Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 226/МА2025/00008

 

 

 

 

 

 

 2025          05           05                                           226/МА2025/00008

 

 

 

Н.М-н нэхэмжлэлтэй, Ж.Б-т

 холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Н.М  /цахимаар/,

Хариуцагч Ж.Б  /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М г нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 321/ШШ2025/00070 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч  Н.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б-т холбогдох “Хүүхдийн сургалтын төлбөр 2,400,000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.М  нэхэмжлэл болон тайлбартаа: “...Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас ..................шүүхээр 2023 онд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгож шийдвэр гарсан. Ж.Б  нь уг шүүх хуралдаанд хүүхдүүдийнхээ цаашид гарах бусад зардлыг төлөхөө илэрхийлсэн. Охин Б.Е  маань ........... Их сургуульд элсэн суралцаж, 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт нийт 4,000,000 төгрөг, мөн дотуур байрны төлбөрт 820,000 төгрөгийг төлсөн тул эцгээс нь сургалтын төлбөрийн тал хувь болох 2,000,000 төгрөг, дотуур байрны төлбөрийн тал хувь болох 400,000 төгрөг нийт 2,400,000 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ж.Б  хариу тайлбартаа: “...Бид гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдралтай болсон. Би хувийн компанид ажилладаг, тухайн компани маань улирлын чанартай, ажлын байдлаас шалтгаалан одоогоор ажиллахгүй байгаа. Эцгийн хувьд үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх нь миний үүрэг боловч цалин орлогогүйн улмаас төлбөрийг төлөх боломжгүй байна. Би төлөхгүй гээгүй, гэхдээ миний хувийн байдлыг харгалзах шаардлагатай байна. Би хүүхдүүдийнхээ тэтгэлгийг хуулийн дагуу төлдөг...” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Ж.Б-аас охин Б.Е-ний сургалтын төлбөр 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Миний бие охин Б.Е-г 18 насанд хүрээгүй байх хугацаанд буюу 2023 оноос 2024 оны Их сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувийн зардлыг эцэг байх үүргийнхээ дагуу сайн дураараа төлсөн... Охин маань ноднин 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 18 нас хүрсэн учраас эрх зүйн чадамжтай болсон гэж үзэж байгаа. Хүүхдийн эрхийн конвенцэд заасны дагуу охин Б.Е  18 нас хүрсэн учраас хүүхэд гэж үзэхгүй... Гэтэл сум дундын анхан шатны шүүх нь сургалтын төлбөрийн талаар шийдвэр гаргахдаа гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг удирдлага болгож шийдвэрлэсэн нь уг  хуулийн 53-р зүйлийн 53.1.3-д заасан тэтгүүлэгч /охин Б.Е / 18 насанд хүрсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

Нэхэмжлэгч Н.М  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...энэ хүүхэд сургууль төгсөөгүй, боловсрол эзэмшээгүй байж яаж цаашаа амьдрах юм бэ? Бид бүгдээрээ л сургууль төгстлөө 21, 22 нас хүртлээ эцэг эхээрээ төлбөрөө төлүүлдэг. ...би өөрөө охиныхоо төлбөрийг төлдөг, охиныхоо өмнөөс хариуцаж явж байгаа учраас бид 2 ярилцаж байгаад нэхэмжлэл гаргасан...” гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Н.М- нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан “Хүүхдийн сургалтын төлбөр 2,400,000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Ж.Б нь “...Би хүүхдээ харж хандаж, тэжээн тэтгэхгүй гээгүй, одоо ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул сургалтын төлбөрийг төлөх боломжгүй...” гэж маргажээ.

 

          Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Ж.Б-аас охин Б.Е-ний сургалтын төлбөр 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “...гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д заасан тэтгүүлэгч /охин Б.Е / 18 насанд хүрсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.

 

.................сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144/ШШ2023/00034 дүгээр шийдвэр (хх-ийн 15-24 хуудас)-ээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, охин Б.Е-нийг эх Н.М-ын асрамжид үлдээж, Ж.Б  нь хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний зардал болон зайлшгүй гарах зардлын 50 хувийг хариуцаж, Н.М-д төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болох ............. их сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25-003 дугаар албан бичгээр олгосон “...Б.Е 2024/2025 оны сургалтын төлбөрт 3,990,000 төгрөг төлсөн нь үнэн...” гэх тодорхойлолт, тус сургуулийн санхүүгийн албаны №24/047, №24/026 дугаартай нэхэмжлэх гэх баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тэтгүүлэгчийн 2024-2025 оны сургалтын төлбөрийг төлсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Хүүхдийн эрхийн конвенцийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.4 дэх заалтад заасан үндэслэлийг дурдаж сургалтын төлбөрийн тал хувийг эцгээс нь гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 53-р зүйлийн 53.1 дэх хэсгийн 53.1.3 дахь заалтад “...тэтгүүлэгч хүүхэд 18 нас хүрсэн...” тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болохоор заасан хэдий ч тэтгүүлэгч хүүхэд насанд хүрмэгц шууд өөрөө бие даан орлого олж төлбөрөө төлөх боломж нөхцөл дутмаг буюу сургуульд сурч боловсорч байгаа байдлыг нь шүүхээс онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэж нэмэлт тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэснийг зөв гэж үзсэн болно.

 

Иймд хариуцагч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагч Ж.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 321/ШШ2025/00070 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Ж.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.