Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00767

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02224 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын тушаал хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2014 оны 03 сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэл *******ХК-д *******ээр ажилласан ба энэ хугацаанд алдаа зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ******* салбарын үйлчилгээний ажилтны орон тоо хасагдсан учраас цаашид ажиллах боломжгүй болж, ******* салбарт шилжүүлэх болсныг салбарын захирал хэлсэн. Би гэрээс хол ажиллах хүндрэлтэй талаар Хүний нөөцийн ахлах мэргэжилтэнд хэлж өргөдөл өгсөн ч хариу өгөөгүй. Тухайн үед хөлний бэртэлтэй байсан учраас өргөдлийн хариу шийдвэрлэх хүртэл ажилд очиж чадаагүй. Гэтэл намайг ******* салбар руу шилжүүлэх тушаалаа надад танилцуулж, өргөдөлд маань хариу өгөлгүйгээр хөдөлмөрийн гэрээний ажиллах байршилд өөрчлөлт оруулж шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажлаас халах тушаал гаргасан байсан. Ингэхдээ сахилгын зөрчлийн талаар огт танилцуулаагүй, тайлбар авч бодит байдлыг харгалзан сахилгын шийтгэлийг оногдуулаагүй нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний ажиллах байршилд өөрчлөлт оруулахдаа надаас санал асуугаагүй, урьдчилан мэдэгдээгүй. Иймд *******ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн ******* тоот, 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******тоот тушаалуудыг хүчингүйд тооцож, намайг урьд эрхэлж байсан *******ын салбарын *******ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******ХК-ийн ******* бүс түүний харьяа салбаруудын цэвэрлэгээ, үйлчилгээний ажлын *******гийн байгууллагад шилжүүлж байгаатай холбогдуулан *******гийн ажиллаж байсан ******* салбарын Үйлчилгээний ажилтны орон тоог *******ны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалаар хассан. Улмаар *******г түүний банканд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, тууштай байдлыг үнэлэн гүйцэтгэх захирал тэргүүн орлогчийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******тоот тушаалаар *******ХК-ийн ******* салбарт үйлчилгээний ажилтнаар томилсон. *******ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 07 сарын 07-ны өдрийн ******* тоот тогтоолын Хавсралт 1-ийн дагуу *******ХК-ийн дүрмийг баталсан. Тус дүрмийн 11.6.10 дахь заалтад ТУЗ-өөс баталсан зардлын хэмжээнд багтаан банкны ажилтнуудын орон тоог тогтоох гэж заасны дагуу гүйцэтгэх захирал нь банкны ажилтнуудын орон тоог тогтоох эрхтэй. *******г түүний банканд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, тууштай байдлыг үнэлэн гүйцэтгэх захирал тэргүүн орлогчийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******тоот тушаалаар *******ХК-ийн ******* салбарт үйлчилгээний ажилтнаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, Банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, 80.1.1 дэх заалтыг үндэслэж ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд ажлын байрны байршлыг ******* салбар болгон өөрчилсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг үндэслэн *******ХК нь гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн ******* тоот тушаалаар *******ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын шинэчилсэн найруулгыг баталсан. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.13 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгоно гээд, 2.13.3 дахь заалтад ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 өдөр ажил тасалсан нь удаа (2-оос дээш удаа) давтагдаж байгаа гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхиж явах, ажил үүргээ гүйцэтгэхгүй байхыг хориглосон. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасанг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тусгайлан заах ёстой байна.

*******ХК нь 2024 оны 01 сарын 02-ны өдөр *******тай ******* тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Тус гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт ажилтны гаргасан ямар үйлдэл, эс үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэхээр талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд тусгасан ба 11 дүгээр зүйлийн 11.2.15-д  Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, нэг улиралд ажлаас хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь 16 цаг буюу түүнээс дээш болсон гэж заажээ.

Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 28 дахь хэсэгт ...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ хэмээн тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн гэрээс хол гэх шалтгаан нь Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч ******* нь гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******тоот тушаалаар *******ХК-ийн ******* салбарт 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс ажиллахаар томилогдсон хэдий ч томилогдсон өдрөөсөө эхлүүлэн ажлын байран дээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй байна. Энэхүү үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн ******* тоот тушаалаар нэхэмжлэгч *******г ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******тоот 2024 оны 03 сарын 27-ны өдрийн ******* тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулж, ******* салбарын *******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хуульд үндэслээгүй тухай: ******* нь *******ХК-ийн ******* салбарт ******* албан тушаалтайгаар ажилладаг байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд ******* салбарт ажиллуулах тухай тусгайлан заасан байдаг. Гэсэн хэдий ч *******ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-т заасан ажил үүрэг гүйцэтгэх байршил болох хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлд өөрчлөлт оруулахдаа ажилтны саналыг харгалзан үзээгүй болно. Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйл 52.1 дэх хэсэгт "Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно" гэж заасан хуулийн хэрэгжилтийг хангаагүй байна. *******ХК нь ******* салбарт *******ийн албан тушаалын орон тоог хассан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл 80.1.1-т заасны үндсэн дээр ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцлах үндэслэл бүрдсэн. Үүнтэй холбоотойгоор ажилтанд хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай ажилтанд мэдэгдэж харилцан тохиролцсоноор ******* салбарт ажиллах гэрээг байгуулах, эс зөвшөөрсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасны дагуу олгох үндэслэлтэй байсан. Анхан шатны шүүхийн зүгээс гэрээний үндсэн нөхцөлд өөрчлөлт оруулж байгааг Улаанбаатар хотын бүс хэмээн илт үгүйсгэж нотлох баримтыг буруу үнэлэн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг буруу тайлбарласан.

4.2. Шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтныг ажлаас халсан нь үндэслэлгүй тухай: *******ХК нь 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******тоот тушаалаар ажилтан *******г ******* салбар луу шилжүүлэн томилсон, түүнээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан нь хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарах тул 2024 оны 03 сарын 27-ны өдрийн ******* тоот тушаалаар ажлаас халсан гэж тайлбарладаг. Чухамдаа *******гийн зүгээс ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байгаад зогсохгүй цаашид хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл болох ажлын байршил өөрчлөгдөж байгаа тохиолдолд үргэлжлүүлэн ажиллах эсэх дээр шийдвэрээ эцэслэн гаргаагүй байсан. Өөрөөр хэлбэл гэрээний талууд шинэчлэн байгуулж буй хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1 дэх хэсэгт "Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулна" гэж заасныг хангаагүй ба *******гийн зүгээс гаргасан хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахтай холбоотойгоор гаргасан өргөдөлд албан ёсны хариуг ажил олгогч тал өгөөгүй болно. Үүнээс харвал ажил олгогчийн гаргасан *******г ******* салбар луу шилжүүлэх тушаал нь хуулийн шаардлага хангаагүй бөгөөд ажилтантай анх байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг албан ёсоор эцэслэн дуусгавар болгоогүй байна гэх үндэслэлтэй.

Тухайн үед ******* нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан болох нь баримтаар нотлогддог. Энэхүү нөхцөлийг дүгнэвэл ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр шинэчлэн байгуулаагүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлийг бүрэн тохиролцоогүй атлаа ажилтнаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа нь ил үндэслэлгүй байна.

4.3. Дүгнэлт: *******ХК нь ******* салбарынхаа *******ийн орон тоог хассан нь ажилтан *******гийн хөдөлмөрийн гэрээний харилцааг зохицуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Улмаар ажлын байр хасагдсан бол ажилтантай харилцан тохиролцож адил чанарын ажлын байранд ажиллуулах эсхүл өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа бол зохих тэтгэмжийг олгох үүрэгтэй байсан. Гэтэл ажилтантай огт санал солилцохгүйгээр түүний гаргасан өргөдөлд албан ёсны хариу өгөхгүйгээр өөрсдийн санаачилгаар хотын захад байрлал бүхий салбар луу тушаал гарган шилжүүлж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, илт үндэслэлгүй тушаалууд хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд *******ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн *******, 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******дугаартай тушаалуудыг бүхэлд нь хүчингүйд тооцож *******г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, ажилгүй хугацааны цалин хөлсийг нөхөн олгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч *******гийн ажилладаг байсан ******* салбарын орон тоо хасагдсан. Анхан шатны шүүхэд *******ХК-ийн зүгээс холбогдох нотлох баримтыг хүргүүлсэн. Нэхэмжлэгч *******гийн итгэл үнэмшил болон байгууллагад оруулсан хувь нэмрийг үнэлж ******* салбар луу шилжүүлсэн. Тухайн салбарт шилжүүлэх талаар ******* ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг авах шаардлагатай байдаг. ******* нь ажлаас халагдсан буюу 2024 оны 03 сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалтай хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Харин 2024 оны 03 сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлөхтэй холбоотой хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа байхгүй. Мөн нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгааны тухайд *******ХК-д ирүүлсэн баримт байхгүй ба хожим анхан шатны шүүхэд нэг нотлох баримт ирүүлсэн. Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжид заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийг 2 хоног ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэн ажлаас чөлөөлсөн. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай *******тоот, мөн сарын 27-ны өдрийн *******г ажлаас халах тухай ******* тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулж, ******* салбарын *******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тус банкны ******* бүсийн салбаруудын цэвэрлэгээ, үйлчилгээг *******гийн байгууллагаар гүйцэтгүүлэх болсон учир *******-гийн ажиллаж байсан ******* салбарын *******ийн ажлын байр хасагдсан тул нэхэмжлэгчийг ******* салбарт томилсон. Тэрээр уг ажлын байранд 2 хоног ирэлгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан учир түүнтэй 2024.01.02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.15, 8.1.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлан маргасан байна.

 

3. *******ХК, ******* ХХК нарын хооронд 2024 оны 03 сарын 14-ний өдөр байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр банкны цэвэрлэгээ, үйлчилгээг *******гийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсны дагуу тус банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 15-ны өдрийн ******* тоот Орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалаар нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан Чингэлтэй бүсийн ******* салбарын Үйлчилгээний ажилтны орон тоог хассан байна.

 

Улмаар хариуцагч байгууллагын 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******тоот тушаалаар нэхэмжлэгч *******г мөн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тус банкны ******* салбарын үйлчилгээний ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан ******* тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс эхлэн ******* салбарын Үйлчилгээний ажилтнаар томилжээ. Нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 03 сарын 22-ны өдөр ажил олгогчид хандан ******* салбарт ажиллахад гэрээс хол гэсэн шалтгаанаар шийдвэрээ өөрчлөхийг хүссэн өргөдлийг ажил олгогчид гаргасан гэж тайлбарлан тухайн өргөдлийг шүүхэд нотлох баримтаар гаргасан ч өргөдлөө ажил олгогчид гаргасан нь, мөн тухайн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа очих боломжгүй байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч байгууллагын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.3.5, 123.3 дахь хэсэг, *******ХК-ийн дүрмийн 11.6.11, мөн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5, 7.3 дахь хэсэг, *******тай 2024 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан 24/490 тоот Хөдөлмөрийн гэрээний 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон түүнийг ажлаас чөлөөлжээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

4.1. Хариуцагч *******ХК нь тус банкны ******* дүүргийн ******* салбарын үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүний ажлын байрны байршлыг өөрчлөн Хан-Уул дүүргийн ******* салбарт шилжүүлэн томилохдоо энэ талаар ажилтантай зөвшилцсөн, түүний саналыг харгалзсан нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ******* салбарын үйлчилгээний ажилтны ажлын байрнаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй, ажлын байрны байршлыг нь ******* салбар болгон өөрчилсөн гэж тайлбарласан нь мөн хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Хариуцагч байгууллагын дээрх ******* тоот Орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалаар нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсаныг үндэслэн *******тоот *******г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар *******тай байгуулсан 2024 оны 01 сарын 02-ны өдрийн ******* дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Улмаар нэхэмжлэгчийг тус банкны ******* салбарын үйлчилгээний ажилтнаар томилсон хариуцагчийн дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй бөгөөд зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа шинээр үүссэн гэж үзэхээр байна.

 

4.3. Гэвч ******* салбарын ажлын байранд нэхэмжлэгч ******* очиж ажил үүргээ гүйцэтгэж эхлээгүй, мөн зохигчийн хооронд хөдөлмөр гэрээ бичгээр байгуулагдаагүй байхад хариуцагч *******ХК нь нэхэмжлэгчээс ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Дээрх тохиолдолд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчтэй бичгээр байгуулж, нэг хувийг нь өгөх, хэрэв хүндэтгэх шалтгаанаар гэрээг байгуулж чадаагүй бол нөхөн байгуулах үүрэгтэй. Нөгөө талаас хариуцагчийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн *******тоот тушаалаар нэхэмжлэгчийг ******* салбарын үйлчилгээний ажилтны ажлын байранд томилсон шийдвэрийг үндэслэн ******* уг салбарт очиж ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. Ийнхүү зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн ч талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нөхцөлд ажил олгогч ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхгүй юм.

 

4.4. Гэтэл хариуцагч *******ХК нь 2024 оны 03 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч *******г хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө үйлчлэл нь дуусгавар болсон дээрх ******* дугаартай хөдөлмөрийн гэрээний 11.2.15-д заасныг үндэслэл болгосон нь хууль бус байна. Учир нь хариуцагч 2024 оны 03 сарын 21-ний өдрийн тушаалаар нэхэмжлэгчийг ******* салбарт томилсон боловч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцлах үндэслэл болох зохицуулалттай нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г хариуцагч *******ХК-ийн ******* салбарын үйлчилгээний ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6, 2.3, 2.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2024 оны 01, 02, 03 сарын (660,000+660,000+1,930,500) цалин хөлсний нийлбэр 3,250,500 төгрөгөөс нэг сарын дундаж цалин 1,083,500 төгрөг, түүнээс нэг өдрийн (ажлын 21 өдөр) цалин 51,595 төгрөгөөр тооцов.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 03 сарын 27-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 05 сарын 12-ны өдрийг хүртэлх 13 сар, 14 хоногийн хугацааны олговорт (14,085,500+722,330) 14,807,830 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

6. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02224 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г хариуцагч *******ХК-ийн ******* салбарын үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 14,807,830 төгрөгийг *******ХК-аас гаргуулан *******д олгож, *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч *******ХК-д даалгасугай гэж,

2 дахь заалтын ... дурдсугай. гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 231,989 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ