Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Н.Нарангэрэл,

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн О овогт Т-н Б-д холбогдох эрүүгийн 1910011070472 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай,

урьд Дундговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2004 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж уг ял биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж байсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, О овогт Т-н Б-д

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн С.Цын улсын дугаартай “Хюндай соната-7" маркийн тээврийн хэрэгслийг “10.000.000 төгрөгөөр худалдаж авна, хотод очоод тал мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байрны гадна талын зогсоол дээрээс авч яван хохирогч С.Цт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 14 хоногийн өмнө зараас машин зарна гэдгийг хараад Цтай уулзсан. Уурхайд ажиллаж байгаад ажлаасаа буугаад Ц машинаа зарна гэхээр нь би хотод байгаа хүнээс мөнгө аваад үлдэгдэл мөнгийг нь Банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө гаргаж өгнө гэж хэлсэн. Ц аймагт банк бус санхүүгийн байгууллага байгаа гэж хэлээд очиж уулзахад 5 сая төгрөг гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь хот оръё гэж хэлсэн. Надад хүний машиныг залилаад аваад явах бодол байгаагүй. Би машиныг унаж байхдаа 2 дугуй, амортизатор, тос, масло авч солиод угаалгасан. Хохирогчтой холбоо бариагүй нь миний буруу...” гэв.

Хохирогч С.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай Sonata-7 маркийн автомашинаа зарна гээд ард талын салхины шилэн дээр зар наачихсан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11-12 цагийн орчимд зогсож байтал Т.Б нь миний машинд орж ирээд “машинаа зарах гэж байгаа юм уу хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм би худалдаж авъя” гээд байхаар нь би 12.000.000 төгрөгөөс жаахан хямдруулж өгнө гэсэн чинь 10.000.000 төгрөгөөр өгөх юм уу би авъя гээд байхаар нь мөнгө чинь бэлэн юм уу гэж асуутал хагас мөнгө нь бэлэн байгаа хагас мөнгийг тал мөнгийг нь банк бус санхүүгийн байгууллагад мөнгийг чинь өгөөд тавиулчихна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи аймгийн банк бус газар тавьчихвал яадаг юм гэж хэлтэл үгүй ээ хотод надад таньдаг газар байгаа юм. Би тэндээс их мөнгө гаргуулж авна гэж хэлсэн. Хотод очоод яг мөнгө чинь бүтэх юм уу яг баттай юм уу гэж лавлаад асуутал яг баттай бүтнэ гэхээр нь Батмэндтэй хамт 04 сарын 26-ны орой 17 цагийн үед Улаанбаатар хот руу хөдлөөд тэр орой нь 20 цагийн орчимд Улаанбаатар хотод орж ирээд Хан-Уул 45 дугаар байрны гадаа эхнэр бид хоёрыг буулгаад зурагтад очиж хоночихоод өглөө эрт мөнгийг чинь бүтээгээд аваад ирье гэж хэлээд миний машиныг унаад явсан. .. Тэгээд маргааш өглөө нь залгатал ерөөсөө утсаа аваагүй тэрнээс хойш ерөөсөө утсаа авахаа больчихсон. Би зөндөө залгасан боловч дахиж утсаар надтай яриагүй. ..Машинаа бүрэн бүтэн буцааж авмаар байна. Эсхүл худалдаж авна гэсэн 10.000.000 төгрөгийг авч ирж өгөх юм бол санал гомдол байхгүй....” гэжээ /хх-н 5-11 /

Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өнгөрсөн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Ц бид хоёр аймгийн төв дээр ирээд би эмнэлэг ороод гараад иртэл нөхөр Ц машинаа зарахаар болчихлоо одоо хот явъя гэж хэлсэн. Тэгээд үл таних залуу /Батмэнд/ худалдаж авахаар болсон байсан. Тэгээд бид гурав Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед манай машиныг Батмэнд бариад явж байгаад орой ирээд манай нөхрийн эгч дүүсийн хүүхдийн гэр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны гадна талд бид хоёр бууж үлдэхэд манай нөхөр Цтай, Б нь өглөө эрт хүрч ирээд мөнгийг чинь өгөөд машинаа авна гэж хэлсэн. Тэгж хэлж явчихаад ерөөсөө утсаа авахаа болиод алга болсон...” гэжээ /хх-н 12-13-р тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 80-82 тал/, Түр хураан авсан тээврийн хэрэгсэлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 84 тал/, Эд зүйлийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №05/01 тоот үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22 тал/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 тал/,  ял шалгах хуудас / хх 53 тал/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 84 тал/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдээгүй гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт үгүй байна.  Шүүгдэгч нь гэмт хэрэгт үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй мөн түүний нэр дээр эд хөрөнгийн өмч бүртгэлтгүй, банкинд дах мөнгөн хадгаламж байхгүйг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж, нотлон тогтоосон баримт хэрэгт авагджээ. /хх-н 63-74 тал/ 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн С.Цын улсын дугаартай “Хюндай соната-7" маркийн тээврийн хэрэгслийг “10.000.000 төгрөгөөр худалдаж авна, хотод очоод тал мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Улаанбаатар хотод дагуулан ирж, гадна талын зогсоол дээрээс авч яван хохирогч С.Цт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч С.Цын “...Т.Б нь миний машинд орж ирээд “машинаа зарах гэж байгаа юм уу хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм би худалдаж авъя” гээд байхаар нь би 12.000.000 төгрөгөөс жаахан хямдруулж өгнө гэсэн чинь 10.000.000 төгрөгөөр өгөх юм уу би авъя гээд байхаар нь мөнгө чинь бэлэн юм уу гэж асуутал хагас мөнгө нь бэлэн байгаа хагас мөнгийг тал мөнгийг нь банк бус санхүүгийн байгууллагад мөнгийг чинь өгөөд тавиулчихна гэж хэлсэн. ...20 цагийн орчимд Улаанбаатар хотод орж ирээд гадаа эхнэр бид хоёрыг буулгаад зурагтад очиж хоночихоод өглөө эрт мөнгийг чинь бүтээгээд аваад ирье гэж хэлээд миний машиныг унаад явсан. ...Тэгээд маргааш өглөөнөөс нь залгатал ерөөсөө утсаа аваагүй” гэх мэдүүлгээр, гэрч Ч.Болормаагийн “...байрны гадна талд бид хоёр бууж үлдэхэд манай нөхөр Цтай, Батмэнд нь өглөө эрт хүрч ирээд мөнгийг чинь өгөөд машинаа авнаа гэж хэлсэн юм. Тэгж хэлж явчихаад ерөөсөө утсаа авахаа болиод алга болсон” гэх мэдүүлгээр, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түр хураан авсан тээврийн хэрэгсэлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №05/01 тоот үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Бэд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч С.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 11.000.000 төгрөг нэхэмжилсэнийг мөрдөн байцаалтын шатанд 61-05 ДУЭ улсын дугаартай “Хюндай соната-7" маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байх тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 29 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. О овогт Т-н Б-г бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, шүүгдэгч Т-н Б-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Бийн урьдчилан цагдан хоригдсон 29 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Т.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ