| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/01119/И |
| Дугаар | 210/МА2025/00766 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00766
|
|
|
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02106 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,881,372 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай байгууллага *******тай 2019 оны 05 сарын 31-ний өдөр ******* тоот Зээлийн гэрээ байгуулан 3,700,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 1 сарын 3.5 хувийн хүүтэй зээл олгож, *******улсын дугаартай автомашиныг унаж явдгаар зээл олгосон. Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлээ төлдөггүй. Автомашинаа хүнд худалдсан ч тэр хүнээс мөнгөө бүрэн аваагүй учраас зээлээ төлөөгүй гэж тайлбарладаг. Иймд зээлийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй байх тул 2024 оны 02 сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2,911,523 төгрөг, зээлийн хүү 5,086,685 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 850,164 төгрөг, нийт 8,881,372 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие ******* ХХК-ийн нэхэмжилж буй 8,881,372 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 8,881,372 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 157,052 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс зохигчдийн хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр явагдах, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хэрэгжих, зохигчид, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох, үгүйсгэх замаар мэтгэлцэх, зохигчид шүүх хуралдаанд биеэр оролцох зэрэг үндсэн зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн байна гэж үзэж байна. Энэхүү зарчмуудыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хангагдаж байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02106 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,881,372 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
4. Зохигчийн хооронд 2019 оны 05 сарын 31-ний өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК 3,700,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч ******* уг зээлийн хүлээн авч, гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон талаар зохигч маргаагүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсаныг зөв тодорхойлжээ. Талууд зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3-т зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохиролцсон нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөл зохих гэрээний үүргийг 2024 оны 02 сарын 13-ны өдрийн байдлаар тооцож, үндсэн зээл 2,911,523 төгрөг, зээлийн хүү 5,086,685 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 850,164 төгрөг, нийт 8,881,372 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа шүүхэд нотлоогүй байна.
Иймээс анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 8,881,372 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Талууд *******улсын дугаартай, ******* загварын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч тус гэрээний үүргийг шаардаагүй тул шүүх зохигчийн хооронд байгуулсан фидуцийн гэрээг үнэлээгүй гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.
5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, хариуцагч талын хуульд заасан эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэргийн баримтаас үзвэл шүүх талуудад 2025 оны 03 сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2025 оны 02 сарын 14-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэнийг хариуцагч ******* товыг мөн сарын 21-ний өдөр, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д мөн өдөр түүний ******* дугаараар дамжуулан тус тус мэдэгджээ. Улмаар товлогдсон шүүх хуралдаан 09:06 цагт эхэлсэн боловч хэргийн оролцогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.
Иймээс товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх нь хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд зохигчийн мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,052 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ