| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0045/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/48 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/48
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч Д.Бат-Өлзий,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд,
Шүүгдэгч Р.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий шүүгдэгч Ю овогт Р-гийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827002200035 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, ___ баг, ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Ю овогт Р-гийн М-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.М- нь 2017 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ тоотод байх өөрийн эцэг Р-гийн амбаарт байсан хохирогч Э.Э-ы 12 завхай мөнгөн тоноглолтой эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сард Э.Э- оторт явах гэж байгаа гээд манай аавын амбаарт гэрээ хурааж мөн эд зүйлээ орхиод явсан байсан. Би тэрийг нь бол өөрийн нүдээр хараагүй. Би аавын гаднах амбаарт юм хайж яваад тухайн эмээлийг олж харсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас тухайн эмээлийг 500 000 төгрөгөөр барьцаат зээлийн газар аваачиж тавьсан. Би тухайн үедээ эмээлийг эргүүлээд авчихна гэж бодож байсан. Би хүүг нь төлж чадахгүй байсан учраас эмээлийг нь эргүүлж авч чадахгүй алдсан. Хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авч барьцаат зээлийн газар тавиад алдсан нь миний буруу гэжээ.
Хохирогч Э.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2017 онд манай нутагт цас их орсон, малчид бүгд отор нүүдэл хийхээр болсон юм. Тэгээд өөрийн эхнэрийн хамаатан болох Д.Р- гэх айлыг найдвартай байх гэж бодож өөрийнхөө том гэрийг модон амбаарт нь оруулж хураагаад, мөн ойр зуурын эдэлж хэрэглэж байсан эд хөрөнгө үлдээсэн. Миний 12 завхай мөнгөн тоноглолтой эмээл нь миний өвөөгөөс өв уламжлан дамжин ирсэн эмээл байгаа юм. Уг эмээл нь жийжүү дөрөөтэй, гөлөм байхгүй, мөнгөн хэрэглэлтэй эмээл байсан. 12 завхаа гэдэг нь хоёр хяр, хоёр баавар, дөрвөн даруулга, дөрвөн сүвэгч зэргийг хэлж байгаа юм. Миний эмээлийг хүмүүс Дарьганга хийцийн эмээл байна гэж ярьж байсан. Би хуучний эмээл болохоор 10000000 төгрөгөөр үнэлсэн. Уг эмээлийн зураг надад байгаа, түүнийг та бүгдийн ажилд тус болохоор бол өгнө гэсэн бодолтой байгаа. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, эмээлийг 4500000 төгрөгөөр үнэлсэн байсан. Нэгэнт 4500000 төгрөгөөр үнэлсэн болохоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Д.Р- нь манай эхнэрийн хамаатан болохоор хэцүү байна. Бид нар ах дүүсийн холбоотой Р.М- миний хохирол 4500000 төгрөгийг бүрэн барагдуулна гэж өөрөө надад хэлсэн. Нэгэнт миний эмээлийг барьцаалан зээлдүүлэх газарт тавиад мөнгийг нь төлөхгүй явсаар эмээл худалдагдсан гэдгийг Р.М- надад хэлсэн. Үнэндээ харамсалтай зүйл боллоо. Ах дүүсийн хүмүүс болохоор Р.М-д итгэж байна. Миний хохирол 4500000 төгрөгийг өгөх байх. Би өөрийнхөө эмээлийг цагаан өнгийн шуудайн дотор хийгээд Д.Х- эгчид хэлээд амбаарт нь оруулж тавьсан. Энэ талаар Д.Х- эгч мэдэх ёстой. Миний хохирлыг төлөөд өгчихвөл гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.
Миний дансанд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдар 2.000.000 төгрөг Р.М- хийсэн. Үлдэгдэл мөнгө төгрөгөө энэ оны 7 дугаар сард өгнө гэж бид ярилцаж тохиролцсон. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Бид нар садан төрлийн холбоотой хүмүүс болохоор хэцүү юм аа. Үнэлгээ гаргуулахад би мөнгө төгрөг өгөөгүй. Р.М- 80.000 төгрөг өгсөн гэж ярьж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хавтаст хэргийн материалтай танилцана, шүүх хуралд суухгүй гэжээ. /хх-ийн 28-30 дугаар хуудас/
Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Р.М- нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай ___ барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний Б1 салбарт мөнгөн эмээл тавьсан байна. Тэр нь манай байгууллагын дотооддоо ашигладаг програмд харагдаж байна. Уг сүлжээнд ерөнхий мэдээлэл харагдаж байна. Р.М- нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эмээл барьцаалан зээл авахдаа ___ дугаарыг тэмдэглүүлж байсан байна. Манай сүлжээ хэдэн төгрөгийн зээл авсан нь, мөн хэн гэдэг зээлийн мэргэжилтэн авсан нь харагдахгүй байна. Анх тавихдаа 1 сарын хугацаагаар 7%-ийн хүүтэй тавьсан байна. Манай байгууллагын зүгээс ___ дугаарын утсанд 4 удаа мессэж явуулж, гурван удаа хүлээсэн. Хүлээгээд ирэхгүй болохоор нь манай байгууллагаас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр худалдан борлуулсан байна. Манай програм сүлжээнд үнийн дүн, зарагдсан дүн харагддаггүй гэжээ. /хх-ийн 34-36 дугаар хуудас/
Гэрч Д.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Миний охин Р.М- 2018 оны өвөл 10 дугаар сарын дунд үеэс эхлэн дуудагдаж мэдүүлэг өгөх болсон. 2018 оны хавар намайг гэрт байхгүй байхад манай охин Р.М- Улаанбаатар хотоос ирсэн байсан. Орой ажил тараад гэрт ирэхэд Р.М- ирчихсэн өнөөдөр автобусаар Хархорин суманд ирсэн гэж надад хэлсэн. Р.М- ганцаараа ирсэн. Түүнийг ирэхэд манай гэрт хүн байгаагүй байх. Миний гэр бүлийн хүн болох Д.Р- хаана байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд Р.М- Улаанбаатар явахдаа манай хүргэн Б-гийн мөнгөн тоногтой эмээлийг хашаанд байдаг модон амбаар дотроос авч явсан байсан. Үүнийг би мэдэхгүй явж байгаад сүүлд өөрөөс нь мэдсэн Р.М- намайг Хархорин суманд байж байхад Улаанбаатар хотоос Б-гийн эмээлийг барьцаалан зээл өгдөг газарт 500000 төгрөгөөр тавьсан гэж утсаар хэлж байсан. Б-г эмээлээ асуухад нь би айлд байгаа гэж худал ярьсан. Тэрнээс өмнө манай охин Р.М- надтай ярьсан байсан. Б-гийн эмээл хуучны мөнгөн тоногтой эмээл харагдсан.
Манай охин Р.М- нь эмээлийн хэрэг мандаад эхэлсэн тэр үед надад утсаар хэлэхдээ удахгүй ломбардны газраас аваад очих болно гэж хэлсэн тэгэхээр нь би Э.Э-д өөр айлд байгаа гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 37-39 дүгээр хуудас/
Гэрч Д.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны өвөл 12 дугаар сард шиг санаж байна намайг гэрт байхад оторт явах гэж байгаа гэж хэлээд Э.Э- өөрийнхөө том гэрийг манай хашаанд буулгасан. Тэгээд нэг гэрийн мод байгаа юм та тааруулчихаарай гэсэн. Манай модон амбаарт гэрийнхээ тавилга бусад зүйлийг хийсэн байх уг амбаарын түлхүүр манай гэрт байдаг. Тэрийг би мэдэхгүй Э.Э- надад ийм зүйл үлдээсэн гэж хэлээгүй. Сүүлд 2018 оны 10 дугаар сард өөрийнхөө гэрт байхад Э.Э- ирээд Р- ахаа танай охин миний эмээлийг байхгүй болгосон байна гэж хэлсэн. Тэгээд учир явдлыг мэдсэн. Э.Э-д миний охин ажил төрөл байхгүй болохоор би төлөх байхдаа гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1-5 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Р.М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Хохирогч Э.Э-ы алдсан эмээлийг 4500000 төгрөг үнэлсэн Вендо ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 46-53 дугаар хуудас/,
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Э.Э-д 2.000.000 төгрөг төлсөн ХААН банкны баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Р.М-г хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Р.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирогч Э.Э-д хохирол болох 4,500,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн, 2,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгох нь зүйтэй.
Хохирогчид 2,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчийн эзэмшлийн 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 000447735 дугаарын гэрчилгээтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг ___ тоотод байх 63 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1017001372 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууцны зориулалттай байшинг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцов.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг дурдаж, шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ю овогт Р-гийн М-г хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю овогт Р-гийн М-г хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-г тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.М-гээс 2,500,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Э-д олгосугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг, хохирогч Э.Э-д 2,000,000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 000447735 дугаарын гэрчилгээтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг ___ тоотод байх 63 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1017001372 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууцны зориулалттай байшинг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА