг болон Баянгол дүүргийн шүүх (хуучнаар)- ийн шүүгчийн 2013 оны 08 сарын 23-ны өдрийн 6159 захирамжтай Иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх (хуучнаар)-ийн шүүгчийн 2014 оны ******* сарын 06-ны өдрийн 407/8138/С тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж хүчинтэй, шимтгэлийг ямар хувь хэмжээгээр хэн, хэрхэн барагдуулах нь тодорхой болоогүй байхад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг зөрчин 21 хувиар тооцсон шимтгэл гаргуулах шүүхийн 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 4799 шийдвэр, шүүгчийн 102/Ш32015/18259 захирамж, шүүхийн 1878 дугаар гүйцэтгэх хуудас гаргуулснаас *******Алба 2020 онд 18360292/10 тогтоолоор нэхэмжлэгч нарын бүх дансыг битүүмжилсэн байхад анхан шатны шүүх үүнд бодит дүгнэлт хийхгүй, удаа дараа гаргасан хамтран хариуцагч татуулах хүсэлт хүлээж авахгүй хэргийг үндэслэлгүй, буруу шийдвэрлэсэн.
5.2. Харилцах данс удаан хугацаанд битүүмжилснээс нэхэмжлэгч нарын нэр төр, ажил, амьдрал, эдийн засагт ноцтой хор хохирол учирсан. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс ******* ХХК-ийн ямар хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлүүлж байгаа талаар мэдэх боломжгүй. Манай байгууллага нь хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 4799 дугаар шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулсан.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн *******т холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын хохиролд ******* ХХК-д 30,000,000 төгрөг, *******од 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2011 оноос Сонгинохайрхан дүүргийн *******т харьяалагдан нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлсэн;
3.2. ******* ХХК нь 2012 оны 04 сараас 2014 оны 07 сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 39,292,605 төгрөгийн өр үүсгэсэн үндэслэлээр нөхөн төлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн *******ийн гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 4799 дугаар шийдвэр гарч, нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн;
3.3. Дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* албаны 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 18360292/10 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК, захирал ******* нарын бүх арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан 39,647,018 төгрөгийг хэмжээгээр битүүмжилж, хасалт хийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн банкны ******* тоот дансанд шилжүүлэхээр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гарч байсан, мөн төлбөр төлөгч төлбөр төлөөгүй тохиолдолд түүний гадаадад зорчих эрх түдгэлзүүлэхээр мэдэгдэл хүргүүлсэн;
3.4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 4799 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хариуцагчийн төлөөлөгч *******ын хүсэлтээр хэргийг дахин хянаад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 184/ШТ2024/00140 дугаар тогтоолоор дээрх шийдвэрийг хүчингүй болгон ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн;
3.5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 184/ШЗ2024/12377 дугаар захирамжаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн 2012 оны 04 сараас 2014 оны 07 сарыг дуустал хугацааны өр, алдангид 58,938,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн;
3.6. Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 18360292/37 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК, ******* нарын харилцах болон хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг сэргээсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
4. Анхан шатны шүүх хариуцагч Сонгинохайрхан дүүргийн *******т холбогдох харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд учруулсан гэм хорын хохиролд ******* ХХК-д 30,000,000 төгрөг, *******од 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.
4.1. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар нь Сонгинохайрхан дүүргийн ******* нь 2014 оны 08 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэгч компанийн 2012 оны 04 сараас 2014 оны 07 сарыг дуустал хугацааны даатгуулагчийн ******* код буюу 21 хувиар ажилтан ажил олгогч нараас тооцсон шимтгэл 39,292,605 төгрөгийг төлүүлэхээр тус шүүхийн 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 4799 тоот шийдвэр гарч, төлбөр авагчийн 2018 оны 09 сарын 14-ний өдөр 533 дугаар хүсэлтээр 102/ШЗ2015/18259 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэж ******* алба 2018 оны 11 сарын 02-ны өдөр 13271060/03 тогтоолоор бүх дансыг битүүмжилсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 18360292/37 тогтоолоор бүх дансны гүйлгээг буцаан сэргээх хүртэл бүтэн 6 жил данс битүүмжилсэн хугацаанд нэхэмжлэгч иргэн, аж ахуйн нэгжид ажлын хугацааг алдагдуулж, ажил хэргийн нэр хүнд, ажил амьдрал, эдийн засагт болон гадаад, дотоодод зорчих эрхээ хязгаарлуулж, хөрөнгө босгох үйл ажиллагаанд ноцтой хор хохирол учруулсан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд нэхэмжлэгч ******* ХХК-д 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч *******од 10,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
4.2. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгч нарын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл, шалтгаант холбоо тогтоогдоогүй талаар зөв дүгнэжээ.
Тодруулбал, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ******* нь нийгмийн даатгалын өр төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх чиг үүргийн хүрээнд шүүхэд шаардах эрхийг хэрэгжүүлсэн нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.2.4-т заасан зохицуулалтад нийцсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүх шийдвэрлэж, хожим Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болсон үйл баримтад хариуцагч байгууллага гэм буруутай болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
4.3. Хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ******* ХХК, ******* нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдаж, улмаар нэхэмжлэгч нарт 40,000,000 төгрөгийг хохирол учирсан шалтгаант холбоогүй байна.
4.4. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын арилжааны банк дахь харилцах дансыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэх ажиллагаа гүйцэтгэсний улмаас нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хариуцагч байгууллагын хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор хохирол учруулсан гэм буруу тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллагыг гэм буруугүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Түүнчлэн нэхэмжлэгч талын гаргасан төрийг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/02194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
С.ЭНХБАЯР