Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар  223/МА2025/00019

 

 

 

 

 

 

2025           5               29                                               223/МА2025/00019

 

 

 

....  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 317/ШШ2025/00305 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ..................... тоотод оршин суух, ................ /РД:..................../-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................ тоотод оршин суух, ................ /РД:................./-д холбогдох

 

15,410,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзангийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзан,

Хариуцагч .... ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ....  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....  миний бие ....  тоотод оршин суудаг бөгөөд иргэн ....  энэ хаягтаа 20 гаруй жил хамтран амьдарсан. Энэ хугацаанд түүний зээ охин ....  хамтран өсгөлцсөн. Хамтран амьдрах хугацаанд ....  хүндээр өвчилж миний асрамжид гэрийн эмчилгээнд байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нас барсан юм. Хүнд өвчтэй байх үедээ эрүүл мэндийн байдал нь цочмогоор гэнэт их мууддаг байсан. 2014 онд гэнэт муудахад нь төрсөн охин .... , охин .... , зээ охин .... нарт мэдэгдэхэд тэд ирээд аав .... дээ "Та амьд дээрээ Баруун салаанд өөрийн нэр дээр байгаа гэр бүлийн хэрэгцээний газраа зар" гэж зөвлөсөн. Үүнээс хойш охин ....  нь 2 “Маяти” машин, 1 жижиг тэрэг, 10-аад хүнтэй ирж бид хоёрын амьдарч байсан иж бүрэн тавилгатай 3 ширхэг гэрийг ачиж явсан. Энэ үед миний бие 102 дугаарт дуудлага өгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдсэн боловч "Эд хөрөнгийн маргаан байна. Шүүхэд хандаж шийдвэрлүүлэх юм байна" гэсэн. Бид сувилал ажиллуулах гээд тухайн гэрийг авч байсан ба тэр үедээ тэтгэвэрийн зээл авч байсан юм. Охин ....  нь миний өмчлөл эзэмшлийн иж бүрэн тавилгатай 3 ширхэг гэрийг зарж борлуулаад Солонгос улс руу явсныг охин .... нь надад хэлсэн. ....  одоо Монголдоо ирсэн байгаа учир эд хөрөнгийн хохирол болох 15,410,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2.Хариуцагч ....  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ асуудлыг мэдэхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний эцэг бид нарт өмч хөрөнгө үлдээгээгүй. 2017 онд аав ....  цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ "Би өөрийн өмгөөлөгч н.Энх-Амгалантай хамт, мөн цагдаагийн 2 хүнтэй очиж, өөрийн 3 гэрийг машинтай очиж авсан" гэсэн байна. Тус үйл явдал 2017 онд болсон гэсэн байна. Би 2018 оны 4 дүгээр cap хүртэл Монголд байсан. Намайг байхад яагаад энэ нэхэмжлэлээ гаргаагүй юм бэ? Миний эцэг эмч хүн байсан бөгөөд асрагч, сувилагч хийж байсан энэ хүнтэй нилээд хэдэн жил амьдарсан. Аав өөрийнхөө мөнгөөр байр авч байсан. Бид нар хамт амьдарч байсан. Гэхдээ энэ 2 хүнийг зулгааж амьдраагүй. Бид нар .... д муухай хандаж үзээгүй. .... г хэцүү амьдарч байгаа гээд Орчлон хороололд байранд хүртэл амьдруулсан. Би аавтайгаа хамт очиж тэр гэрийг ачаагүй. Гэрийг нь зарсан зүйл байхгүй. Манай аав хэвтэрт байгаагүй ба цусаа солиулах гэж байгаад 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Манай аав олон жил эрүүл мэндийн байгууллагад ажилласан учраас сувилал нээгээд энэ яригдаад байгаа 3 гэрийг хандив цуглуулж авч байсан. 3 гэрийн хажууд мөн 3 контейнер байсан. Тэр контейнерийг ....  авсан байх. Тэглээ гээд бид нар цагдаагаар явж 3 контейнер нэхэж үзээгүй. Гэтэл ийм юм ярьж шүүхийн танхимд эцгийн минь нэрийг дуудуулж байгаад харамсаж, гутарч байна. Би үр хүүхдийнхээ төлөө ажил хийхээр Солонгос явсан болохоос 3 гэр хулгайлж зараад зугтаж яваагүй. Нэхэмжлэгч энэ асуудлаар олон удаа нэхэмжлэл гаргасан байсан. Манай эгчээс нэхсэн байсан. Тэгээд тэр нь хэрэгсэхгүй болохоор одоо надаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Нэг нэхэмжлэл дээрээ зээлээр авсан гэр гэж бичээд, дараагийн нэхэмжлэл дээрээ худалдаж авсан гэр гэж янз янзаар бичиж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан ....  нэхэмжлэлтэй, .... д холбогдох 15,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ....  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзан давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 317/ШШ2025/00305 дугаар шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж гомдол гаргаж байна. Учир нь хариуцагч ....  нь шүүх танхимд "Би Төв аймагт амьдардаггүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт амьдардаг, биеийн байцаалт байхгүй гэж худлаа хэлсэн, шүүх хурлын мэтгэлцээний үед гэр авч явахад авсан зураг дээрх хүнийг өөрийгөө биш гэж худлаа ярьж, ....  болон шүүхийг үл тоож байхад шүүгч ....  хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөл орсон гэж үзэж байна. Тухайн гэрийг зарж мөнгөөр нь Солонгос явсан гэдгийг түүний охин хэлдэг. Мөн хэрэгт өгсөн зураг дээрх хүн бол ....  мөн бөгөөд энэ зурагт шинжилгээ хийлгэмээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна.

.......  2017 онд 3 гэрийг нь зарсан. Аавынхаа нэр дээр байгаа газрыг зарах гээд явж байсан, тэрийгээ үгүйсгээд байна. Би анхан шатны шүүхэд ....  өөрийгөө биш гэж хэлээд байхаар нь шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ч миний хэлсэн үгийг ерөөсөө тоогоогүй. Энэ хүн өмч хөрөнгө байхгүй гэж байна, 3 гэр аваад явсных нь дараагаар өөрийнх нь төрсөн охин Шагдарсүрэнгийн итгэмжлэлгүй газрыг зарсан байдаг гэв.

 

5.Хариуцагч ....  давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга “...Намайг 3 гэр зарж, Солонгос явсан мэтээр бичиж шүүхэд өгдөг. Би энэ 3 гэрийг авч зараагүй. Миний эцгийн эд хөрөнгийн маргаан дууссан шүүхийн шийдвэр байсаар байхад миний алтан цаг, нэр алдарт байнга халдаж, сэтгэл санааны хохирол учруулсаар байна. Ер нь бол миний эцэгтэй амьдарч байх хугацаанд Цамбагаравын урд талын Номин хороололд, 21 дүгээр хорооллын Орчлон хороололд амьдарч байсан бөгөөд одоо амьдарч байгаа уг байрыг миний эцэг тухайн үеийн ханшаар 5,000,000 төгрөгөөр авч өгч хамт амьдарч байсан болно. Миний бие Сүхбаатар аймагт хамгийн том эгч болох Буд элэгний хүнд өвчтэй учир харж, ханддаг, байнга иймэрхүү байдлаар явах хэцүү байна. Намайг Солонгос яваад ирсэн, мөнгөтэй байгаа гэж мөнгө авахын тулд удаа дараа ийм байдал гаргаж байна. Миний эцгийн ясыг өндөлзүүлээд явж байгаад нь үнэхээр гомдолтой байна. Миний эцгийг та нар гар дээрээ ерөөсөө хараагүй, мөн ажлаа хийгээд явж байгаа шүүгчийн нэр хүндэд хүртэл халдаж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзангийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч ....  нэхэмжлэлийн шаардлагаа “...охин ....  нь “Маяти” болон жижиг машин, хүнтэй ирж бид хоёрын амьдарч байсан иж бүрэн тавилгатай 3 ширхэг гэрийг ачиж явсан. Энэ үед миний бие 102 дугаарт дуудлага өгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдсэн боловч "Эд хөрөнгийн маргаан байна. Шүүхэд хандаж шийдвэрлүүлэх юм байна" гэсэн. Бид сувилал ажиллуулах гээд тухайн гэрийг авч байсан ба тэр үедээ тэтгэвэрийн зээл авч байсан юм. Охин ....  нь миний өмчлөл эзэмшлийн иж бүрэн тавилгатай 3 ширхэг гэрийг зарж борлуулаад Солонгос улс руу явсныг охин .... нь надад хэлсэн. ....  одоо Монголдоо ирсэн байгаа учир эд хөрөнгийн хохирол болох 15,410,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарласан,

Хариуцагч ....  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдааБи энэ асуудлыг мэдэхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 онд аав ....  цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ "Би өөрийн өмгөөлөгч н.Энх-Амгалантай хамт мөн цагдаагийн 2 хүнтэй очиж өөрийн 3 гэрийг машинтай очиж авсан" гэсэн байна. Манай аав олон жил эрүүл мэндийн байгууллагад ажилласан учраас сувилал нээгээд энэ яригдаад байгаа 3 гэрийг хандив цуглуулж авч байсан” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ....  нэхэмжлэлтэй хариуцагч .... д холбогдох 15,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

4.1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно”, мөн  Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “Ерөнхий шүүгч хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулна” гэж тус тус заасан.

 

Шүүх дээрх хуулиар зохицуулсан журмыг зөрчсөн тохиолдолд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болох юм.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгч ....  нэхэмжлэлтэй, хариуцагч .... д холбогдох 15,410,000 төгрөг гаргуулах тухай хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 151/ЕШ2025/00085 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч .... ыг томилсон шийдвэрийг албажуулсан /хх-57/,

Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэршил, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх болсноор тухайн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШЗ2025/00238 дугаар шүүгчийн захирамжаар тус шүүхэд шилжүүлжсэн байна. /хх-58/

Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батална” гэж заасан.

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуульд заасны дагуу Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаар тогтоолоор хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг баталж, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилагдсан шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг уг журмын 4.1-т зааснаар Ерөнхий шүүгч албажуулахаар байна.

 

Гэтэл нэхэмжлэгч ....  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулаагүй байхад хэргийг шүүгч ....  даргалж шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т  “хууль бус бүрэлдэхүүнээр  хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж заасан үндэслэлд хамаарч байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

6.Хэргийг дээрх үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ....  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 317/ШШ2025/00305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ....  нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ТҮВШИНТӨГС

 

 

       ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА

                                                                                А.ЦЭРЭНХАНД