| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00821/и |
| Дугаар | 881 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00821/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* р баг, Мангиртын *******-р хэсэг, *******-р брак, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
"*******ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Миний төрсөн хүү *******гийн Чинбат нь сэтгэх ой тогтоолтынхоо 70 хувийг алдсан гэсэн сэтгэл мэдрэлийн өвчтэй нь мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон учир миний хүү ******* овогт *******гийн Чинбатыг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь *******ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д зааснаар сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч этгээд шүүхэд гаргана гэж заасны дагуу түүний төрсөн эх Б.******* дээрх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй бөгөөд хүсэлт гаргагч Б.******* нь *******тай хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно” гэж заажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3488 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн харьяа Сэтгэцийн тасгийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 37/15 дугаар дүгнэлтээр ******* овогт *******гийн Чинбат нь сэтгэцийн хувьд ОУӨ-ний 10-р ангилалын 5-р бүлгийн F07.0 код бүхий бие хүний органик эмгэг өвчний учир өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадваргүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх шинжээчийн дүгнэлт болон 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэлзүйн оношлогоо, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, сэтгэцийн эмчийн тодорхойлолт зэргийг үндэслэн *******ыг эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар түүний төрсөн эх болох Б.*******г тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар ******* овогт *******гийн Чинбатыг эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар түүний төрсөн эх ******* овогт *******ын *******г тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ