Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогч Ё.Дашдэлэг

Шүүгдэгч Ч.Б, Ц.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Б, Ч.С нарт холбогдох 1916002020110 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Ч-н Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц-н С.

Шүүгдэгч Ч.Б-н 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “ВМ” бааран дотор хохирогч Ё.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Сийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “ВМ” бааран дотор хохирогч Ч.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус хамаарна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ч.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2 шил пиво уусан... Бариад авахаар нь намайг цохих гэж байна гэж бодоод цохисон ... Хүний нүүр рүү цохисон гэм буруутай... Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа... ”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Ц.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...1 шил архи уусан ... Танихгүй байна уу гэдэг маргааны улмаас маргалдсан ... Гэм буруутай гэдгээ ойлгож гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ё.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би найзтайгаа “ВМ” бааранд ороод сууж байсан. Манай найз Ч.Б гэдэг хүнтэй маргалдаад байхаар яваад очиход зодоон үүсч байсан. Тэгээд би боль яасан юм бэ? гэхэд намайг нүүр рүү 2, 3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Со гэх залуутай тааралдаад юу байна гэхэд миний юу байх чамд ямар хамаатай юм гэхээр нь чи их том болжээ гээд түлхэтэл миний цээжин тус газар хүчтэй цохисон. Би ахиж Со-н ширээн дээр очоод юм ярьж сууж байгаад Со-той ахиж муудалцаад барилцаж авахад Со миний хамар ам орчим нэг удаа цохисон. Нүүрлүү нь баруун гараараа цохисон....нүүрний аль хэсэгт цохисоноо санахгүй байна гэх мэдүүлэг...” /ХХ-18/,

 Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Содоо гэх залуутай тааралдаад юу байна гэхэд “...миний юу байх чамд ямар хамаатай юм...” гэж хэлэхээр нь би Содоогийн цээж рүү баруун гараараа нэг удаа “...чи их том болжээ...”  гэж хэлээд  түлхэсэн чинь миний цээж рүү зөрүүлээд хүчтэй цохисон...удалгүй би дахин Содоогийн ширээн дээр очоод юм ярьж сууж байгаад боссон чинь намайг заамдаад авсан,  хажуугаас нь Содоогийн найз Дашдэлэг намайг бас бариад авахаар нь нүүрэнд нь 3 удаа гараараа цохисон, тэгсэн чинь хажуугаас Содоо намайг нүүрэнд хэд хэдэн удаа гараараа цохиж надад гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /ХХ-47/,

Шүүгдэгч Ц.С-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Баянзул араас ирээд бид 2 үг зөрж маргалдсан, Баянзул намайг цохиод авсан тэгсэн хажуугаас манай найз Дашдэлэг ирээд болиоч гэхэд Дашдэлэгийг 3 удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон, би боль гээд Баянзулыг нүүрэнд нь 2 удаа цохисон, хажуугаас хүмүүс ирж салгасан...Дашдэлэгийн хамараас цус гараад бид 2 баарнаас гараад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-52/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 188 дугаартай “... 1. Ё.Д-н биед баруун нүдний алимны салстын цус харвалт, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүд, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ25-26/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаартай “... 1. Ч.Б-н биед тархины доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, үүдэн 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ31-32/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б-н 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “ВМ” бааран дотор шүүгдэгч Шүүгдэгч Ц.С-тэй маргаан үүсгэн зодолдох үедээ салгах гэсэн хохирогч Ё.Д-г зодож, баруун нүдний алимны салстын цус харвалт, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүд, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.С-н 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “ВМ” бааран дотор шүүгдэгч Ч.Б-тай маргалдан зодолдох үедээ түүний биед тархины доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, үүдэн 2 шүдний эмтрэл гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б, Ц.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч Ч.Б, Ц.С нарт торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Ч-н Б, Б овогт Ц-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Ц.С нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б, Ц.С нарт шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Б, Ц.С нарт сануулсугай.

5. Шүүгдэгч Ч.Б, Ц.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА