| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0057/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/62 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/62
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: Н.Ням
Шүүгдэгч: Ч.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Ц овогт Ч-ын С-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927001470053 дугаартай, 146/2019/0057/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг, Шавар түрүүний гол Хадат гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Ц овогт Ч-ын С-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.С- нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ баг Шавар түрүүний голын ___ гэх газар өөрийн хүү С.Б-ын гэрт Б.Ө-ыг “хов зөөлөө” гэх шалтгаанаар зүүн талын чихэн тус газар нь алгадаж, мөн өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.С- нь хохирогч Б.Ө-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Үүнд:
1.Шүүгдэгч Ч.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулсан гэв.
2. Шүүгдэгч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр саахалт айл М-ийн хүүхдийн сэвлэг үргээх найранд орсон юм. Тэр найран дээр би эхнэрийн хамт очсон тэгээд тэндээс 12 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд 15 цагийн үед малдаа явах гээд мордсон. Тэгээд малдаа явах замдаа хүү С.Б-ынд орсон юм. Тэднийд манай хүүгийн эхнэр Б.Ц-ийн ээж Б.Ө-, Б.Ө-ын айлын хүн Д.Б-, манай бэр, хүү тэд нар байж байсан. Би тэгээд худыгаа яасан их хов ярьдаг юм бэ гэж хэлээд зүүн гар талын хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгээд би манай хүүгийн гэрээс гар гээд түлхсэн гэтэл гэрийн босгон дээр ойчсон юм. Тэгээд манай худыг айлын хүн Д.Б- дагуулаад гэр лүүгээ явсан... гэжээ. /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
3. Хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай хүргэн С.Б- аймгийн төвд биеэ үзүүлээд ирсэн юм. Тэгээд би айлын хүн Д.Б-ийн хамт хүргэнийд орж ирээд биеийг нь асуугаад сууж байтал манай худ буюу С.Б-ын аав Ч.С- гаднаас халамцуу орж ирсэн. С.Б-ын хүүхэд ширээн дээр сууж байсан юм. Гэтэл Ч.С- хүүхэд яагаад ширээн дээр суулгаад байгаа юм бэ буулга гэсэн. Тэгэхээр нь би С.Б-ын 2 настай хүүхдийг ширээн дээрээс буулгасан тэгээд би зүүн талын орон дээр суусан гэтэл Ч.С- чи яасан их хов зөөдөг хүн бэ гээд миний зүүн гар талын чих рүү нэг алгадсан. Тэгээд би босч ирээд яагаад чих рүү алгадаж байгаа юм бэ миний чих юм сонсохоо больчихлоо гэж хэлээд би босоод ирсэн юм гэтэл цагдаагаа дууд гэсэн тэгэхээр нь би гэрээс гарах гээд явж байтал миний араас өшиглөсөн тэгээд би хүргэний босгон дээр ойчсон юм. Тэгээд намайг манай айлын хүн босгоод гэр лүү аваад явсан. Намайг яасан гэж зодсон юм мэдэх юм алга намайг хов зөөлөө гээд л алгадсан. Надад тэгж хов зөөсөн удаа байхгүй. Би гомдолтой байна. Цоорсон хэнгэргээ бүтэн болгоход зарцуулагдах эмчилгээний мөнгөө нэхэмжилж байна.
4. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дахин өгсөн: “...Би Улаанбаатар хотод ЭМЖЖ гэсэн нэртэй чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан тэгээд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр уг эмнэлэг дээр очиж зүүн талын чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орохоор болсон. Би хохиролын мөнгө гэж бэлнээр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 1.000.000 төгрөгөнд бодож адуу авсан. Надад одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй... гэжээ. /хх-ийн 24-27 дугаар хуудас/,
5. Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Өвөрхангай аймагт биеэ үзүүлчихээд 16 цагийн орчим ирсэн. Тэгээд манайд манай ээж, айлын хүн Д.Б- эгч хоёр орж ирсэн. Тэгээд манай нөхрөөс биеийг нь асуугаад байж байтал гаднаас хадам аав Ч.С- согтуу орж ирсэн. Манай охин ширээн дээр сууж байсан хадам аав охиноо ширээн дээрээс буулга гэсэн тэгээд манай ээж охиныг ширээн дээрээс буулгасан. Гэтэл манай ээжийг чи яасан их хов зөөдөг юм бэ гээд ээж рүү дайраад байсан тэгээд босч ирээд манай ээжийн зүүн талын хацар луу алгадсан. Гэтэл миний ээж чих юм сонсохоо больчихлоо чи яагаад намайг алгадчихваа гэж хэлсэн гэтэл манай хадам аав чамайг алчихсан ч яадаг юм гээд ээжийг зодох гээд дайрахаар нь би манай айлын эгч Д.Б- бид хоёр дундуур нь орсон. Гэтэл намайг чи зайл манай хүүгийн гэрийг авч явж чадаагүй биз дээ гээд миний баруун шанаа руу 2 удаа алгадсан. Манай ээж чи намайг яасан гэж зодож байгаа юм бэ би цагдаа дуудна гэж хэлсэн гэтэл манай хадам аав тэр цагдаадаа хэл гээд манай ээжийн араас өшиглөсөн. Манай ээж манай гэрийн босгон дээр ойчсон. Тэгээд Д.Б- эгч босгоод гэр рүү нь аваад явсан... гэжээ. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
6. Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би тэр өдөр хониндоо явсан байсан. Гэртээ иртэл манай эхнэр Б.Ө- зодуулчихсан байсан. Манай эхнэр хүргэн аймгийн төвд биеэ үзүүлээд ирэхээр нь биеийг нь асуух санаатай хүргэн С.Б-ынд айлын хүн Д.Б-ийн хамт очсон. Тэгээд байж байтал худ Ч.С- гаднаас орж ирээд чи яасан их хов ярьдаг юм гээд миний зүүн гар талын чих рүү алгадаад гэрээс нь гарах гэж байтал миний араас өшиглөөд би хүргэний босгон дээр ойчсон гэж надад хэлсэн. 2018 оны 10 сарын орчим худ Ч.С-ийнд орсон гэтэл миний унаж явсан морины хазаар мултраад эмээлтэйгээ яваад өгсөн байсан. Би Ч.С-ид хэлэхэд хүний бариад өгсөн морийг зөв унаж чадахгүй тавьж хөөгөөд байгаа юм уу гээд миний толгой руу сураар сүлжсэн суран хазаараар нэг удаа ороолгож байсан. Би энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй гэжээ. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
7. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Манай айлын хүн Б.Ө- бид хоёр гэрийнхээ гадаа юм яриад зогсож байхад хүргэн С.Б- нь аймгаас ирж байсан. Бид хоёр очоод С.Б-ынд ороод сууж байтал гаднаас Ч.С- орж ирсэн. Гэтэл Ч.С-, Б.Ө- эгчийг чи яасан их хов зөөдөг хүн бэ гээд зүүн талын хацар руу нь нэг алгадсан. Б.Ө- эгч орон дээр хойшоо ойчсон. Тэгээд чи яаж байгаа юм бэ болохгүй ш дээ гээд Ч.С-ийг би цааш нь түлхээд дундуур нь орсон юм. Тэгээд Ч.С-ийн хүү С.Б-ыг чи босч аавыгаа аваач гэж хэлтэл босч ирээд аавыгаа хажуудаа суулгасан. Тэгээд сууж байгаад Б.Ө- эгчийг ална гээд ахиж дайраад байсан. Тэгэхэд нь бэр Б.Ц- нь дундуур орж ирсэн гэтэл Ч.С- зүүн хацар руу нь хоёр удаа алгадсан. Тэгээд би Б.Ө- эгчийг хүргэнийх нь гэрээс аваад гарах гэтэл эгчийг Ч.С- гараараа түлхээд гэрийн босгон дээр унагаасан. Тэгээд Б.Ө- эгчийг уначихсан байхад дээрээс нь Ч.С- нэг удаа өшиглөсөн. Тэгээд би тэндээс Б.Ө- эгчийг аваад гэр рүү гээ явсан... гэжээ. /хх-ийн 37 дугаар хуудас/,
8. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 309 дугаартай дүгнэлтэнд: 1. Үзүүлэгч Б.Ө-ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн гарын тохойд шарх, зүүн гарын тохой, баруун гарын бугалга, зүүн хөлийн гуянд, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Л.Амгалан гэжээ. /хх-ийн 39 дүгээр хуудас/,
9. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,
10. Шүүдэгч Ч.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/
11. Хохирогч Б.Ө-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Чихний мэс заслын зөвшөөрөл болон бусад үзүүлсэн баримтууд /хх-ийн 62-69 дүгээр хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ч.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Б.Ө- нь чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орсон байх ба эмчилгээний зардалд шүүгдэгчээс 1500000 төгрөг, 1000000 төгрөгт тооцож нэг адуу хохирогчид төлсөн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.
Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогч Б.Ө- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн 6 ширхэг гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалан үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэргийг хянан шийдвэрлэх үед хохирогчид учирсан хохирол төлсөн байх тул хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 2000000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хүү, бэрийнхээ хажууд худ ургаа зодож хөнгөн хохирол учруулсан хувийн байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ч-ын С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Ч-ын С-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ид оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.С- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогч Б.Ө- нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн 6 ширхэг гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалан үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 2000000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА