Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00810

 

 

 

 

 

 

 

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03204 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 9,252,144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 9,252,144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2024 оны 08 сарын 14-ний өдөр ******* дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь ******* ХХК-ийн эзэмшлийн уурхайн талбай дахь цаг уурын хэмжилтийн станцыг 2 байршилд угсрах ажлыг гүйцэтгэх, захиалагч нь доголдолгүй ажлын үр дүн хүлээн авч гэрээнд заасан нөхцөлөөр төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын энэхүү тохиролцоог үндэслэн анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэж, тодорхойлжээ.

 

4. Хариуцагч ажлын урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн ч нэхэмжлэгч гэрээнд заагаагүй үндэслэлээр сул зогсолт хийсэн нь үндэслэлгүй, талууд гэрээг хэрэгжүүлэлгүй гэрээ цуцлагдсан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 6-р зүйлд төлбөрийн хуваарийн талаар тохиролцсон ба 6.1-д гэрээний үнийн 20 хувь буюу 28,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 5 хоногт, 6.2-т 15 хувь буюу 21,000,000 төгрөгийг ажиллах хүч *******д очсоноос хойш 5 хоногт багтаан тус тус төлөхөөр заажээ. Гэвч хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг 2024 оны 08 сарын 19-ний өдрийн дотор шилжүүлэх байсан ч 09 сарын 04-ний өдөр, 2-р үеийн төлбөрийг 09 сарын 12-ны өдөр төлөх байсан ч 26-ны өдөр шилжүүлсэн нь гэрээний ерөнхий нөхцөлийн 5.21-т төлбөрийг 3 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлбэл төлбөр төлөгдөх хүртэл сул зогсолт хийх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч сул зогсолт хийсэн нь үндэслэлтэй байна.

Улмаар талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгч *******ХХК нь сул зогсолтын улмаас өөрт учирсан хохирлын хэмжээг гэрээний тусгай нөхцөлийн 10-т зааснаар 6 ажилтнаар тооцож, нөхөн төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн тул хариуцагч ******* ХХК нь уг хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зүгээс зохигчийн хооронд байгуулсан гэрээний харилцаа хэрэгжээгүй буюу гэрээгээр тохиролцсон ажлыг эхлүүлэхээс өмнө талууд гэрээг цуцалсан гэх болон гэрээний ерөнхий нөхцөлийн 4.3-т зааснаар гүйцэтгэгчийн ажлыг түр зогсоох эрхийн дагуу 70 хоногийн хугацаа хэтрүүлсэн нөхцөлд л нэхэмжлэгч сул зогсолтын төлбөр нэхэмжлэхээр шаардах эрхтэй гэсэн агуулгаар гомдол гаргасан. Гэвч гомдолд дурдсан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, талууд сул зогсолтын төлбөр нэхэмжлэх хугацааг 70 ба түүнээс дээш хоногт үүсэхээр тухайлан тохиролцоогүй байна.

Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 9,252,144 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэх хэргийг нэг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ гэх үндэслэлээр гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээд гэрчээр оролцох боломжтой. Хариуцагч талаас 2025 оны 03 сарын 25-ны өдөр *******аас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргахдаа хүсэлтийн үндэслэлээ тодорхойлоогүй буюу гэрчээр асуугдах этгээдээс хэрэгт хамаарал бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах, тухайн этгээдийн мэдүүлэг нь хэрэгт ямар ач холбогдолтой эсэхийг хүсэлтдээ илэрхийлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг нэмсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03204 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ... гэсний дараа 355 дугаар зүйлийн 355.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,984 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ