| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/04661/И |
| Дугаар | 210/МА2025/00869 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00869
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00646 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* 2020 оны 11 сарын 01-ний өдөр иргэн *******гаас 2 өрөө байрыг захиалгын гэрээг ******* ХХК-аас шилжүүлэн 117,864,000 төгрөгөөр худалдан авсан. Ингэхдээ 2 өрөө бичиг баримттай байрны үнээр үнэ тохиролцон худалдан авсан.
1.2. Гэрчилгээг гаргуулах хүсэлтийг ******* ХХК-д гаргахад 1 м.кв тутамд 150,000 төгрөг буюу 7,000,000 төгрөгийг давагдашгүй хүчин зүйл буюу Ковидын цар тахалтай холбоотой нэмэлт төлбөрт 57,000,000 төгрөг төлж, орсон оршин суугчидтай адилтган үзэж нэхэмжилсэн.
1.3. Нэхэмжлэгч байрны төлбөр 117,864,000 төгрөгийг *******д төлсөн, компанид төлөөгүй. Тиймээс 57,000,000 төгрөгийн байр эзэмших гэрээгээ бидэнд бичиг баримт бүрэн байрны 100 хувь үнээр 117,864,000 төгрөгөөр худалдсан *******гаас байрны бичиг баримт буюу эзэмших эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа ******* ХХК-ийн 7,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон нотлох баримтыг гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн үүрэг юм.
2.2. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ хариуцагчаас 2020 оны 11 сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн гэрээг шилжүүлэн авсан тухай дурджээ. Өөрөөр хэлбэл 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний талууд нь ******* ХХК болон ******* нар болсон байх ба гэрээнд заасан аливаа эрх болон үүрэг нь хариуцагч *******д бус нэхэмжлэгч *******д шилжсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Иймд ******* гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. ******* ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээ байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх нь дээрх иргэний маргааныг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг хийгдсэн гэж үзэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэх заалтыг баримтлан хариуцагчийн эрхийн зөрчилгүй хөрөнгө, үүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй гэж үзжээ.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр болон хуралдаанд оролцсон талуудын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч тал нь эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ нь гараагүй баригдаж байгаа орон сууцны захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн буюу эрхийн доголдол, баримт бичиг дутууг нэхэмжлэгч тал нь мэдсэн бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
4.3. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, 255.1.1 Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан; гэж заасны дагуу шаардах эрхээ алдахаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл эрхийн доголдолтой гэдгийг нэхэмжлэгч тал нь хүлээн зөвшөөрч захиалгын гэрээг шилжүүлэн захиалагчийн үүргийг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцахаар болсон байна.
4.4. Иймд дээрх хуулийн алдаатай хэрэглэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 сарын 27-ны өдрийн дугаар 191/ШШ2025/00646 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. ******* нь миний төрсөн охин. Нэхэмжлэгч нь хоёр өрөө байр худалдаж авахаар зуучлалын компанид хандсан бөгөөд байр зарах хүмүүс нь *******тай хамт ажилладаг таньдаг эмч нар байсан. Өөр байрны сонголт байсан ч таньдаг хүмүүс, мөн тэд нарт мөнгө хэрэгтэй байсан тул тэдэнд итгэн ямар нэгэн эрхийн доголдолтойгоос үл хамаарч хоёр өрөө байрны мөнгийг 100 хувь өгч тухайн байрыг худалдаж авсан.
5.2. Тухайн байранд манайх 11 сард ороод 12 сард улсын комисс хүлээж авсан. Үүний дараа үл хөдлөхийн гэрчилгээгээ авах гэтэл ******* ХХК нь *******гаас мөнгөө гаргуул эсхүл 7,000,000 төгрөг нэмж төл гэх шаардлага тавьсан.
5.3. Энэ талаар бид *******д хэлж удаа дараа хандсан ч бидэнд гэрчилгээтэй холбоотой зардлыг гаргаж өгөөгүй тул 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлж, гэрчилгээгээ гаргуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, *******гаас 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... ******* ХХК-тай байгуулсан гэрээгээ *******д шилжүүлсэн тул гэрээний үүргээ өөрөө хариуцах ёстой гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* нь ******* ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* 2 өрөө орон сууцыг захиалагч *******гийн өмчлөлд шилжүүлэх, гэрээний үнэ 57,040,000 төгрөг төлөхөөр тохиролцсон;
3.2. Хариуцагч ******* дээрх орон сууцны захиалгын гэрээний эрхийг *******д худалдахаар аман хэлбэрээр тохиролцож, улмаар ******* нь *******д орон сууцны үнэд *******д 2021 оны 11 сарын 03-ны өдөр 115,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 09-ний өдөр 2,864,000 төгрөг, нийт 117,864,000 төгрөгийг шилжүүлсэн;
3.3. ******* болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 11 сарын 01-ний өдөр ХЦ-ЗГ-19/54 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч ******* 57,040,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон;
3.4. Мөн ******* болон ******* ХХК нарын хооронд 2024 оны 11 сарын 05-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК-д нэмж 7,417,500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон;
3.5. ******* ХХК нь ******* 2 өрөө орон сууцыг *******ы өмчлөлд шилжүүлсэн байна.
4. Анхан шатны шүүхийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
5. Анхан шатны шүүх худалдагч *******г биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
5.1. Учир нь ******* болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 11 сарын 01-ний өдөр ХЦ-ЗГ-19/54 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулснаар *******гийн үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж үзнэ.
5.2. Анхан шатны шүүхийн ... бодит байдал дээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-аар орон сууцыг 57,040,000 төгрөгөөр захиалан бариулаагүй, ******* 57,040,000 төгрөгөөр захиалан бариулсан орон сууцаа *******д 117,864,000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдсон тул худалдагч ******* Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ... эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Талууд гэрээний үнийг 117,864,000 төгрөгөөр тохиролцсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн байх бөгөөд *******ы гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан нэмэлт үнэ төлөхөөр тохиролцсон нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний үнэ өөрчлөгдсөн үндэслэлд хамаарахгүй.
5.3. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай байгуулсан гэрээгээр 7,417,500 төгрөг нэмж төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн хөрөнгийг төлсөн үйл баримтад хариуцагч *******гийн үүргийн зөрчил тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний үнийг өөрчилсөн нь *******тай байгуулсан гэрээний зүйлийн доголдол гэж үзэхгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР