Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 13

 

 

 

           

 

 

 

 

 

Б.Баянцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 520 дугаар шийдвэртэй, Улаангом сумын 3 дугаар багт  оршин суух, Уран овогт Батын Баянцогтын  нэхэмжлэлтэй, хариуцагч Увс  аймгийн  Улаангом сумын 11  дүгээр багт оршин суух Бөхнүүд овогт Отгонбаярын Төмөр-Очирт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч О.Төмөр-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөг, барааны захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, тэдгээрийн банкинд төлсөн хүү 2.275.560 төгрөг, нийт 7.256.560 төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зөрүү 5.597.000 төгрөг гаргуулах

Нэхэмжлэлийн агуулга: “Манай компанид О.Төмөр-Очир 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр аман гэрээгээр 3 жил ажиллахаар тохиролцон ажилд орсон. Би сард түүнд 2.000.000 төгрөгийн цалин өгье гэж анх ажиллуулсан. О.Төмөр-Очир нийт 14 сар ажиллахдаа цалинд 22.800.000 төгрөг авсан. Би Хас банкнаас авсан шугамын зээлээс 2 сая төгрөг дараа нь 3 сая төгрөгийг түүнд  өгсөн юм. Би одоо өөрийн зээл дээр О.Төмөр-Очирын надаас 2014 оны 5 дугаар сарын 01-нд авсан 2 сая төгрөг, мөн 2015 оны 2 дугаар сарын 01-нд авсан 3 сая төгрөгийн зээлүүдийн сарын 2.2 хувийн хүүг төлсөөр байгаа. О.Төмөр-Очир 2015 оны 7 дугаар сарын 02-нд Батдэлэгийн Их өргөө зоогийн газрын хаалга хийж өгнө гэсэн ажлын захиалгын урьдчилгаа болох 680.000 төгрөг зөвшөөрөлгүй аваад ажлаас гарсан. Энэ мөнгө нь бас л банкинд төлөх ёстой мөнгө байсан бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 02-оос хойш мөн 2.2 хувийн хүү бодогдох юм. О.Төмөр-Очироос үндсэн зээлдсэн 5.000.000 төгрөг, мөн бараа захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, тэдгээрийн хүү 2.275.560 төгрөг, нийт 7.256.560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.” гэжээ.

Сөрөг  нэхэмжлэлийн агуулга: “Зэл говь ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 5 жилийн хугацаатай сарын 2.000.000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулан нийт 14 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд нийт 28.000.000 төгрөгийн цалин авах ёстой байсан боловч 22.403.000 төгрөгийн цалин, 2014, 2015 оны шагналт цалин гэж 1 удаа 3 сая төгрөг авсан. Тус компани нь миний хөдөлмөрийн хөлснний зөрүү 5.597.000 төгрөгийг олгоогүй. Иймд тус компаниас миний хөдөлмөрийн хөлс 5.597.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2 сая төгрөг нь цалин юм. 2014 оны 5 дугаар сарын 30-нд дансаар авсан. Гэрээний хугацаанд хөдөлмөрийн хөлс нийт 2.000.000 төгрөг авах байсан боловч 22.430.000 төгрөгийн цалин авсан. 2014, 2015 оны шагналт цалин гэж 3.000.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр дансаар өгсөн. Нэхэмжилж буй 680.000 төгрөг нь цалин гэж 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр өгсөн. Иймд эдгээр нэхэмжилсэн мөнгийг хууль зүйн төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: “О.Төмөр-Очирын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. 3.000.000 төгрөгийн шагналт цалин авсан  гэж худлаа бичиж байна. Өөрт нь банкны мөнгөнөөс 3.000.000 төгрөг өгсөн. Үүнийг машин авахдаа лизингийн урьдчилгаа төлбөрт өгсөн юм. Тухайн хөдөлмөрийн гэрээг банкнаас зээл авах шаардлагатай гэсний дагуу 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэрээр хийлгүүлсэн байна. О.Төмөр-Очир манайд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон байдаг. Би энэ хөдөлмөрийн гэрээг хийгээгүй. Тэрээр эхний 6 сар 2.000.000 төгрөгийн цалин авч байсан, манай компанид борлуулалт, ашиг байхгүй гэдгийг О.Төмөр-Очир сайн мэдэж байсан. Одоо орлого ашиг багаслаа гээд О.Төмөр-Очир өөрөө цалингаасаа 500.000 төгрөг хасаад 1.500.000 төгрөгийн цалин өгөөч гэж 4 сар цалин авсан. Дараа нь 1.200.000 төгрөгийн цалин авч 4 сар болоод сийлбэртэй авдар байсныг хулгайлж аваад мөн Их өргөө зоогийн газрын 15 ширхэг хаалга хийлгэнэ гэсэн урьдчилгаа 680.000 төгрөг аваад тэр өдрөө ажил хаяад явсан. Иймд О.Төмөр-Очирын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр хийсэн ажлаа өөрөө өдөрт дэвтэр дээр тэмдэглэж байсан. Тэр сард 2 сая төгрөгийн цалин авах ажил хийж байгаагүй. Бид хоёрын хооронд цалингийн ямар нэгэн тооцоо байхгүй.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 524 дүгээр шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Төмөр-Очироос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөг, барааны захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, нийт 5.680.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баянцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх банкинд төлсөн хүү 2.275.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Зэл говь ХХК-аас ажилласан хугацааны цалингийн зөрүү 5.597.000 төгрөг гаргуулан хариуцагч О.Төмөр-Очирт олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Төмөр-Очироос улсын тэмдэгтийн хураамж 105.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баянцогтод олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 104.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Баянцогтоос улсын тэмдэгтийн хураамж 104.510 төгрөг гаргуулан хариуцагч О.Төмөр-Очирт олгосугай. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “...Хэрэгт нотлох баримтаар өгсөн хөдөлмөрийн гэрээ нь зөвхөн банкнаас зээл авахын тулд Зэл-Говь ХХК-тай байгуулсан нь зохигчдын тайлбараар нотлогддог. Тухайн хөдөлмөрийн гэрээ нь 2014 оны 3 сарын 18-ны өдөр компанийн нягтлан Бадамхандтай хийсэн гэрээ бөгөөд О.Төмөр- Очир ажилд орохоос өмнө хийгдсэн гэрээ тул хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ биш юм. Учир нь О.Төмөр- Очир  Зэл-Говь XXК-д 2014 оны 5 сард ажилд орсон гэдгээ хэлж цалингаа 2014 оны 5 сараас тооцож нэхэмжилсэн. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 520 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас зээлийн хүү 2.275.560 төгрөг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Зээлийн гэрээ гэдэг бол 2 талд үүрэг үүсгэдэг 2 талын гэрээ. Тиймээс уг гэрээ байгуулагдахын тулд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.2, дахь хэсэг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус заасны дагуу талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, 2 талын гэрээ байгуулах тухай хүсэл зориг давхцсан байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрт бараа захиалгын урьдчилгаа 680.000 төгрөгийг ямар үндэслэлээр гаргуулж байгаа нь тодорхой бус байна. 680.000 төгрөг зээлийн гэрээтэй холбоогүй. Түүнчлэн талууд 3.000.000 төгрөгийн хувьд нэг тал нь шагналт цалин гэж өгсөн гэж тайлбарладаг, нөгөө тал нь зээлж авсан гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэг үнийн дүнг 2 тал 2 өөрөөр тайлбарладаг. Анхан шатны шүүх нэг үнийн дүнг шагналт цалин гэж өгсөн нь нотлогдож байна гэж үзсэн хэрнээ зээлийн гэрээ байгуулсан байна гэж үзэж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Мөн хэрэгт авагдсан О.Төмөр-Очир миний Хаан банкны дансны хуулгаар дээрх мөнгөнүүд нь цалин гэж орж ирсэн нь нотлогдож байхад, анхан шатны шүүх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж дүгнэсэн нь баримтаар нотлогдоогүй. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 520 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

YHДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан журам зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болсон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмыг зөрчсөн эсэхийг шалгахгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон байна. Тухайлбал:

Зохигчдод эрх, үүрэг танилцуулсан боловч хэргийн 36 дугаар талд авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг, шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах, бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болох, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгуулага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн заалтуудыг тус тус  хангаагүй байхад шийдвэрийн үндэслэл болгожээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Баянцогтын гаргаж өгсөн Цагдаагийн газарт гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг хуулинд заагдсан журмаар хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үзэж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д  заасан заалтын урьдчилсан нөхцөлийг шалгахгүйгээр, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Б.Баянцогтын төлсөн тэмдэгтийн хураамжийн 51.359 төгрөгийг, хариуцагч О.Төмөр-Очир давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 105.830 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51359 төгрөгийг нэхэмжлэгч Б.Баянцогтод, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105830 төгрөгийг хариуцагч О.Төмөр-Очирт тус тус  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН