Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00903

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02338 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,564,469 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Тус компани /РД:*******/ нь ******* төвтэй хэлэлцэн тохиролцож, 2021 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн хамтран ажилласан. Талууд 2021 оны 12 сарын 01-ний өдөр Онцгой эрхт харилцагчийн гэрээ-г байгуулсан бөгөөд 2021 оны 11 сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 сарын 14-ний өдрийг хүртэл нийт 27,807,590 төгрөгийн ундаа нийлүүлсэн.

1.2. Дээрх нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнээс 2022 оны 05 сарын 06-ны өдрийг хүртэл нийт 5,243,121 төгрөг төлж, 22,564,121 төгрөг үлдсэн. Уг авлагыг төлүүлэхээр ******* төвийн захирал *******той удаа дараа уулзаж, утсаар холбогдсон ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд дээрх 22,564,121 төгрөгийг ******* төвийн захирал *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Би ******* ХХК-аас авсан барааны үлдэгдэл төлбөр байхгүй. Энэ нэхэмжилсэн үнийн дүн урт хугацааных байх ба ингэж төлбөр тооцоо огт хуримтлуулдаггүй.

2.2. Энэ баримтаар өмнөх тооцоо төлөгдөөгүй бол нэмж бараа өгдөггүй, бид ийм байдлаар харьцаж ирсэн. Хоёр тал тооцоо нийлсэн акт үйлдэх шаардлагатай. Иймд 22,564,469 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *******оос 22,557,369 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,773 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 270,736 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэлдээ 22,564,469 төгрөгийн ундаа нийлүүлсэн гэж байгаа боловч ******* нь хүлээж авсан гэх баримтгүй, 2 тал тооцоо нийлж ******* үүрэг хүлээж гарын үсэг зурсан баримт байдаггүй, зөвхөн нэхэмжлэгч талын нягтлан бодогч, хуулийн зөвлөх гэх хоёр гарын үсгийн тайлалгүй бичвэр бүхий өөрсдөө хүснэгтлэн гаргасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үнэлэн шаардлагын дүнгээр нотлогдсон гэж нэхэмжлэлийг хангасан нь хууль бус гэж үзэж байна.

4.2. 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл 4 жил, 10 cap, 21 хоногийн хугацаанд өмнөх төлбөрийг нь авалгүйгээр нэмж бараа өгөөд байсан гэсэн нь байж болохгүй зүйл. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.1-д зааснаар өмнөх төлбөр төлөөгүй тохиолдолд нэмж бараа өгөхгүй, шууд гэрээ цуцлагдахаар заасан.

4.3. Зарлагын баримтад худалдан авагч буюу хүлээн авагч болох ******* төвийн тамга тэмдэг огт дарагдаагүй. Нэхэмжлэлд хавсаргасан зарлагын баримтуудад гарын үсгийн тайлал байхгүй, зөвхөн бичвэрүүдийг шууд нэхсэн дүнгээр үнэлж хангасан нь үндэслэлгүй.

4.4. Онцгой эрхт харилцагчийн гэрээний 2.3-т заасан жагсаалтад заасан хүнд бараа хүлээлгэж өгөх үүргээ нэхэмжлэгч огт биелүүлээгүй. Манайхаас гэрээний хамт уг жагсаалтыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Гэрээний 3.9-д зааснаар нэхэмжлэгч 4 жил буюу 58 cap 21 хоногийн хугацаанд төлбөрөө огт шаардаж байгаагүй. Шаардах нь гэрээгээр хүлээсэн худалдагчийн үүрэг нь юм. Мөн гэрээний 4.2- т зааснаар зөвхөн гэрээнд нэрлэн заасан хүнд хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн, гэвч мөн энэ үүргээ биелүүлээгүй.

4.5. Гэрээний үйлчлэх хугацаа 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр гэж тохирсон.Сунгалтыг анхны гэрээний адил бичгээр хийхээр тохиролцсон ч сунгаагүй гэрээний үйлчлэх хугацаа 2023 оны 12 сарын 01-ний өдөр дууссан байхад шүүх гэрээг аль ч талаас нь огт үнэлээгүй.

4.6. Маргаанд зайлшгүй ач холбогдолтой төвийг мөн хугацаанд хариуцан ажиллуулж байсан Г.Бөрт-Үжин, барааг хүлээн авахаар гэрээнд нэрлэн заасан н.******* хоёрыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байхад хүсэлтийг ямар нэг үндэслэл заалгүй хангахгүй гээд хэргийг шууд хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, хариуцагч талын мэтгэлцэх боломжийг хаасан, нэг талд үйлчилсэн гэж үзэж байна.

4.7. Хэргийг хэлэлцэж шийдвэрлэхийн тул 2 тал тооцоо нийлсэн акт үйлдэх зайлшгүй шаардлагатай гэсэн хүсэлтийг мөн шийдвэрлээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 02338 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн *******ын хариуцдаг 3 салбарт бараа бүтээгдэхүүн худалддаг байсан. 2021 оны 11 сарын 27-ны өдөр, 2021 оны 12 сарын 14-ний өдөр, 2021 оны 12 сарын 15-ны өдөр, 2021 оны 12 сарын 27-ны өдөр нийлүүлсэн зарлагын баримтуудад ******* болон тухайн бараа материалыг нийлүүлэх эрхтэй этгээд н.******* нарын гарын үсэг байхгүй боловч харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээн дээр эдгээр бараа материалын төлбөр ******* ХХК-ийн дансанд орсон болох нь кредит гэх хэсэгт бичигдсэн байдаг.

5.2. ******* нь ******* ХХК-ийн олон салбарыг хариуцаж ажилладаг учраас нэгэн зэрэг хяналт тавьж ажиллах боломжгүй. Уг нөхцөл байдлын улмаас манай байгууллагаас бараа материалыг тухайн салбарыг хариуцан ажиллаж буй ажилтанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж байсан.

5.3. Мөн манай байгууллагын худалдааны төлөөлөгч нар тухайн салбаруудаар өмнөх өдөр нь явж, захиалгаа авсны үндсэн дээр захиалга шивэгдэж, түгээгч нар барааг хүлээлгэж өгсний дараа Санхүүгийн нягтлан бодогч нар харилцагчийн дэлгэрэнгүй санхүүгийн программд харилцагчийн авлагыг үүсгэдэг.

5.4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс *******той холбогдож, бараа материалыг төлбөрийг төлүүлэх, тооцоо нийлсэн акт үйлдэх талаар удаа дараа холбогдож байсан. Мөн тухайн үед ******* ХХК-ийг хариуцан ажиллаж байсан ажилтан *******д төлбөрийг шилжүүлсэн боловч уг ажилтан төлбөрийг шилжүүлээгүй байх магадлалтай гэх мэт тайлбарыг гаргаж, тооцоо нийлсэн акт үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 22,564,469 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... авсан барааны үлдэгдэл төлбөргүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 12 сарын 01-ний өдөр Онцгой эрхт харилцагчийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* брэндийн нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, ******* нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *******оос 22,557,369 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.1. Нэхэмжлэгч нь ... 2021 оны 11 сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 сарын 14-ний өдрийг хүртэл нийт 27,807,590 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, ******* нь 5,243,121 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 22,564,121 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

5.2. Зохигчдын хооронд 2021 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан Онцгой эрхт харилцагчийн гэрээ-д ******* ХХК-ийг төлөөлж захирал ******* гэж гарын үсэг зурсан байх боловч хуулийн этгээдийн тэмдэг дарагдаагүй, мөн хариуцагч ******* нь өөрийн регистрийн дугаар бүхий хувийн тэмдгийг дарж, гарын үсэг зурсан үйл баримтаас үзэхэд ******* ХХК нь иргэн *******той худалдах-худалдан авах гэрээний харилцаанд орсон гэж үзнэ.

 

5.3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан 2021 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний тохиролцоо, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний тайлан, зарлагын баримтуудын харьцуулан үнэлж хариуцагчийн төлөх төлбөрийг 22,564,121 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх баримтуудад тусгагдсан ******* *******, ******* *******, ******* ******* ******* гэсэн нийт 4 салбаруудыг хариуцагч нь ажиллуулдаг үйл баримтад талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

5.4. Хариуцагч нь 2024 оны 12 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа ... төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

5.5. Хариуцагчийн өмгөөлөгч нь 2025 оны 03 сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд ... *******, н.******* нараас гэрчийн мэдүүлэг авхуулах ... тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нь ... нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн хөрөнгийг тоглоомын төвийг хариуцан ажиллуулж байсан *******, н.******* нарт хүлээлгэн өгсөн боловч нэхэмжлэгчид өгөөгүй гэсэн агуулгаар гаргасан хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР