| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 191/2025/00731/И |
| Дугаар | 210/МА2025/00765 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00765
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01961 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,996,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******ХХК нь *******д 2024 оны 02 сарын 27-ны өдөр 22,802,000 төгрөгийн, мөн 2024 оны 05 сарын 25-ны өдөр 13,194,000 төгрөгийн үнэ бүхий компьютер, зурагт, цахилгаан дугуй зэрэг барааг хүлээлгэн өгсөн боловч тэрээр өнөөдрийг хүртэл барааны үнийг төлөөгүй байна. Улмаар бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулахыг *******гаас шаардсан бөгөөд шаардлагын дагуу 2024 оны 07 сарын 26-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Иймд 2024 оны 07 сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн актад үндэслэн 35,996,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан барааны асуудал нь анх *******, ******* нар хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх, сан байгуулахаар надтай уулзаж, 300 сая төгрөгийн тусламж хүссэний дагуу тэднийг дэмжихээр болсон. Энэ дагуу *******-гийн үйл ажиллагаанд хэрэглэх тавилга, тоног төхөөрөмжид зориулан барааг хүлээн авсан үйл ажиллагааг нотолсон фото зураг, viber-ийг илгээн баярласнаа илэрхийлсэн байдаг. Улмаар *******ХХК-ийн тоног төхөөрөмжөө авлаа гэсэн зургийг хэрэгт өгсөн байдаг. Тоног төхөөрөмжийг би аваагүй учир хариуцагчаа буруу тогтоосон гэж үзэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд байгаа баримтын талаар *******ХХК нь надтай уулзаж та энэ төсөлд гол хөрөнгө оруулалт хийсэн, *******, ******* нар авсан барааны баримтад гарын үсэг зурсангүй, би баримтгүй боллоо, танай компанид итгэсэн гэж надтай ярилцсан учраас 7 дугаар сард нөхөж баримтад гарын үсэг зурсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 35,996,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 337,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагчийг буруу тогтоосон ба барааг бодитоор хүлээн аваагүй: Шүүхээс намайг *******ХХК-тай худалдах-худалдан авах гэрээний харилцаанд орсон гэж үзсэн боловч би уг барааг бодитоор хүлээн аваагүй. 2024 оны 07 сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан нь үнэн боловч энэ нь *******-гийн залуус болох *******, ******* нартай дунд хугацаанд тохиролцсоны үр дүн юм. Би *******-гийн залуустай *******ХХК-аас хүлээн авсан телевизор, компьютер монитор, гар, маус зэрэг тоног төхөөрөмжийг тоо ёсоор хүлээлгэн өгвөл ******* ХХК төлбөрийг төлж болно гэж хэлэлцсэн. Уг тохиролцоог *******-гийн залуус зөвшөөрсний дагуу би тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Гэвч дараа нь би нэг ч зүйл хүлээж аваагүй бөгөөд *******-гийн залуус надад бараа хүлээлгэн өгөөгүй байхад шүүх надаас 35,996,000 төгрөг гаргуулахаар тогтоосон. Барааг *******-гийн залуус ******* ХХК-аас авсан нь тэдний фото зургаар нотлогддог тул миний хувьд ******* ХХК-аар *******-д 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн хүрээнд оролцсон болохоос бараа худалдан авагч биш юм.
4.2. Тооцоо нийлсэн актад зурсан гарын үсгийн талаар: Шүүх хариуцагч тооцоо нийлсэн актад гарын үсэг зурснаа түүнээс үүсэх үр дагаврыг мэдэж байсан гэж шийдвэрлэсэн. Гэвч энэ нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа надад хамааралгүй. Учир нь би барааг бодитоор хүлээж аваагүй тул төлбөрийн үүрэг надад үүсэх боломжгүй. Бараа худалдах тухай гэрээ хийгээгүй, хэнтэй хийгдсэн талаар ******* тодорхой мэдэж байгаа. Энэ талаархи баримтууд өөрт нь байх ёстой ба шүүхэд өөрт ашигтай баримтуудыг л гаргаж өгсөн. Би гарын үсэг зурсан гэдэг нь автоматаар төлбөрийн үүрэг хүлээсэн гэсэн үг биш бөгөөд зөвхөн тухайн тохирсон нөхцөл (бараа хүлээн авах) биелээгүй тул миний гарын үсэг зөвхөн нөхцөлт тохиролцоог баталгаажуулсан хэрэг юм. Миний гарын үсэг зурсан нөхцөл нь *******-гийн залуус барааг хүлээж авбал төлбөрийг ******* ХХК төлнө гэсэн тохиролцоо байсан бөгөөд энэ нөхцөл хэрэгжээгүй тул надад ямар нэгэн үүрэг ногдох ёсгүй бөгөөд гэрээг байгуулахад талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нийцэх ёстой.
4.3. Хөрөнгө оруулалтын мөнгөний зориулалтын бус хэрэглээ ба ваучерын ээдрээ: *******-гийн залуустай Viber групп чатаар харилцаж байхад тэд хоорондоо хэлэлцэж, *******ХХК-аас өмнөх ваучерын 20,000,000 төгрөгийг өргүй төлж, дахин 18,000,000 төгрөгийн ваучер авч, гуравдагч этгээдэд бараа авах эрхийг өгсөн талаар хэлэлцэж байв. ******* ХХК-аас *******-д 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 42,000,000 төгрөгөөр тавилга, эд хогшлийг ******* ХХК-аас худалдаж авсан. 38,000,000 төгрөгийг *******ХХК-д ваучерын төлбөрт зарцуулагдсан гэж сангийн залуус хэлэлцсэн. Эндээс дараах зөрүүдтэй асуултууд гарч ирэх ба 38,000,000 төгрөгөөр *******ХХК-д төлбөр төлсөн бол өмнөх 20,000,000 төгрөгийн ваучерын өр дарсан, 18,000,000 төгрөгийн ваучерын урьдчилгаа төлсөн гэж үзэгджээ. Гэтэл өмнөх 20,000,000 төгрөгийн ваучер авч өгсөн хүн хэн бэ? Яагаад манай хөрөнгө оруулалтын мөнгөөр хэний ч мэдэгдэхгүй 20,000,000 төгрөгийн өрийг дарсан бэ? Ийм өрийн сүлжээний зөрүүнд *******ХХК яагаад надад болон ******* ХХК-д тооцох байв аа? Хэрэв тэд 20,000,000 төгрөгийн өрийн жинхэнэ эзнээс төлбөрөө авбал *******- *******ХХК-д өргүй болох бус уу? Эдгээр асуудлуудыг нягталж, тогтоолгүйгээр налаас 35,996,000 төгрөг гаргуулах нь шударга бус бөгөөд хуулийн эсрэг, үндэслэл бүхий гэрээтэй зөрчилдсөн үйлдэл юм.
4.4. Хариуцагчийг зөв тогтоох шаардлага: Хэргийн жинхэнэ харилцагч нь би биш *******ХХК-аас барааг хүлээн авч захиран зарцуулсан *******, ******* нар юм. Анхан шатны шүүхэд Тэднийг хариуцагчаар татан оролцуулъя гэсэн миний хүсэлтийг хангаагүй нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн. Энэ тухай баримтууд хэрэгт байхад нотлох баримтаар үнэлэлгүй, ганцхан тооцоо нийлсэн актын хүрээнд шийдвэрлэж, *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх хэргийн бодит байдалд нийцүүлэн зөв тогтоох ёстой. Харилцагчийг буруу тогтоосон, нотлох баримтыг дутуу шалгасан нь энэ зарчмын зөрчсөн. Хэрэв анхан шатны шүүх хуралдаанд ******* болон *******, ******* нарыг оролцуулаад, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг авч, мөн *******аас ******* барааг эхлэхдээ байгуулсан гэрээ, анхны нэхэмжлэх зэргийг гаргуулсан нотлох баримт хадгалагдсан бол хэзээ, хэнтэй, ямар гэрээ, хэлцэл байгуулсан зэрэг нь ямар ч маргаангүй тодорхой болох байсан. ******* нь хариуцагчаар татагдвал зохих этгээд гэдгийг баримтын хүрээнд баталж чадаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг.
Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01961 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Улаанбаатар сангийн хөрөнгө оруулалт болон бараа бүтээгдэхүүний зарцуулалтыг хариуцдаггүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******гаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,996,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг барааг хүлээн аваагүй тул төлбөрийг хариуцахгүй, хариуцагчаа буруу сонгосон гэсэн тайлбар гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэн маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 22,802,000 төгрөгийн, мөн 2024 оны 05 сарын 25-ны өдрийн 13,194,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхэд дурдсан нийт 35,996,000 төгрөгийн 9 нэр төрлийн барааг хариуцагч хүлээн авсныг илэрхийлж тус баримтын үйлчлүүлэгч хэсэгт, мөн барааг нийлүүлсний дараа талууд өгсөн, авсан зүйлээ 2024 оны 07 сароын 26-ны өдрийн байдлаар баталгаажуулсан тухай Тооцоо нийлсэн акт-ын төлбөр хариуцагч тал гэсэн хэсэгт хариуцагч ******* тус тус гарын үсэг зурсан нь хариуцагч барааг хүлээн авсныг нотолж байна.
Хариуцагч эдгээр баримтад дурдсан барааг хүлээн аваагүй, харин өөр этгээд буюу *******, ******* нар өөрсдийн хэрэгжүүлж буй төсөлд зориулан барааг хүлээн авсан, бараа худалдан авсан баримтад хожим гарын үсэг зурсан гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан хэдий ч дээрх төлбөрийн нэхэмжлэх, тооцоо нийлсэн баримтыг үгүйсгэж, няцаасан тухай татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотолж чадаагүй байна.
Зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүссэнийг илэрхийлсэн дээрх баримтыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
5. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь худалдах-худалдан авах гэрээний нэг тал буюу худалдан авагч болохын хувьд барааг өөрөө хүлээн авсан гэж дүгнэнэ. Учир нь гэрээний зүйл болсон барааг худалдан авагч өөрөө захиран зарцуулахгүйгээр барааг хүлээн авах этгээдийг нэрлэн зааж, худалдагч уг этгээдэд барааг хүлээлгэн өгсөн нь хариуцагч гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн хариуцагч дээрх баримтуудад гарын үсэг зурсан талаар маргаагүйн зэрэгцээ энэ үедээ Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн утгыг бүрэн ойлгож, үр дагаврыг ухамсарлан хариуцах насанд /18 нас/ хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай хүний хувьд тухайн баримтыг үйлдсэн гэж үзнэ.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас барааны үнэ 35,996,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангахгүй. Шүүх 2025 оны 02 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулжээ. Хариуцагч 2025 оны 03 сарын 11-ний өдөр гаргасан тайлбартаа *******, ******* нарыг хариуцагчаар оролцуулахаар гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй буюу хэнд холбогдуулан ямар шаардлага гаргах нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч хэрэгжүүлэхийг хүссэн нь хуульд нийцээгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 03 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд эдгээр хүмүүсийг гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргахдаа мөн хуулийн 43 дугаар зүйлийн 42.2, 43.5 дахь хэсэгт заасан журмын дагуу гаргаагүй буюу гэрчээр асуулгах этгээдийн хаяг, холбоо барих утасны дугаар тодорхойгүй учир гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байх тул шүүх уг хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгахгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01961 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ