| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2023/03857/И |
| Дугаар | 210/МА2025/00761 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00761
|
|
|
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01356 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ид холбогдох
Гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх болон гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол 4,888,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2022 оны 12 сарын 02-ны өдөр *******той худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ******* дүүргийн ******* хороо, ******* *******хотхоны ******* байрны ******* тоот, ******* м.кв ******* өрөө орон сууцыг 236,610,500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 70,983,150 төгрөгийг дансанд байршуулан, үлдэх 165,627,350 төгрөгийг Хаан банкны ипотекийн зээлээр төлөхөөр гэрээнд тусгасан. Түүнчлэн гэрээнд заасан орон сууцны үнээс гадна дагалдах тавилгыг үнэлж нийт төлбөрийг 300,000,000 төгрөг гэж тохиролцсон. Улмаар Хаан банкнаас 2022 оны 12 сарын 30-ны өдөр ипотекийн зээл 150,000,000 төгрөг олгож уг мөнгө миний дансанд орсон ба үлдэх төлбөрийг ******* нь өнөөдрийг хүртэл төлөөгүй. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, шаардсан бөгөөд төлбөрийн асуудлаар харилцан тохиролцохоор эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан ч үл тоож ирээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байна.
Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор ипотекийн зээлээр шилжин ирсэн 150,000,000 төгрөгийг буцаан Хаан банкинд төлж гэрээний зүйл болох орон сууцыг барьцаанаас чөлөөлж өөрийн нэр дээр шилжүүлэн авахад татгалзах зүйлгүй. Иймээс талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 сарын 02-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татвар 4,733,000 төгрөг, нотариатын зардал 135,000 төгрөг нийт 4,888,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******тэй 2022 оны 12 сарын 02-ны өдөр орон сууц "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж ******* дүүргийн ******* хороо, *******, ******* байр ******* тоот, ******* м.кв, ******* өрөө орон сууцыг 236,610,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. ******* нь 2022 оны 12 сарын 30-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 236,610,500 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус үл хөдлөх хөрөнгийг 300,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж гэрээгээр тохиролцоогүй, илтэд худал нөхцөл байдлыг дурдан ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч *******ий хариуцагч *******ид холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол 4,888,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,362,390 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан талаар: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах худалдан авагч ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй урьдчилгаа төлбөрөө шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх хуулийг буруу хэрэглэж, шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрт "нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2 төрлийн үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн ба нэг нь орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх худалдах, худалдан авах гэрээний үүрэг нөгөө нь 86,610,500 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүдэлтэй хөрөнгийг буцаах үүрэг юм" гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн маргааны тухай бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар нэхэмжлэл гаргаагүй. Шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 86,610,500 төгрөг нь Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй бөгөөд банкнаас ипотекийн зээл авах урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхдээ хариуцагч нь үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрөө энхийг сахиулах ажиллагааны цалингаар төлсөн мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон өмнөх шүүх хуралдаанууд дээр зээлсэн гэх тайлбарыг гаргаж байгаагүй бөгөөд хариуцагчийн урьдчилгаа гэж шилжүүлсэн төлбөрийг банкны зээл гаргуулахад нь зориулж, өөрөө шилжүүлсэн талаар тайлбарласан. Мөн хариуцагч тал зээлсэн гэх тайлбар гаргаагүй байхад шүүх хариуцагчийг 86,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн нь хуульд нийцэхгүй юм.
4.2. Анхан шатны шүүхээс иргэний хэргийн маргаанд цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэлгүй дүгнэсэн талаар: Талууд 2022 оны 12 сарын 02-ны өдөр ******* дугаартай Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа 70,983,150 төгрөгийг 2022 оны 12 сарын 05-ны өдөр үлдэх 165,627,350 төгрөгийг Хаан банкны ипотекийн 6 хувийн зээлээр бүрэн төлж барагдуулахаар талууд тохиролцож гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний 4.6-д гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй. Гэрээний 4.8-д худалдан авагч төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа талууд төлбөр төлөгдсөн тухай баримт бичиг үйлдэж гэрээнд хавсаргах бөгөөд худалдан авагч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хуульд тогтоомжид зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй гэж талууд тохиролцон гэрээ байгуулсан. Гэвч ******* гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг төлөөгүй бөгөөд Хаан банкны ипотекийн зээлд хамрагдахын тулд нэхэмжлэгчээс авсан 85,000,000 төгрөгийг иргэн *******, ******* нараар дамжуулан авч банкны ипотекийн зээлд хамрагдах боломжоо хангасан.
Энэхүү төлбөрийг 2022 оны 12 сарын 30-ны өдөр иргэн *******ий Хаан банкны ******* тоот дансанд 86,610,500 төгрөгийг буцаан төлөхдөө байрны урьдчилгаа гэж бичиж шилжүүлснээр энэхүү маргааны эх үүсвэр тавигдсан. Зээлээр эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа 70,983,150 төгрөгийг 2022 оны 12 сарын 05-ны өдөр төлөх байсан боловч иргэн *******ий дансанд төлбөр шилжүүлээгүй нь гэрээний үүргээ зөрчсөн нотлох баримт байгаа болно. Шүүгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхдээ 2022 оны 12 сарын 30-ны өдөр байрны урьдчилгаа гэж төлсөн төлбөр нь Хаан банкны ипотекийн зээлд хамрагдахын тулд бүрдүүлсэн төлбөрөө төлсөн үү эсвэл 2022 оны 12 сарын 02-ны өдөр зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн нөхцөлийг бодит байдлаас зөрүүтэй ойлгож шийдвэрлэн нэхэмжлэгчийг хохироосон. Хариуцагч ийнхүү ипотекийн зээлд хамрагдах нөхцөлөө бүрдүүлсэн нь хэргийн баримтаар нотлогдох бөгөөд гэрээний 3.2-т заасан урьдчилгаа төлбөр төлөгдөөгүй *******ээс авсан мөнгөө буцаагаад өөрт нь зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан байрны урьдчилгаанд төлбөр төлсөн банкны баримт үйлдэж гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь бодит байдал үл нийцсэн байна. Энэ нөхцөл байдалыг 2022 оны 12 сарын 30-ны өдөр шилжүүлсэн төлбөр зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 3.2-т тохиролцсон урьдчилгаа төлбөрийн зөрүү 15,627,350 төгрөг байгаа нь үүнийг нотлох юм.
Нэхэмжлэгч *******ий төрсөн эгчийн охин ******* нь хариуцагч *******ийн эхнэр бөгөөд ах дүүгийн сайн харилцаатай байсан тул зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хийж дүү нараа орон сууцтай болгохын тулд бүх талаар нь тусалж банкны ипотекийн өөрийн компанийн эрх /квот/ хүргэн *******ид ашиглуулж ипотекийн зээлийн оочер дараалал нь 2600 гаруй хүний ард буюу хоёр гурван жилийн дараа нэр нь ирэх байсныг квотоо ашиглуулсанаар сар хүрэхгүйн хугацаанд материалыг бүрдүүлэхэд бүх талаар тусалж, 300,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцаа урьдчилгаа бага мөнгө байршуулах зорилгоор тэдний хэлснээр 236,000,000 төгрөгөөр гэрээ байгуулж, зөрүү төлбөрийг зээл гарсны дараа төлөхөөр тохирсон боловч өнөөдрийн байдлаар *******ий өгсөн төлбөрийг өөрт нь буцаан өгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үүргээ биелүүлэлгүй.
Эцэст нь ******* дүүргийн эвлэрүүлэн зуучлах төвд хандаж гэрээний үүргээ биелүүлэх боломжийн хугацаа өгч эвлэрэх хүсэлт гаргасан боловч хариуцагч ******* нь нэг ч удаа шүүх дээр очоогүй. Шүүхэд очих зав байхгүй гэсэн тайлбарыг өгснөөр эвлэрүүлэн зуучлах төвөөс ******* дүүргийн шүүх рүү хандсан байдаг. *******-ын эвлэрүүлэн зуучлагчийн тайлбар хавсаргав. Хэрэгт авагдсан Хаан банкны зээлийн хувийн хэргээс баримт гаргуулахад "Хамтран зээлдэгч *******-ы эзэмшлийн автомашиныг худалдан борлуулж урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн" гэх албан бичгийг ирүүлсэн бөгөөд Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар худалдсан гэх автомашиныг өмчлөх эрх шилжээгүй эзэмшил *******-ы нэр дээр байсаар байгаа бөгөөд *******, ******* нарын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээ бодитоор хэрэгжээгүй, гэрч *******-гийн мэдүүлснээр автомашин худалдаж аваагүй. *******ий хүсэлтийн дагуу гэрээ байгуулж. автомашины толбор гэх утгаар *******-д мөнгө шилжүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байхад шүүх хариуцагчийг төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Нөгөө талаар, шүүх талуудын хооронд 86 сая төгрөгийн төлбөрийн асуудал байгаа болохыг тогтоосон хирнээ түүнийг худалдах-худалдан авах гэрээний төлбөр бус гэж дүгнэж, хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн мэтээр дүгнэж байгаа нь зөрчилтэй дүгнэлт болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан тавилга бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ 300,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлээр уг гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах, гэрээнээс татгалзсантай холбоотой зардал 4,888,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үнэ 236,610,500 төгрөгийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч, хариуцагчийг 86,610,500 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн орон сууцны үнэд тооцон төлснийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ хэмээн үйл баримтыг буруу тогтоож дүгнэсний зэрэгцээ хэргийн оролцогч бус этгээдийн хоорондын харилцааг зохигчид хамааруулан дүгнэснийг залруулах нь зүйтэй гэж үзлээ.
4. Зохигчийн хооронд 2022 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр нэхэмжлэгч ******* Хан-Уул дүүргийн ******* хороо, *******, ******* байрны ******* тоотод орших ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг хариуцагч *******ид 236,610,500 төгрөгөөр худалдах, хариуцагч үнийг төлөхөөр тохиролцсоныг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
Гэрээний 3.2-т зааснаар орон сууцны үнийг худалдан авагч 2 хуваан төлөхөөр заасан ба хэргийн баримтаас үзвэл хариуцагч ******* 2022 оны 12 сарын 30-ны өдөр Хаан банкин дахь өөрийн ******* тоот данснаас 86,610,500 төгрөгийг байрны урьдчилгаа гэсэн утгаар нэхэмжлэгчийн заасан Хаан банкны ******* тоот дансанд, мөн 150,000,000 төгрөгийг ******* байрны үлдэгдэл төлбөр гэсэн утгаар нэхэмжлэгчийн заасан Хаан банкны ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд энэхүү мөнгөн гүйлгээний талаар зохигч хэн аль нь тайлбарласан байна.
Зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээний 3.1-д зааснаар орон сууцны үнийг 236,610,500 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд орон сууцыг тавилгын хамт худалдаж байгаа тухай, энэ нөхцөлд гэрээний үнэ 300,000,000 төгрөг болохыг талууд энэхүү гэрээгээр тохиролцоогүй байна. Хэрэгт авагдсан бусад баримтаар орон сууцны нийт үнэ 300,000,000 төгрөг бөгөөд үүнд орон сууцны тавилга багтсан тухай нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Иймээс орон сууцны үнэ 236,610,500 төгрөг бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан хариуцагчийн тайлбар, татгалзлыг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэргийн бодит үнэнд нийцсэн гэж дүгнэнэ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
5. Хэрэгт ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн ******* дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан баримт авагджээ. Тус баримтаар зохигчийн хооронд дээрх гэрээний үүргийн зөрчил байсныг нотлоно гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасныг үндэслэл бүхий гэж дүгнэхгүй. Учир нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан баримтад *******: би өөртэй нь уулзана, өөр асуудлууд байгаа, гол нь өөрөө эвлэрэхгүй гээд байгаа гэж хэлсэн нь хариуцагч орон сууцны үнийн зөрүүг болон нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдлийг зөвшөөрснийг илэрхийлэхгүй. Нөгөө талаар, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед талуудын гаргасан аливаа тайлбар нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэж зааснаар шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч маргаж буй орон сууцыг 300,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зоригтой байсан нь түүний зүгээс www.unegui.mn цахим сайтад орон сууцаа 300,000,000 төгрөгөөр борлуулахаар зар тавьж байснаар нотлогдоно гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын энэхүү хожмын байр суурь нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийн тохиролцоо, талуудын гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийг үгүйсгэхгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар зохигчийн гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.
6. Орон сууц худалдан авах гэрээний үнийн урьдчилгаанд хариуцагчийн шилжүүлсэн 86,610,500 төгрөгийн 80,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн өөрийнх нь мөнгө байсан гэх нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн шүүх дүгнэлт хийхдээ хэргийн оролцогч бус *******, ******* нарын хооронд хийгдсэн хэлцлийн эрх зүйн мөн чанар, үр дагаврыг дүгнэж, уг хэлцлийн талуудын хоорондоо шилжүүлсэн мөнгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн ба уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хариуцагч *******ид үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.
*******, ******* нар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийж, хэлцлийн үнэ 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь *******-гаар дамжуулан хариуцагчийн эхнэр *******-д шилжүүлснээр хариуцагч орон сууцны урьдчилгааг нэхэмжлэгчийн мөнгөөр бүрдүүлж, баримтаа банкинд гаргаж өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, үйл явдлыг энэхүү хэрэгт дүгнэхгүй. *******, ******* нар энэхүү хэргийн оролцогч биш бөгөөд хэргийн баримтаас үзвэл тэдгээрийн хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хэлцэл хийгдэж, гэрээний үнэ төлөгдсөн гэж үзэхээр байна.
Иймээс хэргийн оролцогч биш *******, ******* нарын хооронд үүссэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал болон тухайн хэлцлийн үр дагаврыг энэ хэргийн зохигч хариуцах мэтээр дүгнэж шийдвэрлэх боломжгүй юм. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-11 гэж дугаарласан дүгнэлтийг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааруулан дүгнэж, үр дагаврыг шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул энэхүү хэргийн хүрээнд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 80,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлтийг залруулах нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,363,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ