Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1325

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019         08         26                                  2019/ШЦТ/1325

 

                                                                                          

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Б.С, Б.М, П.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн Б.С, Б.М, П.Ө нарт холбогдох эрүүгийн 1906 04154 1716 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б.С

Б.М

П.Ө

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч П.Ө, Б.С, Б.М нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эрдэнэбатыг зодож биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

        ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С, Б.М, П.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдгээрт холбогдох эрүүгийн 1906 04154 1716 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн орой 22:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сод Монгол шатахуун түгээх станцын дэлгүүрээс автомашины тос худалдаж аваад гараад явж байтал үл таних 4 залуу дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэгсэн нэг залуу нь манай эхнэрийг хөөе нааш ир буудалд очоод хамт хоноё гээд орилсон. Тэгэхээр нь би зүгээр байгаарай залуучуудаа гэж тэдгээр 4 залууд хандаж хэлтэл бусдаасаа арай намхан махлаг биетэй, бор царайтай залуу нь надруу дөхөж ирээд миний духруу толгойгоороо 1 удаа мөргөсөн. Би мөргүүлээд газар унаад газраас дөнгөж бостол нэг залуу ирээд миний цээжин тус газар хөлөөрөө 1 удаа жийж, би газар дахин унасан. Би буцаж босоод тэд нарын машиныг налаад зогстол бусдаасаа хамгийн өндөр, туранхай залуу нь миний зүүн нүдэн тус газар гараараа 1 удаа цохисон. Би нүдрүүгээ цохиулаад дахин газар унатал, намайг зодсон залуучууд нийлээд миний нуруу, бөөрлүү өшиглөөд байсан. Тэгсэн  шатахуун түгээх станцын залуу ирж намайг тэдгээр залуучуудаас салгаж, дэлгүүр рүү оруулсан байсан. Сүүлдээ миний ухаан санаа балартаад юу болж байгааг мэдэхгүй болсон гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Гэрч Г.Тамирын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 7 дугаар сарын 13-ны орой Тэрэлжээс Улаанбаатар явах замд Хонхорын Сод Монгол шатахуун түгээх станцын хүнсний дэлгүүрийн гадаа Б.С, Б.М, Мартбаяр, Мөнхзул, Өлзий-Орших нарын хамт очсон. Машинаас Өлзий-Орших, Б.С, Б.М гурав машинаас буугаад Өлзий-Орших дэлгүүрээс шүдэнз авах гээд дэлгүүр рүү орсон. Би машин дотроо Мөнхзул, Мартбаяр нарын хамт үлдээд, гар утсаараа оролдоод сууж байтал машины хойно хүмүүс муудалцаад эхэлсэн. Би Өлзий-Орших, Б.М, Б.С нарын хоорондоо муудалцаж байна гэж бодоод машинаас буутал Б.С, Б.М, Өлзий-Орших гурав үл таних нэг эрэгтэй хүнтэй муудалцаад зогсож байсан. Хэн нь яаж цохисоныг би хараагүй, гэхдээ хохирогч гэх залуугийн баруун нүдэн тус газар нь хөхрөөд, хавдаад бомбойсон байсан. Тэгэхээр Б.М, Б.С, Өлзий-Орших нар хохирогч гэх залууг цохиж, зодсон байх гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Гэрч О.Мартбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 7 дугаар сарын 13-ны орой Тэрэлжээс Улаанбаатар явах замд Хонхорын Сод Монгол шатахуун түгээх станцын хүнсний дэлгүүрийн гадаа Б.С, Б.М, Өлзий-Орших, Тамир нарын хамт очсон. Б.М эхлээд үл таних залуугийн нүүрэн тус газар нь цохьсон гэж Б.М өөрөө ярьж байсан. Тэгээд Өлзий-Орших үл таних залуугийн цээжин тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,  

 

Гэрч Б.Анхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 7 дугаар 13-ны өдөр 22:16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын Сод Монгол шатахуун түгээх станцаас автомашины тос худалдаж авчихаад машиндаа суух гээд байж байтал үл таних гурван согтуу залуу намайг өдөөд хамт зочид буудал оръё гэх мэтээр доромжилсон. Тэгсэн манай нөхөр Эрдэнэбат намайг өмөөрч нөгөө үл таних 3 согтуу залуутай маргалдсан. Тэгсэн намхан бор махлаг залуу нь манай нөхрийг толгойгоороо мөргөөд манай нөхөр газар унасан. Манай нөхөр газар унаад босоод иртэл бас нэг намхан жижиг биетэй бор залуу нь манай нөхөрийн цээжин тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж газар унагаагаад, бас нэг өндөр биетэй, туранхай, баруун хөлний шилбэнд шивээстэй шар залуу нь манай нөхрийн дээрээс хөлөөрөө дэвсэлсэн. Би нөхрөө тэдгээр залуугаас салгах гэтэл надад дийлдэхгүй байсан. Би цагдаад дуудлага өгч байтал баруун талын шанаандаа шалбарсан сорвитой залуу нь чи цагдаад дуудлага өгдөг хэн бэ гээд намайг түлхтэл би гар утсаа гараасаа унагаж алдаад дэлгэцийг нь хагалчихсан. Тэгээд Сод Монгол шатахуун түгээх станцын дэлгүүр рүү ороод худалдагчийн гар утсаар нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

            Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 7 дугаар сарын 13-ны орой Хонхорын Сод Монгол шатахуун түгээх станцын хүнсний дэлгүүрийн гадаа манай найз Б.М, П.Ө, Марта, Мөнхзул, Тамираа хоёрын хамт очоод, дэлгүүр рүү Б.М тамхи авах гэж орсон. Дэлгүүрээс гарч ирээд дэлгүүрийн гадаа үл таних нэг залуутай муудалцаад миний харахаар Б.М нөгөө үл таних залуугийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн Өлзий-Орших нөгөө хоёр дээр очоод үл таних залуугийн цээжин тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаас бууж очиж тэр гурав зууралдаад барьцалдчихсан зогсож байхаар нь салгасан. Тэгээд би 2 найзтайгаа муудалцаад, 2 найзынхаа цээжин тус газар нь гараараа нэг, нэг удаа цохисон. Тэгсэн нөгөө үл таних залууг эхнэр нь ирээд шатахуун түгээх станцын баруун үзүүрлүү салгаад аваад явсан. Нөгөө залуу бид гурвыг пизда, гөлөг гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би нөгөө залуу дээр очсон. Бид хоёр маргалдаад байж байтал манай найз Өлзий-Орших гүйж ирээд нөгөө үл таних залуугийн цээжин тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн.Тэгэхээр нь би Өлзий-Оршихийг болиоч гээд цааш түлхсэн. Тэгсэн Тамираа хүрч ирээд Өлзий-Оршихийг цааш нь салгаад аваад явсан. Тэгсэн нөгөө үл таних залуу надтай дахиад муудалцаад би тэр залуугийн зүүн талын шанаан тус газар нь гараа зангидаж байгаад 2 удаа цохисон. Тэгсэн нөгөө залуугийн энхэр нь тэр залууг шатахуун түгээх дэлгүүр рүү авч ороод цагдаад дуудлага өгсөн байсан. Нөгөө үл таних залуугийн эхнэр бид нарын машины түлхүүрийг аваад дэлгүүрлүү орчихсон. Бид нар машиныхаа хажууд зогсож байтал цагдаа нар ирээд П.Ө, Б.М бид гуравыг эрүүлжүүлэх байранд хүргэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 07 дугаар сарын 13-ны орой Тэрэлжээс Улаанбаатар явах замд Хонхорын Сод Монгол шатахуун түгээх станцын хүнсний дэлгүүрийн гадаа манай найз Б.С, Өлзий-Орших, Марта, Мөнхзул, Тамираа нарын хамт очоод, Өлзий-Орших бие засах гээд явсан. Би араас нь буугаад дэлгүүр орох гэж яваад хохирогч гэх үл таних залуугийн эхнэрийг танилцъя хамт явъя гэж хэлж хоргоосон. Тэгсэн хохирогч гэх үл таних залуу эхнэрээ өмөөрч надтай маргалдаад толгойгоороо толгойн тус газар нь 1 удаа мөргөхөд нөгөө залуу газар унасан. Тэгсэн Өлзий-Орших хүрч ирээд нөгөө үл таних залууг цохисон. Хаашаа нь яаж юугаар цохисныг нь санахгүй байна. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Болж байгаа үйл явдалыг ухамсарлах, санах бүрэн чадваргүй байсан. Тэгсэн Б.М хүрч ирээд нөгөө залууг цохисон. Хашаа яаж хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгээд л Б.С, Өлзий-Орших бид гурав нийлээд нөгөө үл таних залууг зодсон. Хэн хэн хаашаа нь яаж, юугаар цохисоныг бол мэдэхгүй байна. Би тухайн үед нэлээн согтуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Шүүгдэгч П.Өын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 07 дугаар сарын 13-ны орой Тэрэлжээс Улаанбаатар явах замд Хонхорын Сод Монгол шатахуун түгээх станцын хүнсний дэлгүүрийн гадаа манай найз Б.С, Б.М, Мартбаяр, Мөнхзул, Тамираа нарын хамт очоод, би дэлгүүр орж шүдэнз аваад дэлгүүрээс гараад иртэл Б.М үл таних нэг залуутай муудалцаад, маргалдаад зогсож байсан. Би тэр хоёр дээр очоод нөгөө залуугийн цээжин тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгсэн миний араас хэн нэгэн хүн ирээд намайг тэвэрч аваад машин руу хийсэн. Тэгэхээр нь би машины нөгөө талын хаалгаар нь буугаад очих гээд явж байтал Тамираа урдаас хүрч ирээд одоо больцгоо гээд намайг машинд дахиад суулгасан. Нэг мэдсэн бүгд л машиндаа сууцгаачихсан байсан. Тэгээд явах гэтэл цагдаа дуудчихсан гээд машины түлхүүрийг авчихсан явуулахгүй байсан. Цагдаа нар ирээд Б.С, Б.М, бид гурвыг эрүүлжүүлэх рүү аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8619 дугаартай:

Б.Эрдэнэбатын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хохирогч Б.Эрдэнэбатын гомдол саналгүй, хохиролд 2.000.000 төгрөг хүлээн авсан гэх хүсэлт /хх-ийн 131 тал/,

Б.М, Б.С, П.Ө нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39, 40, 42 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38, 41,  тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-45 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.С, Б.М, П.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Б.С, Б.М, П.Ө нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Б.С, Б.М, П.Ө нарыг иргэн Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.С, Б.М, П.Ө нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

                    ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б.С, Б.М, П.Ө нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.          

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Б.М, П.Ө нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Б.М, П.Ө нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэргийн учир шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

  

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С, Б.М, П.Ө нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Б.М, П.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ