Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Н.Нарангэрэл,

Шүүгдэгч Э.Жанцанноров, түүний өмгөөлөгч Д.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Начин овогт Эрдэнэбилэгийн Жанцанноровт холбогдох эрүүгийн 1710003230156 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67-3-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Начин овогт Эрдэнэбилэгийн Жанцанноров /РД: ГР92092911/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Жанцанноров нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21б байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Артистри” гэх ресторанд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зөөгчөөр ажилд орохоор тохиролцон ажиллаж байгаад О.Чанцалдуламын эзэмшлийн Самсунг галакси Жи 2, ай фоне 5 маркийн гар утсуудыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж О.Чанцалдуламд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Жанцанноров шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ хэргийг хийсэндээ маш их гэмшиж байна. Хоригдож байх хугацаандаа их зүйлийг ухаарч ойлгосон. Би хохирлоо төлж барагдуулна...” гэв.

Хохирогч О.Чанцалдулам  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Энхтайваны гүүрний урагшаа давахад байдаг Артистри гэх ресторанд дотор засал чимэглэлийн ажил аваад хийж эхэлсэн. 2017 оны 08 дугаар сахрын 07-ны өдөр ажлаа хийж дуусаад утсаар ярих гээд утсаа хайсан боловч алга болчихсон байсан. Бид нар ресторанд ажил хийж байх үед нэг залуу зөөгчөөр ажилд орох гэж ирээд ажиллаж байсан ба тэр залуу утас алга болох үед гэнэт алга болчихсон байсан. Миний алга болсон утас Самсунг галакси Жей2 прайм, ай фоне 5 маркийн гар утаснууд байсан....” гэжээ  /хх-н 16-20, 21-22-р тал/

Гэрч Ш.Алтантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зөөгч ажилд авна гэсэн зарын дагуу 20 орчим насны өөрийгөө Жанцанноров гэж хэлсэн хүн ирээд манай ойрхон 19 дүгээр хороололд байдаг зөөгчийн ажилд ормоор байна гэхээр нь тухайн өдөр цэвэрлэгээний ажил хийх шаардлагатай байсан болохоор түр ажиллуулсан. Орой 20 цагийн орчим Чанцалдуламын гар утас алга болчихлоо гэхээр нь хамт ажиллаж байсан хүмүүсийг бүртгэхэд Жанцанноров ганцаараа алга болсон байсан ба түүний 88196214 тоот утас холбогдохгүй байсан...” гэжээ /хх-н 26-28-р тал/

 Гэрч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Наран хотхоны 21б байранд байрлах Артистри ресторанд 2017 оны 08 дугаар сарын 05-нд дотор засал чимэглэл ажил хийж эхэлсэн. Орой ажил тарах үед хамт ажилладаг Чанцалдулам гэдэг эгчийн гар утас алдагдсан. Тэр өдөр бид нарын засвар хийж байж ресторанд ажилд орохоор нэг залуу ирж бүтэн өдөр ажилласан. Тэгээд утас алга болсоныг мэдээд залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Үүнийг мэдээд хамт ажиллаж байсан хүмүүсээ бүртгэж харахад тэр залуу алга болсон байсан даруй утас руу нь залгахад унтраасан байсан...” гэжээ. /хх-н 23-25-р тал/

 “Ашид Билгүүн” ХХК-ний 2019.02.27-ны өдрийн №ХУД009 тоот хохирлын үнэлгээ /хх-н 34-36-р тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/,  ял шалгах хуудас / хх-54/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Э.Жанцанноров нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21б байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Артистри” гэх ресторанд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зөөгчөөр ажилд орж, улмаар ажиллаж байхдаа О.Чанцалдуламын эзэмшлийн Самсунг галакси Жи 2, ай фоне 5 маркийн гар утсуудыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж О.Чанцалдуламд 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Жанцанноровт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Жанцанноров нь  29 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялтай дүйцүүлж, түүнийг 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх нь зүйтэй.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Жанцанноровт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч О.Чанцалдуламд 400.000 төгрөгний хохирол учирсан ба шүүгдэгч Э.Жанцанноров нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнээс 400.000 төгрөг гаргуулж, хохирогч О.Чанцалдуламд олгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь  29 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ирүүлсэн Начин  овогт Эрдэнэбилэгийн Жанцанноровыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрдэнэбилэгийн Жанцанноровыг 240 / хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Жанцанноровын цагдан хоригдсон 29 хоногийг, нийтэд тустай ажил хийх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялтай дүйцүүлж, түүнийг 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Жанцанноровт  оногдуулсан 8 цагийн нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Жанцанноровоос 400.000 / дөрвөн зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч О.Чанцалдуламд олгосугай.

6. Шүүгдэгч Э.Жанцанноров нь 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ