| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 201518000019 |
| Дугаар | 79 |
| Огноо | 2016-03-25 |
| Зүйл хэсэг | 214.2., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 79
М.Г, Д.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор М.Буяннэмэх,
шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхтайван,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1189 дүгээр шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар магадлалтай, 201518000019 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхтайваны гомдлоор хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, М.Г нь Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Д.Б нь Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Г-ыг хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан зохион байгуулсан, Д.Быг хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар М.Г-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар Д.Быг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар М.Гт оногдуулсан 6 сар баривчлах ял, Д.Бд оногдуулсан 4 сар баривчлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй N80510022 арлын дугаартай “Хюндай Робекс 3000LC-7” загварын эксковатор 1 ширхэг, улсын дугааргүй N80211072 арлын дугаартай “Хюндай Робекс 2900LC-7” загварын эксковатор 1 ширхэг, улсын дугааргүй WAY0183 арлын дугаартай “Самсунг бульдозер” 1 ширхэг, 91 11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын автомашин, 19 52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны автомашин зэргийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “...91 11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын автомашин, 19 52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны автомашин...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсэгт “...“К” ХХК-ийн өмчлөлийн 91 11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгсэл, 19 52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг нь тус тус 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Прокурорын тогтоолоор хязгаарласныг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г, Д.Б нарын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч С.Энхтайван нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Г, Д.Б нарын өмгөөлөгч С.Энхтайван хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй Хюндай Робекс 3000LC-7 маркийн эксковатор, улсын дугааргүй Хюндай Робекс 2900LC-7 маркийн эксковатор, улсын дугааргүй Самсунг бульдозер зэргийг улсын орлого болгон шийдвэрлэсэн. Гэтэл эдгээр техникүүд нь М.Г, Д.Б нарын өмчлөлд байсан нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, өмчлөгчийг тогтоох талаар мөрдөн байцаалтын шатанд ямар ч ажиллагаа хийгдээгүй байдаг. Шүүх М.Г, Д.Б нарын өмч гэж буруу дүгнэж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий, бодитой байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Г, Д.Б нарын өгсөн “Д.Бы техник” гэсэн мэдүүлэг, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээнд үндэслэн шүүхээс эдгээр техникүүдийг улсын орлого болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Дээрх техникүүд нь 2010 онд “К” ХХК-ийн нэр дээр Монгол Улсын хилээр орж ирсэн тухай баримтыг сүүлд гаргаж өгсөн байсан. Мөрдөн байцаалтад буцааж шалгах болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлын асуудлыг шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх, харин прокурорын хувьд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгч М.Г, Д.Б нар нь 2014 оны 07, 08 дугаар саруудад Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрэйн гол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 82,404,818 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
“Т” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинжилгээ хийлгэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Хэрэйн гол” гэх газарт хууль бусаар алт олборлосон газрын эвдрэлд өртсөн талбайн экологи-эдийн засгийн хохирлын талаар шинжээчийн дүгнэлт гаргаж, улмаар шинжилгээтэй холбоотой талбайн эвдрэлийн нарийвчилсан зураг, эвдрэлд орж сүйтгэсэн газрын экологи-эдийн засгийн үнэлгээ, алт олборлох үед хэрэглэсэн түлшний болон агаар бохирдуулагч хийнүүдээс гарах хор уршиг, амьтны аймаг, ургамалд учруулсан хохирлын хэмжээг тодорхойлох аргачлал, шинжилгээ хийхэд ашигласан багаж, төхөөрөмжийн зураг зэргийг хэрэгт хавсаргаж баримтжуулсан байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1 дэх заалтуудад байцаан шийтгэх ажиллагааны зардалд шинжээчид төлсөн зардлыг хамааруулж, улмаар шинжээч эрхэлсэн ажлын хувиар уг ажлыг хийснээс бусад тохиолдолд зардлыг төлөхөөр заасан байхад анхан шатны шүүх “Т” ХХК нь шинжилгээтэй холбогдуулж гаргасан зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ.
2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн тэмдэглэл хийх явцдаа авсан фото зургаас харахад алт олборлохын тулд 2 газрыг 2 метр орчим гүнтэйгээр ухсан нь тогтоогдож байх ба гэрч М.Ганбат ухсан нүхний талаар мэдүүлэхдээ “...ухсан 2 нүх барагцаагаар 15х15 м харьцаатай байсан. Би машинаар ухсан нүхнээс гарсан шороог усан буу байрлуулсан талбай руу зөөсөн. Өдөрт 10 гаруй удаа зөөж байсан” гэжээ.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн дагуу шороо зөөсөн 91 11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын автомашин, 19 52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны автомашиныг тус тус хураан улсын орлого болгосон байхад давж заалдах шатны шүүхээс дээрх автомашинуудыг ашигт малтмалыг хууль бусаар олборлох ажиллагаанд ашигласан гэх байдал тогтоогдохгүй, эргэлзээтэй гэж үзэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “...91 11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын автомашин, 19 52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны автомашин зэргийг улсын орлого болгосугай” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...“К” ХХК-ийн өмчлөлийн 91 11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгсэл, 19 52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг нь тус тус 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Прокурорын тогтоолоор хязгаарласныг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхтайван хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хураагдаж улсын орлого болсон Хюндай Робекс 3000LC-7 маркийн эксковатор, Хюндай Робекс 2900LC-7 маркийн эксковатор, Самсунг бульдозер зэрэг нь М.Г, Д.Б нарын өмч биш, эдгээр техникүүдийн өмчлөгчийг тогтоож чадаагүй. Харин “К” ХХК-ийн өмч гэж дурдаад гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, “К” ХХК-ийн дүрэмд орсон өөрчлөлт, тус компанийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэргийг хавсаргажээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй ба харин шүүх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн гэж үзвэл энэ тухай гомдлоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357, 359 дүгээр зүйлд заасны дагуу гаргах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1189 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1, 100 дугаар зүйлийн 100.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г, Д.Б нараас шинжээчийн дүгнэлт гаргасны буюу байцаан шийтгэх ажиллагааны зардал болох 14,378,250 /Арван дөрвөн сая гурван зуун далан найман мянга хоёр зуун тавь/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Т” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г, Д.Б нарын өмгөөлөгч С.Энхтайваны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ