Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00742

 

 

 

 

 

 

 

 

******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01052 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ГХОХХК, БНСУ-ын иргэн******* /*******/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК нарт холбогдох

******* аймгийн ******* сумын *******багт орших ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай баримт бичгүүдийг ******* ХХК, ******* ХХК нараас гаргуулан өгөхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг /цахимаар/, өмгөөлөгч Г.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* аймгийн ******* сумын *******багийн нутагт "*******" үйлчилгээтэй, орон сууцны барилгыг барихаар БНСУ-ын иргэн*******, "*******" ХХК нарын хооронд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээг хэрэгжүүлэхдээ БНСУ-ын иргэн******* нь Монгол улсад "*******" ГХОХХК-ийг байгуулан захиалагчийн эрхээ хэрэгжүүлсэн. Орон сууцны барилгыг "*******" ХХК барьж гүйцэтгэн 2021 онд ашиглалтад оруулсан. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгөхөд дэмжлэг үзүүлж, урьдчилсан дүгнэлт гаргах үүрэг бүхий техникийн комиссын ажиллах "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн 5-р хавсралтад зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахад захиалагч, гүйцэтгэгч нар зохих баримтыг бүрдүүлэн гаргаж өгөх жишиг баримт, бичгийн жагсаалтыг баталсан.

Барилгын захиалагчаар ажилласан "*******" ХХК гэрээний үүргээ биелүүлж "*******" үйлчилгээтэй, орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхгүй байгаа нь бидний болон орон сууцыг захиалсан иргэдийн эзэмших, өмчлөх эрх, ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд барилгын захиалагч ******* ХХК-аас төслийн үндсэн мэдээлэл, зураг төсөл боловсруулах гэрээ, зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл бүрдүүлсэн тухай баримт бичгүүд, газар олголтын захирамж, геодезийн зураглалын ажлын тайлан, магадлалаар баталгаажуулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт, магадлалаар баталгаажуулсан ажлын зураг төсөл, төсөв, зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралтын хамт, зохиогчийн хяналт хийх гэрээ, барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, бусад холбогдох нэмэлт баримт бичгүүдийг, мөн барилгын гүйцэтгэгч ******* ХХК-аас улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, захиалагч, гүйцэтгэгчтэй хийсэн гэрээ, барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлсэн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан дүгнэлт, барилга угсралтын ажлын үе шат бүрт хяналт хийсэн тайлан, фото зураг, барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, лабораторийн дүгнэлт, инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн эсвэл өөрийн эх үүсвэрээ ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, тоног төхөөрөмж угсарсан акт, холбогдох байгууллагаар баталгаажуулсан туршилтын баримт бичиг, зааврын дагуу суурилуулахад хийсэн туршилтын дүгнэлт, бусад холбогдох нэмэлт баримт бичгүүдийг тус тус гаргуулан өгөхийг "*******" ГХОХХК, БНСУ-ын иргэн******* нарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь хэнтэй, хэзээ гэрээ байгуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Мөн "зураг төсөл зохиогчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ" гэж ямар аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг манай компаниас гаргуулахаар нэхэмжилсэн нь ойлгомжгүй, мөн манайхаас өөр компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, манайх өөр компанийн мэдээллийг хадгалдаггүй. Эдгээр газар олголтын захирамж, архитектур төлөвлөлтийн даалгавар, геодез зураглалын ажлын тайлан, барилга байгууламжийн өөрчлөлт зэрэг нь манай компанид байхгүй. Ийм баримтуудыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

******* ГХОХХК-ийн захирал БНСУ-ын иргэн******* нь анх "*******" ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* суманд үйлчилгээтэй 13 давхар орон сууцны барилга барих хөрөнгө оруулалтад өөрийн эх үүсвэрийг гаргахаар тохиролцсон ч 200 сая хүрэхгүй төгрөгийг гаргаж, үлдсэн хэсгийг нь ******* аймгийн иргэдээс хууран мэхлэх замаар мөнгө авч "*******" ХХК-д оногдох автомашины дулаан зогсоолыг худалдах замаар эх үүсвэрийг бүрдүүлсэн нь нотлогдсон.

Нөгөө талаас БНСУ-ын иргэн*******, манай компанийн хооронд "Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ" байгуулагдсан ба гүйцэтгэгчийг талууд зөвшилцөн сонгох замаар гүйцэтгэгч нь барилгыг батлагдсан зураг төсөл, норм дүрэм, гэрээний дагуу барих ёстой байсан ч тэрээр манай компанитай зөвшилцөлгүйгээр "*******" ХХК-ийг сонгож барилгыг барьсан тул дээрх манай компаниас гаргуулахаар нэхэмжилсэн баримт бичгээ нэхэмжлэгч нар өөрийн гүйцэтгэгчээс шаардах нь зүйтэй. Нэхэмжлэлд дурдсан зохиогчийн хяналт хийх гэрээ, газар олголтын захирамж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, техникийн нөхцөл зэрэг баримтууд нь ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, ******* аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, техникийн нөхцөл олгосон ус, дулаан, цахилгааны эрчим хүч, холбоо мэдээлэл хариуцсан зэрэг байгууллагуудад хадгалагдаж байгаа болно. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 5-р хавсралтаар "Барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бүрдүүлэх жишиг баримт бичгийн жагсаалт"-ыг баталсан ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсан баримт бичгүүдээс манай компанид хамаарах буюу "гүйцэтгэгч"-ээс гарган өгөх бичиг баримтыг бүрдүүлж өгөх болно гэжээ.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн тайлбар, татгалзлын агуулга: Бид нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байгаа ба нэхэмжлэгч нартай эрх, ашиг сонирхол нэг байна. Учир нь ******* аймагт баригдсан барилгаас орон сууц үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан ба хариуцагч "*******" ХХК-аас шалтгаалан улсын комисс ажиллуулахгүй, хүлээлгэн өгөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгөх үүргээ биелүүлэхгүй бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Гуравдагч этгээдүүдийн хувьд ******* аймгийн ******* суманд оршин суудаг тул Улаанбаатар хотод очиж шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул биднийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ГХОХХК, БНСУ-ын иргэн******* нарын хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан ******* аймгийн ******* сумын *******багийн нутагт байх ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг Техникийн комисс болон Улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой шаардагдах тодорхойлолт, баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

1. ******* ГХОХХК, БНСУ-ын иргэн******* нар нь ******* ХХК-тай 2017 оны 11 сарын 28-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 17/01 дугаар гэрээ байгуулан ******* аймгийн ******* сумын *******багт байх 12 давхар ******* үйлчилгээтэй, орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийж барилгыг хамтран барихаар харилцан тохиролцсон. Гэрээнд А болон Б тал болж оролцсон. Энэхүү гэрээгээр хамтран захиалагч ******* ГХОХХК нь тус барилга угсралтын ажлыг ******* ХХК-аар хийлгэхээр сонгон 2018 оны 06 сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба ******* ХХК нь барилгыг барьж дуусган 2021 онд ашиглалтад оруулсан.

Газраар хөрөнгө оруулсан хамтран захиалагч ******* ХХК-ийн зүгээс барилгыг ашиглалтад ормогц барилгыг комисст хүлээлгэн өгөхгүй саад болж захиалагчийн болон гуравдагч этгээдүүдийн эзэмших, өмчлөх эрх, ашгийг ноцтой зөрчиж элдэв шалтаг, шалтгаан гаргаж эхэлсэн тул шүүхэд хандсан. Барилгын ажил гүйцэтгэгч ******* ХХК-аас улсын болон техникийн комисс ажиллахад барилгын ажил гүйцэтгэгчээс шаардагдах баримт, бичгүүдийг өөрөөсөө гарган өгөхөд татгалзахгүй гэх тайлбараа удаа дараа гарган зөвшөөрдөг.

2. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* ХХК-аас ******* аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ӨНӨҮГ-т 2024 оны 12 сарын 23-ны өдөр гарган өгсөн Техникийн болон Улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангуулах тухай ******* дугаартай албан бичиг болон хариу болгож авсан ******* аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ӨНӨҮГ-ийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг нотлох баримтаар гарган өгч бид комисс ажиллуулах хүсэлтээ өгсөн гэж тайлбарладаг. Тус бичгүүдэд улсын комисс ажиллуулах хүсэлт өгч байгаа биш, харин ч ойлгомжгүй, өөртөө үүрэг даалгавар өгөхийг үгүйсгэсэн утга агуулгатай байсан тул ******* аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ӨНӨҮГ-аас Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт зааснаар комисс ажиллуулахад шаардагдах баримт бичгүүдээ төрийн байгууллагад ирүүлэхийг мэдэгдсэн байна. Хариуцагч ******* ХХК-аас барилгыг улсын комисст өгөхөөр дээрх бичгээс өөр ямар ч хүсэлт, албан бичгийг төрийн байгууллагад гаргаж өгөөгүй. Барилга баригдаж дууссанаас хойш өнөөдрийг хүртэл 5 жил болж байна.

3. Мөн шүүх ******* ХХК-аас ******* аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ӨНӨҮГ-т 2024 оны 12 сарын 23-ны өдөр гарган өгсөн Техникийн болон Улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангуулах тухай ******* дугаартай албан бичиг болон хариу болгон авсан ******* аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичгүүдийг үндэслэн тус барилгын захиалагч нь ******* ХХК бус харин ******* ХХК болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хуульд болон бодит байдалд нийцэхгүй байна. ******* ХХК нь гүйцэтгэгч ******* ХХК-тай ямар нэг гэрээ хэлцэл байгуулагдаагүй, харин захиалагч ******* ГХОХХК нь ******* ХХК-тай 2018 оны 06 сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байхад энэ талаар шүүх ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулж хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4. Захиалагч ******* ГХОХХК-аас 2021 оны 03 сарын 18-ны өдрөөс эхлэн хариуцагч ******* ХХК-ийг ашиглалтад барилга орсон тул улсын комисс ажиллуулахтай холбоотой баримт бичгүүдээ гарган өгч тооцоог баталгаажуулах, төрийн байгууллагад баримтуудаа хурдан гарган өгч хурдан шуурхай ажиллаагүйгээс орон сууц захиалж, худалдан авсан иргэдэд алданги төлж хохирол учирч байгааг 11 удаа албан бичгээр хүсэлт гарган өгсөн ч шүүх дүгнээгүй. Барилгыг худалдан авсан захиалагчид барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхийг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарган өгөхийг ******* ХХК-аас шаардахад хариуд нь манайх захиалагч биш барилгын захиалагч нь ******* ГХОХХК ба гүйцэтгэгч нь ******* ХХК гэж хэлж хариуцлагаас зугтдаг. Энэхүү маргаанаас болж гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж эхэлсэн байхад шүүх анхаарч дүгнээгүй нь хуульд нийцэхгүй юм.

5. Анхан шатны шүүх Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж байгаа ч маргааны зүйл болсон барилгын ажил гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан цор ганц захиалагч нь ******* ГХОХХК юм. Тэгтэл зүй бус үйлдэл гаргаж байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд биелүүлэхгүй байгаа ******* ХХК-аас болж 2021 оноос хойш тус барилгад улсын комисс ажиллаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байгаагаас өнөөдрийг хүртэл маш их хэмжээний хор, хохирол нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд учирсан болохыг анхаарч үзнэ үү гэжээ.

7. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: ******* ГХОХХК нь 2018 оны 05 сард үүсгэн байгуулагдсан ба улсын бүртгэлд бүртгэгдэж эрх зүйн чадвар нь бий болсон ба 2017 оны 11 сарын 28-ны өдөр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг хамтран ажиллах гэрээний агуулга, зорилт нь ******* ХХК-ийн эзэмшил газар дээр 13 давхар үйлчилгээтэй орон сууц барих агуулгатай байсан ба анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй дүгнэсэн. ******* ГХОХХК өөрийгөө захиалагч гэж буруу ойлгосон байна. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд Барилгын тухай хуульд зааснаар захиалагч нь нэгдүгээрт газар эзэмшигч байна гэж заасан. Хэрэв газар эзэмшигч байхгүй байвал хөрөнгө оруулагч байна гэж заасан. Иймээс хөрөнгө оруулагч нь захиалагч байх боломжгүй буюу ******* ГХОХХК хөрөнгө оруулаагүй бөгөөд иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж барилгыг бариулсан.

БНСУ-ын иргэн******* нь 200,000,000 орчим төгрөг гаргасан. ******* ГХОХХК нь 2018 онд байгуулагдаад 2019 оноос барилгын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Уг компани нь өөрөө хөрөнгөө гаргаж, өөрөө гүйцэтгэх этгээдийг нь сонгохоор гүйцэтгэгчийн хувиар оролцсон. Анхан шатны шүүх Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлаар захиалагч хүсэлт гаргах эрхтэй тухай заасан бөгөөд ******* ХХК-аас хүсэлт гаргасан ч ******* ХХК материалаа өгөхгүй байнга саад хийж байна. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийг хууль зөрчсөн мэт тайлбарладаг ч Барилгын тухай хуулиар захиалагч материалаа бүрдүүлж аваад улсын комисст хүсэлт тавихын тулд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байгаа ******* хот байгуулалт барилга захиалагчийн алба гэдэг байгууллагад хүсэлт тавьж, уг материалыг бүрдүүлэхээр ******* ХХК нь БНСУ-ын иргэн******* буюу ******* ГХОХХК өгнө гэж хэлсэн ч өгдөггүй.

Нэхэмжлэгч тал өөрөө энэхүү ажиллагаанд саад болчихоод эрх ашгийн хувьд харилцан хамааралтай буюу гүйцэтгэгч атлаа ******* ХХК-ийг буруутган нэхэмжлэл гаргасан. Холбогдох материалыг бүрдүүлээгүй байхад бид Барилгын тухай хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангахгүйгээр улсын комисст хүлээлгэж өгөх боломжгүй. Учир нь ******* ХХК анхнаасаа захиалагчаар явж ирсэн бөгөөд өнөөдрийн уг маргааныг үүсгэх нөхцөл байдалд хүрсэн. ******* ХХК-ийн зүгээс бүрдүүлэх материалаа гаргаж өгөхийн бол улсын комисст ороход бэлэн болно. ******* ХХК-аас бичиг баримтаа өгөхгүй байгаа учраас ******* ГХОХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. БНСУ-ын иргэн******* нь ******* ГХОХХК-ийг үүсгэн байгуулсан этгээд мөн боловч Барилгын тухай хуулиар захиалагчийн эрх, үүргийг эдэлж хэрэгжүүлж яваагүй учраас ******* ГХОХХК-тай адилхан байр суурьтай оролцох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ГХОХХК болон БНСУ-ын иргэн******* нар нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан ******* аймгийн ******* сумын *******багт орших ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай баримт бичгүүдийг гарган өгөхийг даалгах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* ХХК нэхэмжлэлээс татгалзан маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орон сууц худалдан авахаар байр захиалгын гэрээ байгуулсан иргэд гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгч нарын талд өөрсдийн байр сууриа илэрхийлэн оролцсон байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамаарал бүхий бөгөөд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

4. ******* ХХК болон БНСУ-ын иргэн******* нарын хооронд 2017 оны 11 сарын 28-ны өдөр ******* Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* сум, Урт булаг багийн нутагт байх 1,865 м.кв талбайтай, орон сууцны барилга барих зориулалт бүхий газар дээр зоорийн давхартаа автомашины зогсоолтой, 1, 2 давхартаа үйлчилгээний талбайтай, 3-11 давхартаа орон сууц, 12, 13 давхартаа пентхаус бүхий 2 орцтой 13 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар талууд тохиролцсон байна.

Гэрээний 3-р зүйлд зааснаар талуудын хэн нь ямар хэлбэрээр хөрөнгө оруулахыг заасан бөгөөд А тал буюу ******* ХХК: барилгын газар, газрыг эзэмших эрх, түүнд холбогдох бусад зөвшөөрөл, газрын хөрсний шинжилгээний дүгнэлт, геодезийн зураглал, уг газарт барих барилгын иж бүрэн зураг төсөл, шаардлагатай бусад бичиг баримтыг (бүх техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх гэх мэт барилгыг барихад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, бичиг баримтыг) бэлэн болгох ажлыг хариуцахаар, Б тал буюу БНСУ-ын иргэн*******: газар дээр барилга барих болон түүнд холбогдох бусад ажлуудыг (барилгын гадна инженерийн шугам, сүлжээ татах, гадна тохижилт хийх гэх мэт) гүйцэтгэж, эдгээрт шаардагдах бүх санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр гаргахаар заажээ.

БНСУ-ын иргэн******* нь хамтран ажиллах гэрээний 11.7-д зааснаар өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2018 оны 05 сард ******* ГХОХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулсныг талууд гэрээний Хавсралт-1-д зааж, цаашид тус компани нь гэрээний Б талын эрх, үүргийг хэрэгжүүлэхээр болсныг баталгаажуулжээ.

Талууд ийнхүү тохиролцсон нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэнийг, мөн ******* ХХК болон БНСУ-ын иргэн*******, түүний үүсгэн байгуулсан ******* ГХОХХК нар дээрх ******* Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний талууд мөн болохыг Улсын дээд шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 19 дугаартай тогтоолд тус тус дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ талаар дахин нотлохгүй бөгөөд дүгнэхгүй.

 

5. Талууд хамтран ажиллах гэрээгээр орон сууцны барилга барьж, бусдад худалдан ашиг олох зорилгын хүрээнд хамтын үйл ажиллагааны хамтран хэрэгжүүлэх нөхцөлийг гэрээний 4.3-т тодорхойлжээ. Иймээс барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой аливаа санал, шаардлагыг гэрээний талуудын хэн нь ч гуравдагч этгээдэд хандан гаргах эрхтэй байна. Учир нь, дээрх зорилгын хүрээнд барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой харилцааны хувьд нэхэмжлэгч БНСУ-ын иргэн*******, ******* ГХОХХК, хариуцагч ******* ХХК нар хоорондоо эрх зүйн маргаантай байгаагаас үл хамааран нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцогдоно.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 4.1.22-т тус тус барилгын ажлын захиалагч болон барилгын хөрөнгө оруулагч гэж хэн байхыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч БНСУ-ын иргэн*******, ******* ГХОХХК, хариуцагч ******* ХХК нарын хувьд хамтран ажиллах гэрээний 3, 4, 5-д зааснаас үзвэл тэдгээрийн хэн аль нь барилгын хөрөнгө оруулагч бөгөөд захиалагч байна.

Тодруулбал, талууд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасан барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг барилга баригдах хугацаанд өөр өөрсдийн хариуцах чиглэлийг хамтран ажиллах гэрээний 5-р зүйлд тодорхойлжээ. Гэрээний 5.1-д зааснаар барилгын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар төрийн байгууллага, иргэдтэй харилцах асуудлыг хариуцагч ******* ХХК хариуцах бол гэрээний 5.2, 5.3-т заасны дагуу барилгын ажил гүйцэтгэх этгээдтэй гэрээ байгуулж, барилгын ажлыг гүйцэтгүүлэх, хяналтын удирдлагыг нэхэмжлэгч ******* ГХОХХК хэрэгжүүлэхээр заажээ.

Иймээс Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан барилгын ажлын захиалагч нь зөвхөн хариуцагч ******* ХХК бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар орон сууцны барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой ажлыг зохион байгуулах цор ганц эрх бүхий этгээд гэж дүгнэхгүй. Түүнчлэн энэхүү ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөх барилгын захиалагч тодорхой бус бөгөөд орон сууцны барилгын газар эзэмшигчийн хувьд ******* ХХК нь барилгын захиалагч гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцээгүй, нэхэмжлэгч нарыг маргаж орон сууцны барилгын талаархи захилагчийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

6. ******* үйлчилгээтэй орон сууцны барилга нь 2021 онд баригдаж дууссан талаархи үйл баримтад талууд маргаагүй ба талууд хөрөнгө оруулалт, ашиг хуваарилахтай холбоотой асуудлаар маргасны улмаас орон сууцны барилгыг Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу байнгын ашиглалтад хүлээлгэн өгөлгүй өнөөг хүрсэн нь нэхэмжлэлийн талаархи хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтаар (1 дэх хавтаст хэргийн 36-66 дахь тал) авагдсан баримтуудад нэхэмжлэгч ******* ГХОХХК 2021 оны 03 сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 сарын 01-ны өдрийн хугацаанд 11 удаа хариуцагч ******* ХХК-д, орон сууц захиалсан иргэдээс 2022 оны 01 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч ******* ГХОХХК-д болон нэхэмжлэгч ******* ГХОХХК-аас ******* аймгийн Газрын харилцаа, Хот байгуулалтын газарт хандан 2021 оны 08 сарын 30, 12 сарын 07-ны өдрүүдэд тус тус хандан ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх асуудлаар харилцан албан шаардлага, хүсэлт гаргаж байжээ. ******* аймгийн Газрын харилцаа, Хот байгуулалтын газрын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 857 тоот албан бичгээр нэхэмжлэгч ******* ГХОХХК-д хариу хүргүүлэхдээ тус барилгын захиалагч ******* ХХК нь ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө сунгуулаагүйг дурдаж, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгчид хандахыг зөвлөжээ.

Хариуцагч ******* ХХК-аас 2022 оны 03 сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгээр ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт хандан ******* орон сууцны барилгыг ашиглалтад оруулахад дэмжлэг хүссэн, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 03 сарын 17-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариуцагч ******* ХХК-д хандан ******* орон сууцны барилгыг 2022 оны 03 сарын 25-ны өдрийн дотор ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах арга хэмжээ авахыг мэдэгдэж байжээ. Мөн хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч ******* ГХОХХК, хариуцагч ******* ХХК нарт хандан барилгыг ашиглалтад оруулах шаардаж байжээ. (1 дэх хавтаст хэргийн 146-148, 151-154 дэх тал)

Хариуцагч ******* ХХК-ийн 2024 оны 12 сарын 23-ны өдрийн ******* тоот албан бичгээр ******* аймгийн Хот байгуулалт, Барилга захиалагчийн албанд хандан ******* орон сууцны барилгад техникийн болон улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулах хүсэлт гаргажээ. Тус албаны 2025 оны 02 сарын 04-ны өдрийн ******* тоот хариу мэдэгдлээр Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан баримт бичгин бүрдлийг хангасан нөхцөлд комисс ажиллуулах хүсэлтийг уламжлах боломжтойг мэдэгдсэн байна. (2 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал)

Дээрх үйл баримтаас өөрөөр ******* орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, улсын комисс ажиллуулах арга хэмжээ авахтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байгааг харьцуулан дүгнээд хариуцагч ******* ХХК-ийг хамтран ажиллах гэрээний 4.1.7-д заасан үүргээ бодитой хэрэгжүүлээгүй, орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж ажилласан байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Энэ тохиолдолд тухайн барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн хувьд нэхэмжлэгч ******* ГХОХХК, БНСУ-ын иргэн******* нар нь хамтран ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхийг гэрээний нөгөө тал болох ******* ХХК-аас шаардах, гэрээний 4.3.2-т зааснаар ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхөөр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна.

Иймээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардагдах Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг нэхэмжлэгч ******* ГХОХХК, БНСУ-ын иргэн******* нарт гарган өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажиллах гэрээний хүрээнд аль нэг талын бусад этгээдтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийн шаардах эрхийг ийнхүү хамтран ажиллаж буй нөгөө тал хэрэгжүүлэх нь хамтран ажиллах гэрээний зорилгод нийцэхээс гадна Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4 дэх хэсэгт Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно гэж зааснаар хамтран ажиллах гэрээний талуудыг бусдын өмнө төлөөлсөн гэж үзнэ.

Тиймээс анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний тал биш гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүгнэлтийг дээрх байдлаар өөрчлөх нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно гэж заасныг зөрчихгүй.

7. Нэхэмжлэгч нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардагдах баримт бичгүүдийг гарган өгөхийг даалгах шаардлагыг мөн гаргасан. Хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2024 оны 10 сарын 24-ний өдөр шүүхэд гаргаж, нэхэмжлэлд дурдсан баримт бичгүүдийн өөрт хамаарах баримтуудыг бүрдүүлж өгөхийг зөвшөөрчээ.

Хамтран ажиллах гэрээний 5.3-т заасны дагуу нэхэмжлэгч ******* ГХОХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2018 оны 06 сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар ******* ХХК дээрх орон сууцны барилгыг барьсан, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. Ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс гадна холбогдох баримт бичгийг мөн адил захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч нарын шаардлагыг хариуцагч ******* ХХК хүлээн зөвшөөрснийг болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардагдах Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг нэхэмжлэгч ******* ГХОХХК, БНСУ-ын иргэн******* нарт гарган өгөхийг хариуцагч ******* ХХК-д мөн даалгаж шийдвэрлэв.

8. Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гомдлыг хангаж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардагдах Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг нэхэмжлэгч ******* ГХОХХК, БНСУ-ын иргэн******* нарт гарган өгөхийг хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ******* үйлчилгээтэй орон сууцны барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардагдах:

- Төслийн үндсэн мэдээлэл,

- Зураг төсөл боловсруулах гэрээ,

- Зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

- Архитектур төлөвлөлтийн даалгавар,

- Техникийн нөхцөл бүрдүүлсэн тухай баримт бичгүүд,

- Газар олголтын захирамж,

- Геодезийн зураглалын ажлын тайлан,

- Магадлалаар баталгаажуулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт,

- Магадлалаар баталгаажуулсан ажлын зураг төсөл, төсөв,

- Зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралтын хамт,

- Зохиогчийн хяналт хийх гэрээ,

- Барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг,

- Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

- Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт,

- Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг хариуцагч ******* ХХК-аас,

- ******* ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,

- Захиалагч, гүйцэтгэгчтэй хийсэн гэрээ,

- Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл,

- Барилгын ажлын ил, далд ажлын акт,

- Барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлсэн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан дүгнэлт,

- Барилга угсралтын ажлын үе шат бүрт хяналт хийсэн тайлан, фото зураг,

- Барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, лабораторийн дүгнэлт,

- Инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн эсвэл өөрийн эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл,

- Тоног төхөөрөмж угсарсан акт, холбогдох байгууллагаар баталгаажуулсан туршилтын баримт бичиг, зааврын дагуу суурилуулахад хийсэн туршилтын дүгнэлтийг хариуцагч ******* ХХК-аас тус тус гаргуулсугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж хариуцагч ******* ХХК, ******* ХХК нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ГХОХХК, БНСУ-ын иргэн******* нарт олгосугай гэж өөрчлөн, нэхэмжлэгч нарын гомдлыг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЭНЭБИШ