Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/58

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж

Улсын яллагч: Ш.Баасандорж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Шүүгдэгч: Ц.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т овогт Ц-гийн Д-ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1827001560047 дугаартай, 146/2019/0053/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цэргийн стратеги тактик, команд штабын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ___ баг, ___ тоотод оршин суух, цэргийн гавъяаны улаан тугийн одон, энхийн төлөө медаль, цэргийн хүндэт медальтай, цэргийн хурандаа цолтой, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Т овогт Ц-гийн Д-,

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт байх Есөн зүйл сум руу салдаг гарцны орчимд ___ улсын дугаартай тоёото королла-румион маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 8.2 дахь заалт “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, С.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Д.Б-гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ц.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Хагас сайн өдрөө Улаанбаатар хотод өнжөөд бүтэн сайн өдөр 9 цагийн үед 120 мянгатын тэндээс гараад 09 цаг 30 минутын үед драгоны тэнд явж байсан. Замдаа би өөрөө 3 удаа зогсож буусан. Зорчигчид маань Хөөврийн гүүрний тэнд зогсоход нэг удаа буусан. Миний бодож байгаагаар 15 цаг 30 минутаас 16 цагийн үед осол гарсан байх. Миний урд том ачааны машин явж байсан. Би ачааны машиныг гүйцэж түрүүлэх гээд 2, 3 удаа оролдлого хийсэн. Тэгээд өөдөөс машин ирж байхаар нь болиод буцаж ороод байсан. Тэгээд нэг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд орсон. Одоо бодоод байхад нар машины шилэн дээр тусаад нарны гялбаа давхар дайрсан байх. Би тэр цагаан машиныг хараагүй. Би машиныхаа үрүүлийг тэгшхэн бариад явж байсан. Осол гарсны дараа би замаа үзсэн. Тэгэхэд 20 орчим метр яваад мөргөлдсөн байна лээ. Түүнээс огцом дараад очиж мөргөсөн зүйл байгаагүй. 2 машин шүргэлцсэн байсан. Гол нь миний машины урд обуд нь сэтрээд тэрнээсээ болоод дугуй нь буудаад замын хажуу тал руу 2 өнхөрсөн байна лээ. Тэгээд ойр орчмын хүмүүс түргэн дуудаж тусламж үзүүлсэн. Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын түргэн 18 цаг 40 минутын үед буюу осол гарснаас хойш 2 цагийн дараа ирсэн. Тэгээд Хархорин сумын цагдаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын түргэн хоёр 20 цаг өнгөрч байхад хэргийн газар дээр ирсэн. Миний хувьд сахарын өвчтэй. Үе үе үүргэлээд байдаг. Би тухайн үед үүрэглэсэн юм болов уу гэж бодож байсан. Одоо бодоход машины салонд нар гялбасан байх. Би бүх буруугаа хүлээж байна. Миний буруу. Надад өөр ярих зүйл байхгүй... гэв.

Хууль ёсны төлөөлөгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед Улаанбаатар хотоос Арвайхээрийн чиглэлд Ц.Д- ахын машинтай Ц.Д-, талийгаач эмээ С.Х-, талийгаач ээж Д.Б- нарын хамтаар явж байсан юм. Би замд явж байхдаа арын суудлын баруун захад, ээж миний зүүн талд, харин эмээ С.Х- жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан. Осол болох үед би унтаж явсан, хүчтэй доргих чимээнээр сэрсэн машин замын хажуу руу орчихсон байж байсан. Ц.Д- ахын машинаас нилээн зайтай замын хажуу руу орсон приус маркын машин харагдсан, миний хувьд бол осол юунаас болсныг мэдэхгүй байна. Унтаж явсан учир харж чадаагүй. Ослын улмаас миний биед гэмтэл бэртэл, шарх үүсээгүй, одоо биеийн байдал хэвийн. Харин би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ээж Д.Б- нас барсан учир хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Миний ээж зам тээврийн ослын улмаас нас барсан. Миний хувьд Ц.Д- ахад гомдоод байх зүйл алга байна. Ямар санаатай осол хийсэн биш. Ц.Д- ахаас нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Д- ах архи согтууруулах ундаа хэрэглээгүй, намайг унтаагүй сэрүүн явж байхад 70-80 км/цагийн хурдтай явж байсан. Би дүгнэлтүүдтэй танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлтгүй гэжээ.  /хх-ийн 44-45 дугаар хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Д.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед Улаанбаатар хотоос Арвайхээрийн чиглэлд хүргэн ах Ц.Д-, талийгаач эгч Д.Б-, түүний хүү Б.М- нарын хамтаар ээж хүргэн ахын эзэмшил, өмчлөлийн улаан хүрэн өнгөтэй ___ улсын дугаартай суудлын автомашинаар гарсан. Би тэр үедээ тэднийг Арвайхээр сум руу хөдөлгөж өгсөн. Ээж тэр үед бие нь базаахгүй, Арвайхээрт очоод эмнэлгээр явж үзүүлж, харуулна гэж хэлээд явсан. Тэгээд замдаа зам тээврийн осолд орсон байсан. Талийгаач ээж ослын дараагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад талийгаач эгчийг гаргахын урд өдөр нь эмнэлгээс гарна гэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Тэгээд 5 дахь өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр талийгаач эгч Д.Б-гийн ажил явдал болж, тэр үед их хямарсан, ажил явдал дуусч маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ээж нас барсан. Ээж нас барах шалтгаан бол сэтгэл санаа болон даралтын улмаас нас барсан, түүнээс аваар ослын шалтгаантай нас бараагүй гэж бодож байна. Надад одоо гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ. /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Л.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Есөнзүйл сум руу салах гарцны орчимд явж байхад эсрэг урсгалаас нэг ачааны машин ирж яваа харагдсан. Би өөрийнхөө эзэлж яваа эгнээ байраар явж байхад өөдөөс ирж явсан улаан хүрэн өнгийн машин гэнэт зүүн гар тийш огцом дарах шиг болоод халз тулаад ирэнгүүт нь зайлуулах маягтай баруун гар тийш огцом дартал шууд ирээд мөргөсөн, тэгэхээр машин тэнцвэрээ алдаж замынхаа баруун гар тал руу далан руу буугаад шороон хөрсөн дээл гулгаж зогссон. Миний машиныг мөргөсөн жолооч нилээн байсны дараагаар ирээд та нарын бие гайгүй юу, би үүрэглээд дарчихлаа, хүмүүст гай боллоо гээд байсан. Зам тээврийн осол хэргийн улмаас машинд нилээн эвдрэл үүссэн. Улаан машины жолооч Ц.Д- гэх хүнээс хохирлын мөнгө гэж 10.000.000 төгрөг өгсөн. Миний машиныг үнэлгээний компани 12.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би өөрийнхөө осолд орсон машиныг нөгөө машины жолоочид бичиг баримтыг нь шилжүүлээд өгчихсөн. Ц.Д- гуай надад машины хохирлын үнэлгээнд нийт 12000000 төгрөг буюу одоо 2000000 төгрөг өгчих юм бол нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардал зэргийг нэхэмжлэхгүй. Эхнэр хүүхэд бид гуравын хувьд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зүйл байхгүй. Би их хурдтай яваагүй. Том машинтай зөрөхдөө хурдаа хассан, би замд явахдаа 80 км цагаас хэтрүүлэхгүй явдаг. Ц.Д- гуйгаас архи согтууруулах ундаа үнэртээгүй... гэжээ.  /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Хохирогч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:   2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс өглөө 10 цагийн үед нөхөр Л.Л-, хүүхэд Л.С нарын хамтаар ___ улсын дугаартай тоёото приус маркийн автомашинаар бирж дээрээс танихгүй Улаанбаатар явна гэсэн хоёр эрэгтэй хүн аваад машинаа манай нөхөр жолоодоод Улаанбаатар хот руу гарсан. Биднийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Есөнзүйл сум руу салдаг гарцны орчимд эсрэг урсгалаас нэг ачааны автомашин зөрөөд тэр машины араас явж байсан улаан хүрэн өнгөтэй машин гэнэт зүүн гар тийшээ огцом дарж орж ирсэн. Би тэр үедээ хүүхдээ унтуулах гээд унтаж бариагүй сэрүүн явсан. Юу вэ гэхийн зуургүй манай нөхөр өөдөөс халз ирсэн машиныг бултуулах гэж баруун гар тийш жолоогоо дартал нөгөө машин ирж зүүн тал руу мөргөсөн, машин тэнцвэрээ алдаж замын хажуу руу ороод нилээн яваад зогссон. Машинд сууж явсан хүмүүс бүгд суудлын бүсээ зүүсэн байсан учир хүндээр бэртэж гэмтсэн хүмүүс байгаагүй, манай хүүхэд айж нилээд шоконд орсон. Манай хүүхэд 5 настай. Ард сууж явсан хоёр эрэгтэй хүн зүгээр, шалбарсан, зулгарсан, хөхөрсөн зүйл байгаагүй. Харин миний зүүн нүдний доод зовхи, зүүн гарын тохой, зүүн хөлний шилбэ, зүүн хөлний тавхайн ар хэсэгт зулгарсан байсан. Хүүхдийн зүүн нүд хавдаад хөхөрч, зүүн хацарт бага зэрэг шалбарсан, ар дагзны хэсэгт бага зэрэг шарх үүссэн байсан, өөр ил харагдах гэмтэл байгаагүй, нөхрийн хувьд ил харагдах шарх, гэмтэл үүсээгүй байсан. Бид нарыг машинаас буухад машин урд хэсгээрээ газар руу шигдээд, зүүн талын дугуй арагш болоод хий нь гарчихсан, урд гүпер, карлон, урд хойт хаалга зэрэгт их эвдрэл үүссэн харагдсан. Биднийг машинаас буусан байхад нөгөө машины ах ирээд та нар зүгээр үү хүмүүст гай болчихлоо, үүрэглээд дарчихлаа гэж байсан. Манай гэр бүлийн хүмүүсээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүн байхгүй. Улаан хүрэн өнгөтэй суудлын автомашин байсан, марк загварыг мэдэхгүй, ___улсын дугаартай байсан. Миний биеийн байдал зүгээр хэвийн байна, өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад гомдол, санал хүсэлт байхгүй. Миний хувьд хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй.

Би 568 тоот дүгнэлтийг болон хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс өглөө 10 цагийн орчим Баянхонгор аймгийн төвөөс Улаанбаатар хот руу явна гэсэн приус-20 маркийн автомашинд суусан. Замдаа унтаж сэрээд явж байтал машин мөргөлдөх чимээнээр сэрээд хартал автомашин замын хажуу тал руугаа орчихсон байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Унтаж явсан болохоор юу болсон талаар мэдээгүй. Миний сууж явсан машинтай мөргөлдсөн жолооч ирээд та нар зүгээр үү. Би харин зүүрмэглэчихсэн байна. Хүмүүст гай болчихлоо гэж байсан. Зүүн хөлний шилбэ хавдсан, толгойны орой хэсэг хавдсан, нуруу бага зэрэг өвдөж байна гэжээ.  /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  ___ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд нийт 5 хүн зорчиж явсан. Жолоочийн хажуугийн урд суудалд жолоочийн эхнэр нь хүүхэдтэйгээ суугаад, би жолоочийн эсрэг талын хойд суудалд сууж явсан. Харин жолоочийн хойно үл таних ах сууж явсан. Осол гарахад би унтаж явсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад хошууч Ц.А-ийн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “...___улсын дугаартай Тоёото Королла Румион маркийн машины жолооч Ц-гийн Д- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гаргасан байх үндэслэлтэй гэсэн ослын дүгнэлт, схем зураглал /хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

Өвөрхангай    аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Х-ийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн  96 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош: Авто ослын хавсарсан гэмтэл, аалзан бүрхүүл доорх цус харвалт, суурь ясны зүүн доод хонхор, зүүн чамархай ясны шугаман хугарал, уушгины эдийн няцрал, хэвлийн хөндийн эрхтэнүүдийн гялтан хальсан дахь цус харвалт, тархи уушгины эрс илэрсэн хаван, дотор эрхтнүүдийн тэжээл хувирал, цус эргэлтийн алдагдал,  Д.Б-гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр дээр дурьдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач Д.Б- нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэжээ.  /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

Өвөрхангай    аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Х-ийн 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 585 тоот дүгнэлтэнд:  Үзүүлэгч С.Х-ын биед тархи доргилт, зүүн агтаал ясны хугарал, зүүн 8, 9 дүгээр хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхи, хацрын төвгөр, зүүн шанааны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.  /хх-ийн 89 дүгээр хуудас/,

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэмэлтээр гаргасан 290 дугаартай дүгнэлтэнд: Талийгаач  С.Х-ын биед хүзүүний С2 дугаар нугаламын хөл хэсгийн хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.  /хх-ийн 167 дугаар хуудас/,

Шинжээч эмч Э.Х-ийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 585 дугаартай дүгнэлт гаргахдаа хүзүүний нугаламын тодосгогчгүй томографи шинжилгээний хариуг үзээгүй, тиймээс дүгнэлтэнд тусгагдаагүй. Хүзүүний С2 нугаламын дайрсан хөндлөн хугарал гэдэг нь хүзүүний нугаламын хөл хэсгийн хугарал бөгөөд их биеийн хугарал биш, амь насанд аюулгүй. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.  /хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.М-гийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6625 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул ослын өмнө техникийн хувьд ямар байсан эсэхийг тогтоох боломжгүй.  Ослын өмнө тоормосны механизм ажиллаж байсан байх боломжтой. Осол хэргийн материалд автомашины тоормосны мөр тэмдэглэгдээгүй байх тул автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. ___ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгал руу орсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй гэжээ.  /хх-ийн 107-109 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.М-гийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6626 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Toyota prius 20 тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул ослын өмнө техникийн хувьд ямар байсан эсэхийг тогтоох боломжгүй. Ослын өмнө урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллаж байсан байна. Осол хэргийн материалд автомашины тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. ___ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгал руу орсон нь зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй гэжээ. /хх-ийн 124-125 дугаар хуудас/,

Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.А-ийн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон “...___улсын дугаартай “Тоёото кролла румион” маркийн машины жолооч Ц- овогтой Д- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 8.2 заалт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон  гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гаргасан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт, схем зураглал /хх-ийн 161 дүгээр хуудас/

Цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.А-ийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэнд: “___ улсын дугаартай тоёото приус маркын автомашины жолооч Л-гийн Л- /РД:___/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. ___ улсын дугаартай корола-румион маркын автомашины жолооч Ц.Д- нь 2004 оны Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол хэрэг гарахад шууд нөлөөлсөн шалтгаан нь Ц.Д- нь 2004 оны Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал, орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 163-164 дүгээр хуудас/ 

Талийгаач Д.Б-г нас барсныг нотолсон 0000223511 дугаарын нас барсны гэрчилгээ /хх-ийн  205 дугаар  хуудас/,

С.Х-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг нотолсон Өвөрхангай аймгийн БОЭМТ-ийн 5041 дугаартай өвчний түүх, өөрийнх нь хүсэлтээр эмнэлгээс гаргах тухай зөвшөөрлийн хуудас /хх-ийн 207-231 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 2-8 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-28 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-81 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Л.Л-ын эзэмшлийн ___ улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгсэлийн эвдрэл, гэмтэлд учирсан хохиролыг тооцсон ЛЭНДС ХХК-ийн үнэлгээ /12.000.000 төгрөг/ /хх-ийн 149-157 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Д-ийн BCD ангилалын 271774 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 29-32 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дээрх  нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д- нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15-16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт Есөнзүйл сум руу салдаг гарцны орчимд ___улсын дугаартай тоёото королла-румион маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 8.2 дахь заалт “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, С.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Д.Б-гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ц.Д- хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас С.Х-ын биед хүндэвтэр хохирол учирсан нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч  Э.Х-ийн 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 585 тоот дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэмэлтээр гаргасан 290 дугаартай дүгнэлтээр, Өвөрхангай аймгийн БОЭМТ-ийн 5041 дугаартай өвчний түүх, өөрийнх нь хүсэлтээр эмнэлгээс гаргах тухай зөвшөөрлийн хуудсаар тогтоогдож байна.

Талийгаач С.Х- нь ослын умаас биед хүндэвтэр хохирол учирч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад эмнэлэгээс гарсан байх ба нас барсан шалтгаан нь гэрч П.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...С.Х- гуай Арвайхээр сумын ___ баг ___ тоотод оршин суудаг байсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байнгын хяналтанд байсан. Артерийн даралт ихсэлт өвчний 3-р зэрэг, өвдөгний үений ортроз, нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний архаг дутагдал гэсэн оноштой тогтмол үзүүлж, харуулдаг, даралт, өвчин намдаах, цус шингэлэх эмүүдийг жороор авдаг, гэрээрээ дуудлага дуудаж үзүүлдэг, хөгшин настай учир бие сул, дархлаа муу байдаг байсан. Талийгаач С.Х- гуай өндөр настай, насны доройтол явагдаж байсан, өвдөгний үений ортрозтой, түүний улмаас хөлний ажиллагаа сул, тэргэнцэр дээр явдаг байсан. Харин архаг цус багадалттай /зүрхний архаг цус хомсрол өвчин/-тэй байсан. Ослын дараагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарсны нь дараа 1 удаа очиж үзсэн, тэгэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, сэтгэлээр их унасан, шаналангуй байдалтай байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С.Х- гэх иргэнийг үзэхэд биеийн байдал хүнд, зам тээврийн осолд орсон гэж байсан. Цээж, нүүрний хэсгээр гэмтлийн дараах хөхрөлттэй, зүүн хөл бага зэрэг хавантай, зүрхний цахилгаан бичлэг болон үзлэг, өвчтөний карт шинжилгээнүүдийг үндэслэн тархины хөнгөн зэргийн гэмтэл, түүнээс улбаалсан хэм алдагдалтын өөрчлөлт, даралт ихсэлт, зүрхний архаг цус хомсрох өвчин гэсэн онош тавигдсан. Оношийн дагуу шаардлагатай эмчилгээг бичиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...С.Х- гэдэг иргэн нас барсан юм байна. Талийгаач С.Х-ыг сээр нурууны тодосгогчгүй компьютерт томографи шинжилгээ, хүзүүний нугаламын КТГ, толгойн тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээнүүдийг хийсэн. Тухайн хүний биед шинжилгээнүүдээр тогтоогдсон бүх зүйл /онош/-ийг дүгнэлт хариунд бичиж тэмдэглэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/, гэрч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...С-ийн Х- гэх хүн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагт “гэмтлийн тасагт хэвтэж” миний бие 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн үед үзсэн. Онош хавсарсан гэмтэл, тархины няцрал, зүүн бугалга ясны хугарал, зүүн шилбэ ясны хугасан гэсэн онош тавигдаж эмчилгээ бичигдсэн. Зүрх судасны эмчид үзүүлсэн. Тухайн үед эмчилгээ хийгдэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хагалгаанд орж зүүн агтаал ясыг ясны голоор хадсан. Ерөнхий биеийн байдал хүнд ухаан санаа саруул байсан. Мэс ажилбарын өмнө болон дараа нь биеийн байдал зовиуртай хүнд, хагалгаанд орсноор зүүн гарын бугалганы хугаралыг хөдөлгөөнгүй тогтвортой болгож өгсөн. С.Х- гуайг хүзүүний С2 нугаламыг дайрсан хөндлөн хугаралтай байсан. С.Х- гуайн эмчилгээ хийгдэж байх үед өөрөө болон ар гэрээс нь хүсэлт гаргаж эмчилгээгээ гэрээрээ хийлгэж, өндөр настай учир ажиглаж харъя гээд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гаргасан. Талийгаач  С.Х- гуай өндөр настай, урд өмнө нь түнхний хуучин хугаралтай Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед үзсэн эмчийн үзлэгт даралт ихэсдэг, зүрхний өөрчлөлттэй гэсэн онош тавигдсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/-ээр архаг хууч өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Д-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас С.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Д.Б-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй .

Талийгаач Д.Б-, хүндэвтэр гэмтэл учирсан С.Х- /талийгаач/ нарын хууль ёсны төлөөлөгчөөс  хавтаст хэрэгт  шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, хохирол нэхэмжилсэн баримтгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хууль ёсны төлөөлөгч Д.Ж-, Б.М- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Л.Л-ын зэмшлийн ___ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас эвдрэл гэмтэл учирсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 12000000 төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлыг шүүгдэгч Ц.Д- нь 11,000,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Л.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ 10,000,000 төгрөг төлсөн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирүүлсэн хохирол бүрэн төлөгдсөн, шүүх хуралдаанд суухгүй гэсэн

баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Д-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч Ц.Д-ид тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.  

            Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Д-ийн 271774 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь хуульд нийцнэ.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт Ц-гийн Д-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас С.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Д.Б-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тас овогт Ц-гийн Д-ийг тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ид тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө үгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Л.Л-ад хохиролд 11,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц-гийн Д-ийн 271774 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Хулангоод даалгасугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

             

                                   

      

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Э.ДУЛМАА