Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00809

 

 

 

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01961 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* ХХК-д холбогдох

Гэрээг цуцалж, хохирол, алдангид 28,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК-тай 2022 оны 12 сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус газрын ******* цахим хуудасны портал системийг шинэчлэх зорилгоор хөгжүүлсэн хувилбарыг 90 хоногийн дотор хийлгэж, актаар хүлээлцэх, манай газар тохиролцсон хөлсийг өгөхөөр болсон. Гэвч гэрээний хугацаа 2023 оны 03 сарын 23-ны өдөр дууссан боловч хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Ажлын хөлс 18,000,000 төгрөгийг манайх гэрээ байгуулснаас хойш ажлын 2 хоногийн дотор шилжүүлсэн. ******* 2024 оны 05 сарын 22-ны өдрийн ******* дугаартай мэдэгдэл, ******* дугаартай 2 мэдэгдлээр ажлыг шаардсан ч гэрээний үүрэг биелэгдээгүй. Хариуцагч нь баталгаан гарган 14 хоногт ажлаа хийнэ гэдэг ч алга болдог гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Өнөөдрийг хүртэл бүх ажлыг мэргэжлийн кодын санд бичиж, мэргэжлийн түвшинд чанартай ажил хийснийг нэхэмжлэгчийн IT нар мэдэж байгаа. Би ямарч ажил хийгээгүй бол нэхэмжлэгч 1 жилийн хугацаанд цахим хуудсаа ашиглан мэдээлэл оруулаад явахгүй байсан. Гэрээнд заагаагүй сервер, дотоод сүлжээний доголдол зэргийг нь үнэ төлбөргүй олон удаа засч өгсөн ба IT нарт хийсэн ажлын жагсаалтаа явуулсан. Хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч байгаа ч чанаргүй ажил хийгээгүй. Одоо цахим портал нь өдөр бүр, цаг минут тутам уналтгүйгээр ажиллаж байгаа, энэ дээрх бүх серверүүд автоматаар бичигдэж байгаа. Тиймээс миний зүгээс алдангиа төлөөд үлдсэн ажлаа 30 хоногт хийж дуусгах саналтай байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-аас 28,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч******* ХХК-аас 298,200 төгрөг гаргуулан Төрийн санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээнд заасан 18,700,000 төгрөгийн өртөг бүхий 4 багц ажлыг хариуцагч гүйцэтгэсэн бөгөөд ажлын үр дүн болох портал систем ******* сайтыг нэхэмжлэгч үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Системийн кодыг ******* албан ёсны кодын санд байршуулж захиалагч талд хүлээлгэн өгсөн ба бүх лого бичлэгүүд серверүүдэд хадгалагдаж байгаа. Иймд давж заалдах шатны шүүхээр нэхэмжлэх талтайгаа зөвшилцөн ойлголцож, хийсэн ажлыг үнэлүүлж, тал тус бүрдээ гомдолгүй болох хүсэлтэй гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Цахим системийн үйл ажиллагаа 80 хувьтай ажиллаж байгаа бөгөөд 2023 оноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хариуцагч компанитай холбогдоход хөдөө ажилтай байна, хүүхэд өвдсөн, өөр байгууллагын цахим хуудсыг шинэчилж байна гэх мэтээр илэрхийлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид удаа дараа албан бичиг, хүсэлт илгээж, боломжит хугацааг 3 удаа олгосон. Цахим хуудас өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа ч дүрстэй мэдээ оруулах, хайлт хийх, архив, бичлэг, холбоос, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах хувилбар болон иргэдээс санал хүсэлт авах хэсгүүдийг ашиглаж болдоггүй буюу цахим систем 100 хувь ажилладаггүй. Гэрээ дүгнэсэн актаар гүйцэтгэгч нь ажлыг 100 хувийн гүйцэтгэлээр захиалагчид хүлээлгэж өгч, гэрээг тооцоо нийлсэн актаар дуусгавар болгох байсан. Гэтэл хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийг өнөөдрийг хүртэл хохироож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан программ хангамжийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохиролд 18,700,000 төгрөг, гэрээ хэрэгжсэн хугацааны алдангид 9,350,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 9,350,000 төгрөгийн алдангийг зөвшөөрч, гэрээний гүйцэтгэл 90 хувьтай байгаа учир үлдэх ажлыг 30 хоногт багтаан дуусгана, 18,700,000 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгч, тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-тай 2022 оны 12 сарын 23-ны өдөр Ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* программ хангамжийг хуанлийн 90 хоногийн дотор хийх, үүний хөлсөнд 18,700,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д заасан программ хангамжийн ажлын хүрээнд хариуцагч нь гэрээний хавсралтад заасан нэр бүхий 4 төрлийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай гэж тайлбарласан бол нэхэмжлэгч тал уг ажлын гүйцэтгэлийг 80 орчим хувьтай гэж тайлбарлажээ.

Дээрх тайлбаруудаар гэрээний дагуу тодорхой ажил хийгдсэн нь тогтоогдож байх байх боловч талууд хийсэн ажлын хэмжээг тогтоогоогүй, хариуцагчийн ажлын гүйцэтгэл болох цахим сайтыг нэхэмжлэгч одоо ашиглаж байгаа гэх боловч уг гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний хавсралтад заасан аль ажилд хамаарах, хариуцагч аль ажлыг гүйцэтгээгүй талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зохигч анхан шатны шүүхийн ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тайлбар гарган мэтгэлцээгүй, энэхүү тодорхой бус байдлын талаар шүүх зохигчоос тодруулаагүй байна.

Учир нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нөхцөлд гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байдаг тул хариуцагч******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь зайлшгүй тодорхойлох, дүгнэх шаардлагатай нөхцөл байдал гэж үзнэ. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байна.

 

5. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчилд хамаарах бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01961 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч******* ХХК-ийн төлсөн 298,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ