Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 137

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Хохирогч Э.Ж ,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,

Шүүгдэгч Ш.Б , Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Б , мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915001890117 дугаартай, 163/2019/0142/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар  хотын СүхБ  дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д  овогт Ш.Б .

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д  овогт Ш.С.

          Шүүгдэгч Ш.Б , Ш.С  нар нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Ж тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа шүүгдэгч Ш.С нь Э.Ж ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Б  нь толгойн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйж байна гэх мэдүүлэг,

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ж ын өгсөн: Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн нийлсэн хонио ялгахаар хөдөө явсан. Хөдөө очоод С , Б  хоёртой таартал тэр хоёр 1 пиво задалсан байхаар нь хамт жаахан уусан.  Удалгүй тэр хоёр дахин 1 шил архи гаргаж ирсэн. Хамт архи уугаад сууж байхад Т   ах ирж “архи уулаа, хонио ялга”  гэж намайг загнасан. Энэ хооронд С , Б  хоёр сумын төв рүү явсан. Архи дуусахын алдад Б  ах ирсэн. Тэгээд би  Д тай сумын төв орж дахин 2 шил 0.5 экс нэртэй архи аваад хөдөө Д гийн гэрт очиж уухаар явсан. Архиа ууж байтал Б  ах араас ирсэн. Манай эхнэр Д гийн эхнэрийн утас руу залгаж надтай ярьсан. Би түүнд намайг ирж аваарай гэж хэлсэн. Д гийн гэрт С мөн ирсэн. Орж ирэнгүүтээ үгийн зөрүүгүй надруу дайрч, намайг “А гийн хулгайч, танайх удмаараа хулгайч биздээ” гэж хэлж намайг цохиод авсан. Бид хоёр ноцолдсон. Ингээд би  гэрлүүгээ харихаар болж машин руугаа явж байхад намайг Б  цохисон. Үүнээс болж ухаан алдсан байсан ба шөнө 1 цагийн үед эмнэлэгт сэрсэн. Одоо байнгын эмчилгээтэй байгаа, гомдолтой байна. ...Эмчилгээний зардалд нэхэмжилсэн 7634492 төгрөгийг шүүгдэгч төлсөн, үүнээс хойш гарсан эм тариа, шүүх хуралдаанд ирсэн зардалд 527950 төгрөг, малчин авч ажиллуулсаны зардалд 3600000 төгрөг, хотод эмчилгээ хийлгэх хугацаанд манай эхнэр намайг асарч байсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учир хотод байр түрээслэсний төлбөр 6600000 төгрөг, Оточ манал эмнэлгийн зардал 1100000 төгрөг, нөхөн төлбөрт 3840000 төгрөг, нийт 15667950 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэжээ.

1915001890117  дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэрч Д.Д ын өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үдээс хойш 16 цагийн багцаанд...би эхнэр Н ийн хамт Д гийн яваад орсон чинь... Ж  эхнэр У тай, С , Б , Т   эхнэртэйгээ, гэрийн эзэн Д  түүний эхнэр баахан хүмүүс архи уугаад байж байсан. Очоод удаагүй байхад Ж , С  хоёр маргалдаад байсан...гэх мэдүүлэг /хх-н 47-48/, ...С , Ж  нар адуу мал ярьж байгаад маргалдаад унасан. Тэгээд тэр хоёр гадаа гарч зодоон хийхээр болоод хоёулаа дээгүүрх хувцасаа тайлаад цээж нүцэглээд гараад ...гараараа зохилцож зодоон хийсэн. ...Т   ирээд Ж г салгах гээд нөгөөдөх нь дийлдэхгүй, үгэнд нь орохгүй байсан. ...Тэгээд би Ж г С оос салгаж аваад цааш нь машинд нь суулгах  гээд очоод зогсож байхад Б  Д гийн гэрийн гадаа ...модон сандлаар Ж ын толгойн баруун талд цохиод авсан. ...Ж  гар унаад бөөлжөөд байсан...эхнэр нь сумын эмнэлэг рүү машинаараа аваад явсан. ...Ж , С нар зодоон хийсний дараа салгахад Ж гийн зүүн нүд нь улайчихсан байсан. Үүнээс өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. ...С , Б  нар хамжиж Ж г зодсон асуудал байхгүй, Б  нь дүү С ийгоо салгаж аваад байсан юм”  гэх мэдүүлэг /хх-50-51/,

Гэрч М.Н ийн өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үдээс хойш ойролцоо байдаг Д гийнд яваад очиход ...Ж  эхнэр У тай, С , Б , Т   эхнэртэйгээ, гэрийн эзэн Д , эхнэр нь гээд эд нар архи ууж байсан. Очоод удаагүй байхад Ж , С  хоёр маргалдаад байсан. Би нялх хүүхэдтэй, хүүхдээ хөхүүлээд байж байхад У  “нөхрийг маань сандлаар цохичихлоо, алчихлаа” гээд бахираад гэрт орж ирсэн. Гараад харахад Ж  машиныхаа наана хэвтсэн харагдсан. Би “хүний толгой хагалж байгаа юм бишүү, яаж байгаа юм бэ” гэтэл Б  дуугүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-53 тал/, ...анх Ж , С  нар харилцан зодоон хийсэн ба тэр хоёрыг маргалдаж, зодоон хийж байх хугацаанд бол Б  зүгээр л сууж байсан. Дүүтэйгээ нийлээд зодож, цохисон зүйл байхгүй, харин сүүлд нь л сандлаар цохичихлоо гэж байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бүгд л гэрийн гадаа байсан учраас хэн, хэн яаж зодсоныг бүгд харсан учир мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,

Гэрч П.Ц ын өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байхад өглөө С ирсэн, тэгтэл манай хүн “ойрд ирээгүй ах ирлээ” гээд нэг том пиво, 0.5 граммын нэг шил архи гаргаад  тэрийг хувааж уугаад сумын төв орно гээд явсан.  Тэгээд 14 цагийн багцаанд Д , Ж , Д  ах нар ирээд  архи ууж байхад Т   ах эхнэртэйгээ, С  нар ирээд нийлээд архи ууцгаасан. Ж , С  нар маргалдаж ноцолдоод эд нар салгаад байсан удалгүй У  эмч ирээд нөхөр Ж гаа авч явах гээд дийлэхгүй байсан. Тэгээд дахиад Ж , С  2 ноцолдож байгаад Б  руу дайраад байх шиг байсан.  Нэг харахад Б  сандал аваад Ж гийн толгой руу цохисон..." гэх мэдүүлэг /хх-59-61тал/,

            Гэрч А.Д гийн өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...С манайд ирээд ...манайх нэг том пиво гаргасан, ...манай гэрийг мялаахад нь 0.5 граммын “Хараа” архи гаргаад уусан. Тэгтэл С сумын төв орох хэрэгтэй байна гээд надаар мотоцикль бариулж сумын төв ороод 2 шил архи, 1 том пиво аваад буцаж явахад ...хонин  дээрээс Ж  ирж, бид цуг архиа ууж байтал Т   ирсэн. ...Нэг шил архийг хувааж уугаад дуусахад Ж  надтай сумын төв ороод хоёр шил 0.5-ын экс, би нэг шил 0.5-ын экс аваад манайд очиход өдрийн 14 цаг болж байсан. Манайд манай эхнэр, А , манай ойролцоо байдаг Д  ах эхнэртэйгээ байсан, бид хэд архиа гаргаад ууж байхад Т  , түүний эхнэр, С нар ирээд архи уусан. Тэгээд удалгүй гаднаас Б , нилээн хойно Ж гийн эхнэр У  ирсэн. Тэгээд архи дуусахын алдад С , Ж  хоёр маргалдаад цохилцож авсан, тэгэхээр нь гадаа гарч салгаад байж байхад нь Ж гийн ах Т   “чи яасан уур омогтой хүн бэ” гээд  Ж гаа хэд цохиод автал хоёр эхнэр нь салгасан. Гэтэл Ж  дахиад С руу дайраад ийш, тийш нь авч шидээд байсан, С их согтсон байсан. Тэгтэл ах Б  руу нь Ж  салаавч өгөөд доромжлоод хэрэлдээд байх шиг байсан. Тэгтэл Б  уурлаад данх авч шидээд барилцаад авахад нь бид нар салгатал Б  сандал шүүрч аваад цохьсон Ж , Д  хоёр ташраараа унасан. ...Ж г Б  сандлаар цохисон” гэх мэдүүлэг /хх-63-64 тал/,

            Гэрч Ц.Т  ын өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө би хоньтойгоо гол руу орж ирээд дүү Ж д “хөдөө гараад сувай хонио ялгах хэрэгтэй байна” гэж хэлээд хонио тууж аваачиж хашчихаад хүлээгээд байсан ирэхгүй болохоор нь урдаас нь явсан чинь голын наад талын замын хажууд Ж , Д , С нар архи уугаад сууж байсан...архинаас нь хувааж уугаад ...С той сумын төв ороод  2 шил архи аваад эргэж хөдөө гараад хонио гаргачихаад эхнэрийн хамт Д гийнд очсон, ...архиа гаргаж уусан. Тэгээд байж байхад  Ж , С нар  маргалдаад ноцолдоод байсан ба бид нар салгаад байсан.  Тэгэхэд нэг харахад Б  сандлаар цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 тал/, ...Тэгээд архи дуусахын алдад С , Ж  хоёр ноцолдоод нүүр рүүгээ цохилцоод барилцаж аваад салахгүй болохоор нь би Ж ыг салгаж аваад  “чи яахаараа хүнтэй муудаж зодоон хийдэг юм бэ” гэж загнаад 2 гараараа цээж хүү нь түлхэхэд  Ж  газар унасан... хөлөөрөө өшиглөсөн чинь эхнэр нь салгасан” гэх мэдүүлэг /хх-69 тал/,

            Гэрч Ц.Н гийн өгсөн: “...Д гийнд очсон чинь баахан хүмүүс архи ууж байсан. Тэгээд байж байхад Ж , С хоёр тоглоод байгаа бололтой нэг нэгнийгээ үгээр идэж байснаа С нь “хулгайч А гийн  хүүхэд” гэж хэлээд барилцаад авсан. Тэгээд эхнэрүүд нь салгаад машиндаа суулгах гээд байж байхад нь гэнэт Ж г Б  сандлаар цохисон байна, уначихлаа гэсэн.  Б ийг цохисон гэдгийг би хараагүй, эргээд харахад Б  сандлаа газар хаяж байсныг харсан” гэх мэдүүлэг /хх-70-72 тал/,

Гэрч Б.У гийн өгсөн: “...Намайг очиход Д гийн гэрт Д , түүний эхнэр Ц , Д , түүний эхнэр Н  5 сартай хүүхэдтэйгээ, Ж , Б  нар архи уугаад, юм яриад инээж хөөрөөд сууж байсан. Удаагүй 15 минутын дараа Т   ах, Н  эгч, С нар ирсэн. С орж ирэнгүүтээ Ж  руу “чи хулгайч А гийн шээс биздээ” гээд үгээр идээд хэрүүл хийгээд заамдаж аваад зүүн хацар руу нь гараараа нэг удаа цохиод, тэр хоёр заамдалцаад гэрээс гараад зодолдсонг Д  салгасан. Т   ах Ж ыг “чи яахаараа хүнтэй муудаж зодоон хийдэг юм бэ” гэж загнаад 2 гараараа цээж рүү нь түлхэхэд  Ж  газар унасан чинь Т   ах цээж рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед нь Н  эгч бид хоёр салгаад Ж  машин руугаа алхаад явсан, би газар унасан хувцасыг нь хамаад эргээд хартал Б  гэрийн үүдэнд байсан жижигхэн, улбар шар өнгийн модон сандлаар Ж ын баруун талын чамархай хэсэг рүү  нь хүчтэй нэг удаа “тагхийтэл” цохьсон, Ж  муураад газар унасан. ...Ж  сэргэхгүй, ухаан орохгүй, ухаангүй байхдаа бөөлжөөд хА с нь цус гарсан, би хөдөлгөхгүйгээр 30-40 минут байлгаад бөөлжихийг нь намдангуут ...сумын эмнэлэгт анхны тусламж үзүүлээд биеийн байдлыг нь тогтворжихоор нь Улаанбаатар  хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү ... би авч яваад тус төв дээр яаралтай тусламжаар оруулж үзүүлсэн, эмч нь хэвтүүлээд толгойн зураг, цээжний зураг аваад...нөгөөдөр нь тархины хүнд хагалгаанд орсон. ...Б , С нар Ж ыг яг нийлээд хоёр талаас нь цохисон зүйл байхгүй. Эхлээд С , Ж  хоёр зодолдсон, зодоон салсан байхад дараа нь  Б  сандлаар Ж ын баруун талын чамархай хэсэгт нэг удаа цохьсон. ...С , Ж  нарыг салгасны дараа би харахад зүүн талын нүдний дотор талд цагаан хэсэгт гаднаас дотогшоо цус хурсан байсан ба зүүн талын нүдний гадна талын үзүүр хэсэгт бага зэрэг хавдартай харагдсан, баруун нүд нь зүгээр харагдсан” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5402 дугаартай:

1. Э.Ж ын   биед   баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн нүдний зовхи, цээж, баруун, зүүн өвдөгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын 3.1.2,  3.1.3-т зааснаар    амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 81 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын   07-ны  өдрийн  773 дугаартай  нэмэлт шинжилгээ  хийсэн  дүгнэлтэд:

1. Э.Ж ын биед учирсан баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

2. Дээрхи гэмтлүүд   нь   мохоо   зүйлийн   хэд   хэдэн   удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гзх цаг хугацаанд үүссэн байх байх

 боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 85-86 тал/,

        Шүүгдэгч Ш.Б ийн яллагдагчаар татагдаж өгсөн: “…Ж  нь босч ирээд Т  тайгаа зодолдоод...тэгээд би тэр хоёрыг салгаад дундуур нь орсон.  Тэгсэн Ж  надруу дайраад намайг “ална, барина” гээд байхаар нь Д гийн гэрийнх нь гадаа байсан улаан өнгийн жижиг модон сандал аваад Э.Ж ын толгой руу 1 удаа сандлаараа цохичихсон. …Тэр үедээ согтуудаа л цохисон байсан. Хохирогчийн толгойн зүүн талд нь цохисон  гэж бодож байна.  Миний еөдөөс харж байхад нь цохисон  санагдаад байна.   Яг  аль   хэсэгт   нь цохисноо бол   санахгүй   байна.  Нэг удаа цохиулаад хохирогч газар унасан. Надаас өөр хохирогчийг сандлаар цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-96 тал/, 

        Шүүгдэгч Ш.С ийн яллагдагчаар татагдаж өгсөн: “…Би угаасаа мэдүүлгээ өгсөн байгаа, дахин ярих юм байхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би “хулгайч” гээд хэлснээс болж муудалцсан, би Ж тай ноцолдож байснаа бүдэг бадаг мэдэж, яг яаж цохисноо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх- 97-98 тал/,  

        Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх-1-7 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-13 тал /, өвчний түүх /хх 17-29 тал /, эд зүйлд үзлэг хийж мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-30-33 тал/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-99-115 тал/, хохирол төлсөн баримт /хх-35,196 тал/, эмнэлгийн болон хохирлын талаарх баримт /хх-120-192 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 116-118 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой шинээр гаргаж өгсөн баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

         Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.

        Дээрхи нотлох баримтуудаар 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт тус сумын иргэн болох А.Д  нь гэртээ Д.Д , Э.Ж , Ш.Б  Ц.Т  , Ш.С нарын хамт  архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, улмаар Э.Ж , Ш.С нар нь согтуурхан хоорондоо маргалдан зодолдох явцдаа Э.Ж ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Э.Ж  Ш.С нарыг салгах явцад Э.Ж , Ц.Т  , Ш.Б  нарын хооронд тааламжгүй харилцаа үүсэж Ш.Б  нь Э.Ж ыг сандлаар цохиж баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун нүдний зовхи, цээж, баруун, зүүн өвдөгт цус хуралт бүхий амь насан аюултай хүнд гэмтэл тус тус учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.

     Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Э.Ж , гэрч Д.Д , М.Н , П.Ц , А.Д , Ц.Т  , Ц.Н , Б.У гийн нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5402, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний  өдрийн  468, 2019 оны 06 дугаар сарын   07-ны  өдрийн  773 дугаартай дүгнэлт, өвчний түүх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жижиг модон сандал зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б , Ш.С нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

     Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б , Ш.С нарын гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдсэн, бие биенийхээ үйлдлийг дэмжсэн үйлдэл, оролцоо тогтоогдохгүй байх бөгөөд хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдсан тэдний үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ш.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Ш.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Ш.Б , Ш.С нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Э.Ж  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээ, оношлогоотой холбоотой зардалд 7634492 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг ирүүлсэн, шүүгдэгч Ш.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч төлсөн байна.

       Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ж  эм тариа, шүүх хуралдаанд ирсэн зардалд 527950 төгрөг, малчин авч ажиллуулсаны зардалд 3600000 төгрөг, хотод эмчилгээ хийлгэх хугацаанд болон цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатайн болсоны улмаас Улаанбаатар  хотод байр түрээслэсний төлбөр 6600000 төгрөг, Оточ манал эмнэлгийн зардал 1100000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 3840000 төгрөг, нийт 15667950 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна. 

       Шүүгдэгч Ш.Б  нь хохирогчийн эм тариа, шүүх хуралдаанд ирсэн зардалд 527950 төгрөг, Оточ манал эмнэлгийн зардал 1100000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нийт 1630000 төгрөгийг шүүх хуралдаан дээр шууд төлсөн тул шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар  хотод байр түрээслэсний төлбөр 6600000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 3840000 төгрөг, малчин авч ажиллуулсаны зардалд 3600000 төгрөгийг гаргуулах тухай нэхмжлэлийн шаардлагын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг хянав.

        Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт болон 2019 оны  7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хохирогч Э.Ж  нь 370 толгой мал бүхий малчин өрх болохыг тодорхойлсон Засаг даргын тодорхойлолт, малчин Г.Г тэй хийсэн бичгийн хэлцэл, сарын хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан 300000 төгрөгөөр тохиролцож, жилийн төлбөр 3600000 төгрөгийг түүний охин Г гийн Д гийн дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтад үндэслэн малчин авч ажиллуулсаны зардалд 3600000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

      Харин хохирогч Улаанбаатар  хотод байр түрээслэх зайлшгүй шаардлага байсан, түүнчлэн хохирогч мал маллаж түүний ашиг орлогоор амьдарч байсан ба гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс малчин авч ажиллуулснаар малын маллагаа, ашиг орлогын хувьд алдагдалд орж орлогогүй болсон болохыг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүйгээс энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

      Шүүгдэгч Ш.С нь малчин авч ажиллуулсаны хөлс 3600000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөө, шүүгдэгч Ш.Б  нь цаашид гаргах эмчилгээний зардлыг төлөхөө тус тус илэрхийлсэн болно.

      Шүүгдэгч Ш.Б , Ш.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ш.Б ийн эрхэлсэн тодорхой ажил орлоготой, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

     Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Б , Ш.С нар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32,5см-ийн өндөртэй, 24см-ийн өргөнтэй, 23х24см модон тавцантай, тавцангийн зузаан 2см, улбар шар өнгийн будагтай, будаг нь захаараа халцарсан, түшлэггүй, 4 хөлтэй модон сандлыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

     1. Шүүгдэгч Д  овогт Ш.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д  овогт Ш.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б ийг 10800 /арван мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.С , Ш.Б  нар нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.

      4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Б , Ш.С нарт тус тус сануулсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 501.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.С оос 3600000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ж ад олгож, хохирогч байрны түрээсийн зардал, нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Б оос нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

       6. Энэ хэрэгт шүүгдэгч  Ш.Б , Ш.С нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32,5см-ийн өндөртэй, 24см-ийн өргөнтэй, 23х24см модон тавцантай, тавцангийн зузаан 2см, улбар шар өнгийн будагтай, будаг нь захаараа халцарсан, түшлэггүй, 4 хөлтэй модон сандал нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.

        7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б , Ш.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

       9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Б , Ш.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД