Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/55

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт М-ийн Э-ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1827001950023 дугаартай, 146/2019/0051/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, ___ багт оршин суух, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ___ регистрийн дугаартай, Б овогт М-ийн Э-

                                             Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э- нь 2018 оны 08- 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутаг дэвсгэр “___” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э- нь 2018 оны 08-09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутаг дэвсгэр “___” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт хийж хууль бусаар газрын хэвлийд халдсны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна Үүнд:

Шүүгдэгч М.Э- 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2018 оны 09 дүгээр сард ашигт малтмал алт олборлох зорилгоор өөрийнхөө эзэмшлийн гитаран буу, Улаанбаатар хотоос экскавотар түрээслэж ажилласан, гэхдээ өдөр болгон ажилаагүй, техникт эвдрэл гэмтэл үүсээд ажил үргэлж тасалдаж байсан. Ер нь алдаг оног л ажилласан. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа ашиггүй, алдагдалд орсон. Экскавотароо 12,500,000 төгрөгөөр түрээслэж, ачиж ирэх траллерын зардалд 1,700,000 төгрөг өгсөн санагдаж байна. Техник түрээслэсэн мөнгийг хүнээс зээлсэн. Би алт олборлох үйл ажиллагааг явуулж 17 гр алт олж тэрийгээ танихгүй явуулын хүнд 1,300,000 орчимд өгсөн санагдаж байна. Тэр алт авсан хүн их л хямдхан авсан байсан. Дээрх 2 техникээс өөр техник хэрэгсэл гэх зүйл байгаагүй. Ашигт малтмал олборлох үйл ажиллагааг миний бие гардан зохион байгуулсан. Дүүгээ ажилуулсан цалин мөнгө өгнө гэж тухайн үедээ хэлж байсан. Тэгээд цагдаад шалгагдаад цалин өгч чадаагүй. Надтай хамтарсан хүн байхгүй. Миний хууль бус үйл ажиллагаа явуулсан газар бол Бат-Өлзий сумын ___ багийн нутаг “___” гэх газар тус газарт гитаран буу байрлаж байсан газрын орчимд газрын хэвлийд халдаж ухсан. Манай кемп дээр байсан гэрийн баруун хойд талд байсан ухагдсан газрыг манайх ухаагүй, хамаагүй. Гэрийн зүүн талд байсан машин бол Б.Б- гээд экскавотарын эзнийх нь юм. Би өөрийнхөө хийсэн хууль бус үйлдэлд гэмшиж байна гэжээ. /хх-ийн 115-116 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Э-ын шүүх хуралдаан өгсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлсөн. Хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я- 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ..Миний хувьд Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход татгалзах зүйлгүй. Бат-Өлзий сумын ___ багийн нутаг ___ гэх газарт урд өмнө ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан газар бөгөөд тус газарт М.Э- гэх манай нутгийн малчин залуу хувиараа ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан байсан. Тэдний дээр техник хэрэгсэл гээд байх зүйлгүй, нэг экскаватор, гитаран буу буюу буюу ашигт малтмалыг барих угаах зориулалттай төхөөрөмжтэй байсан байх. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй гэжээ /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 Гэрч А.Б-ын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаа газарт ирээд М.Э- гэдэг хүнийг таних болсон.  Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг ___ гэх газар 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ирсэн намайг ирэхэд М.Э- ах, эхнэртэйгээ бас наана нь туслах гэх нэг ах байсан. Өөр наана нь тогооч гэх эмэгтэй байсан. Техник гэвэл экскавотар, шороо угаадаг гитаран буу зэрэг байсан. Өөр техник хэрэгсэл байгаагүй. Би М.Э- ахын түрээсэлсэн экскавотарыг Б.Б- ахтай ээлжилж жолооддог байсан. Намайг уурхай дээр ирсэнээс хойш 7-8 хоногийн дараа экскавотарын мотор цохиж хот руу мотороо явуулж янзлуулж авч ирсэн. Мотор янзлуулж ирээд нийт 4 хоног болсон байх. Экскавотарыг засварлаж дуусаад 09 дүгээр сарын 15-дын үеэр ажилд оруулсан тэрнээс хойш 2-3 хоног ажиллаад дахиад техник эвдрээд 3 хоног засварлаад ажилд оруулаад дахиад 2-3 хоног ажиллаад зогссон. Гитаран буу байрлаж байгаа газрын ойролцоогоос ухаж угаасан. Би ямар хэмжээтэй газар болон хэр хэмжээтэй алт олборлосныг мэдэхгүй гэжээ.  /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч Д.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...М.Э-ын уурхай 2018 оны 08 дугаар сард гарсан байх яг хэзээ гэдгийн мэдэхгүй. Би тэр үед үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлагыг тавьсан. Гэрийн баруун урд экскавотар, гитаран буу харагдсан гэжээ.  /хх-ийн 34 дүгээр хуудас/

Гэрч Б.Б-ийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би Улаанбаатар хотод машин механизм түрээслэдэг компанитай, компанийн нэр “___” ХХК юм. М.Э-ыг таньдаггүй байсан надаас экскавотар түрээслэж тэр утгаараа танилцсан. Би М.Э-тай экскавотар түрээслэх гэрээг бичгээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Гэрээг 15 хоногийн хугацаатай 13000000 төгрөгөөр тохиролцож хийгдсэн. Надад түрээсийн төлбөрийг М.Э- дансаар өгсөн гэжээ.  /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Д.О-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Манай нөхөр М.Э- ашигт малтмал олборлохоор Улаанбаатар хотоос түрээсийн эксковатор авч ирсэн. Тэр үед би нөхөртөө яах юм бэ, хүмүүс дуурайж байж асуудалд орно гэдгийг хэлж байсан. Манай хүн хүмүүс алт ухаад ажиллаад байхад болдог юм байлгүй гэж байсан. Экскавотарыг 2018 оны 08 дугаар сарын сүүлээр авч ирсэн. Өөр техник хэрэгсэл авч ирээгүй, харин гитаран бууг манай нөхөр М.Э- хүнээс 3000000 төгрөгөөр худалдаж авсан. Манай нөхөр ашигт малтмал олборлохоор экскавотар, усан буу аваачсан газар руу явчихдаг байсан ба хааяа очиж хоол цайг нь хүнтэй хамжиж хийдэг байсан. Түүнээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд гардан оролцсон зүйлгүй. Манай нөхөр М.Э- өөрийнхөө төрсөн дүү М.Г-ыг эхнэртэй нь ажиллуулсан, бас хотоос экскавотарын эзэн Б.Б-, жолооч н.Б- нар байсан. Өөр хүн ажиллаагүй. Манай нөхөр надад хэлэхдээ 17гр орчим алт гарлаа гэж байсан. Манай хүн нийт тэдэн төгрөгийн ашигтай гэж мөнгө төгрөг надад өгсөн зүйл байхгүй гэжээ.  /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Гэрч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2018 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос экскавотар авчирсан. Ахын уурхай ажиллуулсан газар Бат-Өлзий сумын “___” гэх газар. Тухайн газарт 4 ханатай гэр, 1 экскавотар, алт угаадаг гитаран буу зэрэг байсан. Гитаран буугаар угаасан шорооноос алтны баяжмал их хэмжээгээр гараагүй, 17 гр орчим алт гарсан. Алт угаадаг гитаран буу М.Э- ахынх. Ах хүнээс худалдаж авсан гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/

Гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2018 оны 08 дугаар сарын сүүлээр ___ гэх газар буюу уурхай ажиллаж байгаа газарт очсон. М.Э- ахын эхнэр бид хоёр хүмүүсийн хоол ундыг хийж дундаа завсарлагатай 10 орчим хоносон. Намайг байхад нэг экскавотар, алт угаадаг төхөөрөмж хоёр байсан гэжээ. /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Шинжээч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  ...М.Э- гэх иргэний Бат-Өлзий сумын ___ баг ___ гэх газарт хууль бусаар ашигт малтмалын олборлож байгал орчинд хохирол учруулсан үйлдэлд мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу байгаль орчинд учирсан хохиролын хэмжээг тооцсон.  М.Э- гэх иргэний эвдрэлд оруулсан талбайн хэмжээ 1097м2, эзлэхүүн 1431м3 байсан. Байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээг тооцож үзэхэд 0,1 га-д 6706734 төгрөгийн хохирол учирсан. Техник нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын дүн 1260200 төгрөг, биологийн  нөхөн сэргээлт 695300 төгрөг, хаалтын дараах мониторингийн зардал 195000 төгрөг болж байсан. Нийт нөхөн сэргээлтийн зардал 2151000 төгрөг болсон. М.Э-ын хууль бус үйл ажиллагаа явуулсан талбай нь урд эвдрэлд орсон талбай байсан гэжээ. /хх-ийн 43 дугаар хуудас/

___ ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18/03 дугаартай байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд: ...М.Э- нь байгаль орчинд хохирол учруулсан байна. Хээрийн хэмжилт судалгааны ажлыг 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны хооронд гүйцэтгэсэн хэмжилтээр эвдрэлд орсон талбайн хэмжээ 1097м2, эвдрэлд орсон талбайн эзлэхүүн 1431м3 байна.

Иргэн М.Э-ын хууль бусаар алт олборлолт явуулсан талбайд байгаль орчинд учруулсан  хохирлын үнэлгээг тооцож үзэхэд 0.1 га талбайд 6706734 төгрөг буюу 6706.734 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын дүн 1260.2 мянган төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал нийт 695.3 мянган төгрөг болно. Хаалтын дараах хяналт мониторингийн зардал нь 195.5 мянган төгрөг, нийт нөхөн сэргээлтийн зардал 2151.0 мянган төгрөг болж байна. Иргэн М.Э- хууль бусаар алт олборлолт явуулсан талбай нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй байна гэжээ.  /хх-ийн 46-94 дүгээр хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 7/2195 дугаартай: ...Цэгүүдийг кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлийн мэдээллийн санд шүүлт хийхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна.. гэсэн албан бичиг /хх-ийн 133 дугаар хуудас/,

___ ХХК хөрөнгийн үнэлгээний 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ӨХ 19-4 дугаартай тайланд: олборлосон 17гр алтны нийт үнэлгээ 1784337 төгрөг гэжээ. /хх-ийн 98-104 дүгээр хуудас/

Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ___ ХХК хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтэнд: Алтны баяжмалтай шороо угаах зориулалттай төхөөрөмж /гитаран буу/ 1.600.000 төгрөг, экскавотар нь 2019 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар тооцон гаргасан болно. Улсын дугааргүй Dооsan SL290 LC-V маркийн экскаватор хэрэгсэл нь 1998 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд орж ирсэн он нь тодорхойгүй, Монгол Улсад орж ирэхдээ ойролцоогоор 25% элэгдэлтэй байсан бөгөөд Монгол Улсад нийт 15-аас дээш жил орчим явсан болно. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 35,500,000 /гучин таван сая таван зуун мянган/  төгрөг гэжээ.  /хх-ийн 152-161 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх гитаран бууг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-24 дүгээр хуудас/ зэрэг болно.

Иймд М.Э-ыг 2018 оны 08, 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутаг дэвсгэр “___” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй .

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч бөгөөд ашигт малтмал эрж, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй, энэ хуульд заасан журмаар тусгай зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээд  авахаар байна.

Шүүгдэгч М.Э- нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан, уг газар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй болох нь шүүгдэгч М.Э-, гэрч Д.Д-, гэрч Д.О- нарын мэдүүлэг, Ашигт малтмалын, газрын тосны газрын албан бичиг, ___ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Э- нь байгаль орчинд учруулсан бодит хохирол 6706734 төгрөгийг төлж барагдуулсан нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Санхүү, төрийн сангийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн иргэн М- овогтой Э- нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус сумын “Байгаль хамгаалах сан”-гийн 100100355401 тоот дансанд 6706734 төгрөгийн нөхөн төлбөрийг тушаасан нь үнэн болно.... гэсэн тодорхойлолт, хохирол төлбөр 6706734 төгрөг тушаасан ХААН банкны 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч болон байгаль хамгаалагч тус тус ажиллана. Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн байгууллага гэнэ гэж зохицуулсан байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-138 дугаар тушаалын хавсралт, Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалыг баталсан байна

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн иргэн М.Э- нь ___тын амны дунд үзүүрийн хажуу хэсэгт 0,1 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн арга хэмжээ авсан нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Я-ын ...М.Э- нь Бат-Өлзий сумын ___ багийн ___тын амны дунд үзүүрийн хажуу хэсэгт 0,1 га талбай буюу өргөн 25м урттай, урт нь 40 м урттай талбайд техникээр нөхөн сэргээж, биологийн нөхөн сэргээлтийг сум дундын ойн ангийн удирдлага, улсын байцаагчийн хяналтан дор хийж гүйцэтгэсэн гэх тодорхойлолтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Э-ыг нөхөн сэргээлтийг аргачлалын дагуу мэргэжлийн байгууллага, улсын байцаагчийн  хяналтан дор хийж гүйцэтгэсэн гэж үзэж нөхөн сэргээлтийн зардал 2151000 төгрөгийг төлсөн гэж шүүхээс дүгнэлээ.

            Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдоогүйг дурдаж, шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлөгдсөн тул шүүгдэгч М.Э-ын эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай Монгол гэр, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг тус тус битүүмжилсэн 2019 оны  04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Э-ын эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий алтны баяжмалтай, шороо угаах зориулалттай төхөөрөмж буюу гитаран бууг хурааж улсын орлогод оруулах, ___ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн олборлож худалдан борлуулсан 17 гр алтны үнэ 1,784,337 төгрөгийг, бусдын эзэмшлийн улсын дугааргүй Солонгос улсад 1998 онд үйлдвэрлэсэн Dооsan SL290 LC-V маркийн экскавотарын үнэ 35,500,000 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Э-ыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М-ийн Э-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б овогт М-ийн Э-ад тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Э- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Э- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдоогүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Э-ын  эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай Монгол гэр нэг ширхэг, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг тус тус битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ын эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий алтны баяжмалтай, шороо угаах зориулалттай төхөөрөмж буюу гитаран бууг хурааж улсын орлогод оруулах, шүүгдэгч М.Э-аас олборлож худалдсан 17 гр алтны үнэ 1,784,337 төгрөгийг, бусдын эзэмшлийн улсын дугааргүй Солонгос улсад 1998 онд үйлдвэрлэсэн Dооsan SL290 LC-V маркийн экскавотарын үнэ 35,500,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                             

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА