| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0665/З |
| Дугаар | 001/ХТ2025/0031 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2025/0031
“С*******” ХХК-ийн гомдолтой,
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын
улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0911 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2025/0038 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2025/0100 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х**********, О.М********нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдлын шаардлага:
1.“С*********” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдуулан “... тус газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
2.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын ахлах байцаагч А.Б********-ийн (Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч) ... 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ****** дүгээр дүгнэлтийн 2 дахь хэсгээр шинжилгээний сорилтын ... дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро.Техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дизелийн түлш.Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэж дүгнэжээ.
2.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн “С**********” ХХК-ийг “чанар, стандартын шаардлага хангаагүй шатахуун худалдсан” зөрчил гаргасан нь улсын байцаагчийн дүгнэлт, лабораторийн сорилын үр дүнгээр нотлогдсон гэж үзэн есөн мянган нэгжээр (9 сая төгрөгөөр) торгох шийтгэл оногдуулжээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.6, 10 дугаар зүйлийн 10.12.1, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.11 дүгээр зүйлийн 5, 6, 4.14. дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 5, 6.6 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг, заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн /гомдлын/ шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөл газрын Улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 10 өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2025/0100 дугаар тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*********** шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.1. .... Хуульд заасан бүрэн эрхийн дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй гэх үндэслэлгүй.
6.2.Стандартын дагуу маргаан таслах дээж хадгалах хугацаа 2021 оны 05 дугаар сарын 03, 08-ны өдөр дууссан, урт хугацаагаар нь буюу 3 сараар тооцож үзвэл 06 дугаар сарын 19, 24-ний өдөр дууссан, маргаан таслах дээжийн стандартад заасан хадгалах хугацаа дууссан тул шинжилгээ хийх боломжгүй гэж хариуцагчаас үзэж байна.
6.3.Чанар, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн болох дизель түлшийг зах зээлд борлуулж байсан нь лабораторийн сорилын дүн, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа, шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй.
6.4.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0911 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2025/0038 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
7.Гомдол гаргагчаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан тайлбарыг бичгээр гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
9.Гомдол гаргагч компанийн хүчингүй болгуулахаар тодорхойлсон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны ***** дугаартай шийтгэлийн хуудаст “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим, хүч хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч А.Б******-ийн (Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч) ... 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” ******* дүгээр дүгнэлтийг, лабораторийн сорилтын үр дүнгүүдийг” үндэслэжээ.
10.Маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэл болсон улсын байцаагчийн дүгнэлтийг (гомдол гаргагчийн хувьд) хүчингүй болгуулахаар “С******” ХХК болон нэр бүхий 5 компаниас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
10.1.Тус хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шийдвэрээр “... улсын байцаагч нь хяналт шалгалт эцсийн шийдвэр гаргах эрхтэй этгээд биш, .. дизель түлшний дээжид шинжилгээ хийж гаргасан сорилын нийт 84 үр дүн, автобензиний дээжид шинжилгээ хийж гаргасан нийт 60 сорилтын үр дүнд үндэслэн 2021 оны ... ******, ******* дугаар дүгнэлтүүдийг үйлджээ, ... аж ахуйн нэгжийн нэргүйгээр тусгайлан кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар гаргасан дүгнэлт нь хууль зөрчөөгүй, хяналт шалгалтын арга буюу бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхээр хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хамаарч байх тул дүгнэлтүүдийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, шинжилгээний дээж авсан ажлын хэсгийн үйл ажиллагаа болон дээжид шинжилгээ хийсэн лабораторийн тоног төхөөрөмж болон итгэмжлэхийн эрх байхгүй гэх асуудал нь энэ хэргийн хариуцагчид хамааралгүй, тэр талаар улсын байцаагч дүгнэх чиг үүрэггүй ... дүгнэлт нь хяналт шалгалтын явцад гарсан ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
10.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/МА2024/0384 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж; Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 001/ШХТ2024/0325 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухай тусгахаар зохицуулсан.
12.Энэ хэргийн тухайд, маргаан бүхий актыг дүгнэхэд үндэслэл болсон улсын байцаагчийн дүгнэлт, үүнтэй нэхэмжлэгч болон хяналт шалгалтад хамрагдсан бусад хуулийн этгээдүүдийн маргасан хэргийн шийдвэр ач холбогдолтой. Учир нь, дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болон энэ хэргийн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн харилцан уялдаа холбоог тогтоож, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
13.Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх улсын байцаагчийн дүгнэлттэй, түүнтэй захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэн талаар; харин давж заалдах шатны шүүх “... дээрх шийдвэрээр улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь энэхүү маргааны хариуцагч улсын байцаагчийн “С*****” ХХК-д шийтгэл оногдуулсан үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дурдсанаас өөрөөр эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
14.Иймд хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнээгүй маргааны үйл баримтыг нөхөж эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0911 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2025/0038 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН