| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
| Хэргийн индекс | 166/2017/0076/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2017-05-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 37
М.П-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Прокурор О.Доржмаа
Ялтны өмгөөлөгч Ж.Туяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын даргалж 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дах хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ын П-ид холбогдох эрүүгийн 201609000684 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1980 онд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль судлаач мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 34 дүгээр байрны 55 тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд
- 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 21 дугаартай шүүгчийн захирамжаар 11 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай Малчин овогт М-ын П- /РД:ТЖ80102515/ нь 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 11 дүгээр байрны 55 тоотод амьдардаг Б.Т-гийн гэрээс 835.000 төгрөгийн эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх М.П-ид холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар тусгай дэглэм бүхий хорих байранд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын яллагч О.Доржмаагийн бичсэн давж заалдах эсэргүүцэлд: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэгт ямар нөхцөл байдлыг хамааруулж ойлгох талаар тодорхой тусгаж өгсөн байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд ”Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно” гэж зааснаар ялтан М.П-ийн үйлдэл нь хулгайн эд зүйлийг захиран зарцуулах бодит боломж бүрдээгүй байхад түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас үйлдэл туйлдаа хүрээгүй учир завдсан гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлахгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, шүүгдэгчид ял завшуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг завдалт биш төгссөн гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүх зөвхөн сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй бөгөөд хүндрүүлж хэрэглэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ М.П-ийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон боловч хууль болон УДШ-ийн тайлбар тогтоолд зааснаар хулгайн гэмт хэрэг нь төгсөөгүй, түүний хүсэл зоригоос үл хамаарах шалтгааны улмаас үйлдэл нь төгсөөгүй хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэхээр байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан “төгссөн завдалт” гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр ч энэ байр сууриа илэрхийлж байсан. Анхан шатны шүүх М.П-ийн үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүнд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг төрөл хэмжээ нь тохироогүй, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байхад ял завшуулсан гэж үзэж байна. Мөн түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүх хэргийн зүйлчлэлийг зөвхөн хөнгөрүүлэн өөрчлөх эрхтэй бөгөөд зүйлчлэлийг хүндрүүлэн шийдвэрлэсэн нь буруу болсон. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр эсэргүүцэл бичснээ дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Ж. Туяа: Би прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. М.П-ийн үйлдэл нь үнэхээр завдалтын шинжтэй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд ийм байр суурьтай оролцсон гэв.
Тодорхойлох нь:
Ялтан М.П-ийн 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 11 дүгээр байрны 55 тоотод оршин суух Б.Т-гийн гэрээс 835.000 төгрөгийн эд зүйлийн хулгайлахаар завдсан гэх үйлдэлд нь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахв хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх М.П-ийн иргэн Б.Т-гийнхаас 835.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийг “төгс үйлдсэн гэмт хэрэг” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 6 сарын баривчлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч О.Доржмаагийн эсэргүүцэлд бичсэн ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлаыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийг зөрчсөн... гэсэн үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар М.П- нь 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 11 дүгээр байрны 3 дугаар орцны 55 тоот хаалга буюу Б.Т-гийн оршин суудаг байрны хаалга онгорхой байхад түүний гэрт нэвтрэн гэрийн эздийг унтаж байхад эд зүйлийг нь хулгайлах явцад хохирогч Б.Т- болон түүний нөхөр С.Мөнхбат нар сэрж улмаар түүнийг орцонд байхад нь барьж авч Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болох нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, үзлэгийн явцад авсан фото зургийн үзүүлэлтээр хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд аймгийн Прокуророос түүний үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлаж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хүндрүүлэн, М.П-ийн үйлдэлд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 320 дугаар зүйлийн 320.1, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.П-ид холбогдох эрүүгийн 201609000684 тоот 1 хавтас хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. М.П-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ