| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0054/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/59 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/59
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: Н.Ням
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн
Шүүгдэгч: Ц.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Б- овогт Ц-ийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927001260051 дугаартай, 146/2019/0054/Э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын ___ багт оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 626 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ___ регистрийн дугаартай, Б- овогт Ц-ийн М-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М- нь 2019 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ___ баг ___ тоотод оршин суух иргэн С.Ч-ын гэрт хохирогч Б.Л-гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж үүдэн 3 шүдийг нь унагаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М- нь хохирогч Б.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би Х.Э- гэдэг хүнтэй хамт хурдан морь ачаад Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд очсон. Тэндээ хоноод маргааш нь архи уугаад хоорондоо маргалдсан. Гэтэл Б.Л- ах ирээд та нар маргалдаж болохгүй гэхээр нь би таньд хамаагүй гээд цохисон. Тэгээд цагдаа дээр очсон. Тэрний маргааш нь Б.Л- ах 3 шүд уначихсан гээд цаасанд боогоод аваад ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Л- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой би Улаанбаатараас Есөнзүйл суманд наадам үзэх гэж ирсэн. тэр орой хадам эгчийн хүүхэд болох С.Ч-ынд орсон. Мэнд мэдчихээд сууж байтал тэр хоёр залуу хоорондоо маргалдсан тэгэхээр нь би хамт наадам үзэж, морь уралдуулах гэж холоос яваа хүмүүс байж хоорондоо битгий маргалд нэгнийгээ тэгж болохгүй гэсэн чинь Ц.М- агсам тавиад чамд хамаагүй гээд намайг нэг удаа цохьсон. Тэгээд миний үүдэн гурван шүд унасан тэгээд би гараад явсан. Миний уруул руу нэг удаа цохьсон чинь миний доод хэсгийн үүдэн гурван шүд унасан. Өөр газар цохьсон зүйл байхгүй.
Ц.М- нь надад хохирол барагдуулах гэж 700.000 төгрөг өгсөн. 100.000 төгрөг бэлнээр, 600.000 төгрөг дансаар өгсөн. Надад гомдол, санал байхгүй. Надад нэхэмжпэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд суухгүй. Улаанбаатар хотод хүүхдийнхээ хүүхдийг харж байгаа гэжээ. /хх-ийн 22-27 дугаар хуудас/,
Гэрч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр танихгүй 2 хүн манайд орж ирээд гадаа цасан шуургатай байна танайд наадам болтол байж болох уу гээд гуйгаад байхаар нь гэртээ байлгасан. 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой манайд ах дүү нар ирсэн. Манайд манай эхнэр Б.Э-, Б.Л- ах, Б.С-, Б.Э-, Г.М-, Ц.М-, Х.Э- нар байсан. Орой 22 цаг өнгөрч байсан байх би унтаж байгаад сэрэхэд зодоон болсон байсан. Б.Л- ахын үүдэн шүд нь унасан байсан гэжээ. /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 20 цагийн орчимд хүргэн ах С.Ч-ын очсон. С.Ч-ынд танихгүй хүмүүс наадмын уралдаанд ирсэн гээд байж байсан. Ахынд байсан хүмүүс архи ууж байсан. Буцаад гэрт орж ирэхэд Б.Л- ахын шүд унасан гээд байж байсан гэжээ. /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Манай суманд 2019 оны 05 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд зүүн бүсийн хурдан морины уралдаан наадам болох гэж байсан юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумаас явж байна танай сумын наадамд оролцох гэж ирсэн таних айл байхгүй танайд байж болох уу гээд танихгүй хоёр хүн манайд ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой манай хүргэн ах Б.Л наадам үзэх гээд Улаанбаатар хотоос ирсэн. Тэр хэд 1 шил харздай архи, 1 ширхэг боргио нэртэй пиво уусан. Удалгүй манайд ирсэн Төв аймгийн Ц.М- гэх залуу хамт ирсэн хүнтэйгээ маргалдсан тэгээд манай хүргэн ах Б.Л- хамт хол газар яваа байж хоорондоо маргалдаж болохгүй гэхэд Ц.М- гэх залуу манай хүргэн ахын нүүрэн хэсэг рүү нь цохиод авсан гэтэл хүргэн ах Б.Л-гийн үүдэн шүд нь уначихсан байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн гэжээ. /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Манай эхнэр болох Г.М-гийн хүргэн ах С.Ч- гэх айлд 2019 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 21 цагийн үед хамт очсон. С.Ч- ахынд танихгүй хүмүүс наадмын уралдаанд ирсэн гээд байж байсан. С.Ч- ахынд байсан хүмүүс архи ууцгааж байсан. Тэр хүмүүс хоорондоо маргалдсан. Манай ахтай хэрэлдэж зодолдоогүй хамт ирсэн хүнтэйгээ хэрэлдэж байгаад ах Б.Л- хамт яваа байж нэгнийгээ ингэж болохгүй гэсний төлөө уруул руу нь цохиод авсан гэжээ. /хх-ийн 43-44 дугаар хуудас/,
Гэрч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Манай нөхөр болох Б.Э-ын хүргэн ах С.Ч-ынд 2019 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 21 цагийн үед нөхрийн хамт очсон. С.Ч- ахынд танихгүй хүмүүс наадмын уралдаанд ирсэн гээд байж байсан. Архи ууцгааж байгаад удалгүй 2 танихгүй хүн маргалдсан. Манай нөхрийн хүргэн ах болох Б.Л- ах тэр хоёр танихгүй хүнд хандаж хамт яваа байж нэгнийгээ хэл амаар доромжилж болохгүй гэж хэлсэн. Танихгүй нэг залуу ах Б.Л-гийн уруул хэсэг рүү цохисон тэгтэл үүдэн шүд нь унасан байсан. Тэр танихгүй хүнийг Ц.М- гэж дуудаж байсан гэжээ. /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болох зүүн бүсийн хурдан морины уралдаанд оролцох гээд Төв аймаг Эрдэнэсант сумаас Есөнзүйл суманд ирсэн. Есөнзүйл сумын төвд ирээд цас орж байсан таних айл байхгүй. Есөнзүйл сумын төвд нэг айлд очоод танилцаад наадам болох хүртэл гэрт нь байх талаар гуйсан. Тэр айлд хоноод маргааш нь бид хоёрын байсан айл С.Ч-ынд орой нь хамаатны хүмүүс нь ирсэн. 1 шил харздай архи, 1 боргио пиво Ц.М- гаргаж ирээд тэр хэд уусан. Би мориндоо өвс өгөөд орж ирэхэд Ц.М- намайг хаяад явлаа муу гуйлгачин юугаараа өвс авдаг юм гээд хэл амаар доромжлоод байсан. Машинаа унаад явах гэхээр нь би болиулаад машиныг нь хашаанд оруулаад буцаад гэрт нь орсон чинь намайг элдвээр хараагаад хэрүүл өдөөд байсан. С.Ч-ын гэрт нь байсан Б.Л- гэх настай ах Ц.М-г хамт явж байж нэгнийгээ ингэж болохгүй гэхэд Ц.М- тэр хүний үүдэн шүд рүү нь цохисон. Б.Л- ахын үүдэн 3 шүд уначихсан гэжээ. /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 265 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Л-гийн биед доод эрүүний үүдэн 3 шүдний бүрэн булгарсан хугарал, очин, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Л.Амгалан гэжээ. /хх-ийн 53 дугаар хуудас/,
Шинжээч Л.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Дээд уруул болон хамар хоёрын хооронд байдаг хонхор хэсгийг ойн буюу очины хонхор гэж нэрлэдэг гэжээ. /хх-ийн 56-57 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
Шүүдэгч Ц.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ц.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Л-д хохиролд 700000 төгрөг шүүгдэгчээс төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 75 дугаар хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ц.М- нь учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй тул хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 1000000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолыг /хх-ийн 12 дугаар хуудас/ хүчингүйд тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Ц-ийн М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Ц-ийн М-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.М- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 1000000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА