Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00813

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01832 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2024 оны 05 дугаар сард ******* дүүргийн ******* хорооны нутагт баригдаж буй ******* хотхоны ******* блокийн зоорийн давхрын ******* тоотод байрлах ******* м.кв талбай бүхий автомашины автозогсоолыг өмнөх захиалагч *******гаас худалдан авч 29,000,000 төгрөг төлсөн. Гэвч автозогсоолд автомашин байрлуулахаар багтахгүй маш давчуу, гэрээнд заасан ******* м.кв талбайд хүрэхгүй, автомашин байршуулсан үед байрны цахилгааны өрөөний орц гарцыг хааж байгаа зэрэг нь улсын комисс барилгыг хүлээж авах явцад тогтоогдож, уг байрлалд автозогсоол байрлаж болохгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохгүй болсон. Эрх бүхий хуулийн этгээдээр автозогсоолын талбайд хэмжилт хийлгэхэд ******* м.кв талбайн хэмжээтэй нь тогтоогдсон тул автозогсоол захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 29,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: Улсын комисс ажиллаж эхлээгүй үед гэрээ байгуулсан ба автозогсоолыг ашиглах боломжгүй байсан учраас автомашин байрлуулах боломж байгаагүй. *******гийн хэлснээр ******* м.кв хэмжээтэй гэдгийг мэдээгүй. ******* ХХК-тай байгуулсан захиалгын гэрээнд зааснаар ******* м.кв талбайтай гэж бодсон. ******* ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Би *******гаас авсан 29,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн захирал *******гийн хэлснээр ******* гэх хүний дансанд шилжүүлсэн. Уг автозогсоолд ******* 22,500,000 төгрөг төлсөн. ******* ХХК-ийн захирал *******г залилсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК тайлбар гаргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас гэрээний төлбөрт 22,500,000 төгрөгийг, хариуцагч *******гаас 6,500,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-аас 270,450 төгрөгийг, хариуцагч *******гаас 32,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга: *******гийн илтэд залилангийн хэргийн шинжтэй үйлдлийг нь орхигдуулж хэргийг тал бүрээс нь бодолцож шийдвэрлээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл *******гаас 6,500,000 төгрөгийг *******д төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож "*******" ХХК-ийн залилан мэхлэх гэмт хэргийг шалган тогтоотол хэргийг түр түдгэлзүүлж өгнө үү. Эсвэл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж бусдыг залилаад байгаа "*******" ХХК-аас 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч *******гийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч ******* ХХК нь хариуцагч *******гийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч *******гийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан автозогсоол захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, уг автозогсоол нь ******* м.кв бус ******* м.кв болохыг мэдээгүй, би нэхэмжлэгчээс авсан 29,000,000 төгрөгөө ******* ХХК-ийн захирал *******гийн заасан *******ын дансанд шилжүүлсэн, тус компани хариуцах ёстой гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсаныг илэрхийлсэн тайлбарыг шүүхэд гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл ******* ХХК, ******* нарын хооронд 2023 оны 09 сарын 11-ний өдөр автозогсоол захиалгын гэрээ анх байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь ******* дүүргийн ******* хороо, *******д баригдаж буй ******* хотхоны 13 давхар орон сууцны ******* блок ******* давхрын ******* тоотод орших ******* м.кв талбайтай авто зогсоолыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч автозогсоолын үнэд 33,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу ******* автозогсоолын үнэд ******* ХХК-д 2023 оны 06 сарын 28-ны өдөр 22,500,000 төгрөгийг төлжээ.

Улмаар ******* дээрх авто зогсоолыг нэхэмжлэгч *******д 29,000,000 төгрөгөөр худалдахаар амаар хэлэлцэн тохиролцсоны дагуу ******* ХХК, ******* нарын хооронд 2024 оны 05 сарын 15-ны өдөр автозогсоолын захиалгын гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч автозогсоолын үнэ 29,000,000 төгрөгийг *******д төлсөн бөгөөд зохигч эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Зохигчийн хооронд үүссэн дээрх тохиролцоог үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон байна.

 

4. Нэхэмжлэгчийн зүгээс худалдан авсан автозогсоол нь гэрээнд заасан ******* м.кв талбайн хэмжээнд хүрэхгүйн улмаас тээврийн хэрэгслээ байрлуулах боломжгүй буюу тухайн байрны цахилгааны өрөөний орц, гарц хаагддаг учир автозогсоолд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохгүй болсон гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 29,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаарджээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан ба дурдсан автозогсоол ******* м.кв бус ******* м.кв талбайтай болох нь ******* ХХК-аас 2024 оны 08 сарын 16-ны өдөр гаргасан талбайн хэмжилтээр тогтоогджээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзах шаардлага гаргасан нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт нийцсэн, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 15-ны өдөр гардан авсан ч нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Харин хариуцагч ******* нэхэмжлэлээс татгалзаж, тухайн автозогсоолын хэмжээ 13.47 м.кв талбайтай болохыг мэдээгүй гэсэн тайлбар нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх хуульд заасан үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Мөн автозогсоолын үнэ 29,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн захирал *******гийн нэрлэн заасан *******ын дансанд шилжүүлсэн тул үр дагаврыг ******* ХХК хариуцах ёстой тухай хариуцагч *******гийн татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн ******* ХХК-ийн захирал *******д автозогсоолтой холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь *******гийн нэхэмжлэлтэй автозогсоолын төлбөрийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, энэхүү хэргийн шийдэлд нөлөөлөх үндэслэлтэй болох нь тогтоогдохгүй байна. Иймээс энэ хэрэгт холбогдох асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний журмаар шийдвэрлэсэн гэсэн гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

6. Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө буюу автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* гэрээнээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй. Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг талууд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанд шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч ******* автозогсоолын үнэ 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д буцаан төлөх үүрэгтэй.

Шүүх хариуцагч ******* ХХК-аас 22,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд тус компани гомдол гаргаагүй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч *******гаас 6,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлохтой холбоотой мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан болон нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэрээний бус үүрэгт хамаарах мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01832 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 492 дугаар зүйлийн 492.1.1... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Э.ЭНЭБИШ