Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 512

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Э.Ундраххэрлэн,

Шүүгдэгч Л.О нарыг оролцуу5лан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Л-н О-т холбогдох эрүүгийн 1903004130247 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ХХК-нд программист ажилтай, ам бүл 7, эх, эхнэр, 4  хүүхдийн хамт, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-н О

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Л.О нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 55 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн авто зогсоол бүхий замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Тоёота Приус маркийн  УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.У-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн Соёлын төвийн ертөнцийн зүгээр хойд зогсоолоор гараад автобусны буудал орох гээд явж байхад гэнэт цагаан өнгийн машин зүүн гуя ташаа хэсэг рүү мөргөсөн. Би газарт унаад хэвтэж байхад жолооч нь бууж ирээд машиндаа суулгаад гэмтэл явсан... гэжээ" /хх-н 18-19-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн №4906 тоот дүгнэлтэд “...Д.Уийн биед баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-48-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч, бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-12/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-71/, Ял шийтгэлийн хуудас /хх-80/, хохирогчид хохирол төлсөн баримт /хх-81-87/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Л.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь хавтаст хэргийн 69-р талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын харъяа лицензийн төвийн эрх хасагдсан гэсэн лавлагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.О нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 55 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн авто зогсоол бүхий замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Тоёота Приус маркийн  УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Уийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-12/, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн №4906 тоот дүгнэлт /хх-48-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

Иймд шүүгдэгч Л.От Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч Д.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2.988.488 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд дээрхи хохирлыг  шүүгдэгчийн зүгээс төлсөн байх тул хохирол төлбөр барагдуулсан гэж үзэв.

Хохирогч Д.У нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхив.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Л-н О-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л-н О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

4. Шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Д.У нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ