Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 203/МА2025/00026

 

Өмнөговь аймгийн ******* сумын

Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 313/ШШ2025/00110 дугаарт шийдвэртэй,

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

******* ******* ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30,106,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Арсланбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 05 дугаартай зээлийн гэрээний дагуу Өмнөговь аймгийн ******* сумын ******* ******* сангаас 40,000,000 төгрөгийг үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслөөр зээлж авсан.

Зээлдэгч ******* ******* ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, 30,106,904 төгрөгийн эргэн төлөлтийг хийлгүй, төрийн болон нийтийн ашиг сонирхолд дээрх хохирлыг учруулсан байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслийн зээлийн гэрээний эргэн төлөх хугацаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тус ******* сумын Засаг даргын Тамгын газраас зээлдэгч ******* ******* ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр болох 28,253,754 төгрөгийг гаргуулах тухай өргөдлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргахад эвлэрлийн гэрээний нэг тал болох ******* ******* ХХК эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзах тухай хүсэлтийн дагуу эвлэрүүлэн зуучлагч нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 44 дугаартай тэмдэглэл гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон болно.

Иймд ******* ******* ХХК-иас зээлийн үлдэгдэл төлбөр болох 30,106,904 төгрөгийг гаргуулж ******* сумын Хоршоог ******* сангийн 100111155402 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* сумын ******* ******* сангаас ноос боловсруулах үйлдвэрээ өргөжүүлэх зорилгоор 40,000,000 төгрөгийн зээлийг авсан ба энэ хугацаанд 12,918,015 төгрөгийн зээлийг эргэн төлсөн. Гэтэл түүхий эдийн үнийн өсөлт, ажиллах хүчний зардлын улмаас бид үйл ажиллагаагаа цаашид хэвийн тогтвортой явуулах боломжгүй болж алдагдалд орж эхэлсэн тул зээлээ бүрэн төлж барагдуулах боломжгүй байдалд хүрсэн.

Гэрээ 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүрэгтэй холбогдуулан гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн талаар нэхэмжлэл гаргах шаардах эрхээ алдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 28,253,754 төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн ******* сумын Хоршоог ******* санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,853,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 308 485 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 299,218 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн төлөөлөгч Д.******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаатай үйл баримтыг буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон байхад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үндэслэлгүй, үйл баримтад нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.*******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,106,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 28,253,754 төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн ******* сумын Хоршоог ******* санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,853,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч Д.******* эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.

 Нэг талаас Өмнөговь аймгийн ******* сумын ******* ******* санг төлөөлж тус сумын Засаг дарга А.Баяр-Эрдэнэ /зээлдүүлэгч/, нөгөө талаас тус сумын аж ахуйн нэгж ******* ******* ХХК /зээлдэгч/ нар нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, үйлдвэрлэлээ өргөжүүлэх /эсгий үйлдвэрлэл, оёдол/ зориулалтаар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөгдөж дуусах нөхцөлтэйгөөр зээлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.

Зээлдүүлэгч буюу Өмнөговь аймгийн ******* сумын ******* ******* санг төлөөлж тус сумын Засаг дарга нь тодорхой мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч ******* ******* ХХК уг мөнгийг авч ашиглах, хүүтэй буцаан төлөхөөр бичгээр тохиролцсоноор талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл, талууд энэ талаар маргахгүй байна.

Зээлийн гэрээгээр төлбөрийг 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 сарын 02-ны өдрийг дуустал сар бүр тэгш хуваариар эргэн төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч нь 2013 онд 498,000 төгрөг, 2014 онд 9,490,015 төгрөг, 2015 онд 1,930,000 төгрөг, 2016 онд 1,000,000 төгрөг, нийт 12,918,015 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, ******* ******* сангийн зээл төлөлтийн дансны хуулга зэргээр нотлогдож байна.

Уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөлийн талаар зохигч маргаагүй, харин хариуцагч талаас ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан гэж мэтгэлцэж байна.

 Дээрхийг дүгнэвэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил ба тухайн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс болон эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс эхэлж тоолохоор заажээ.

Зохигч талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон байх ба 28,253,754 төгрөг гаргуулах тухай өргөдлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан байна.

Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш болон эрх зөрчигдсөн үеэс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан болох нь Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний 1/122, 2014 оны 05 дугаар сарын 07-ны 1/157, 2014 оны 06 дугаар сарын 19-ний 1/199, 2017 оны 06 дугаар сарын 08-ны 1-175, 2018 оны 03 дугаар сарын 16-ны 1-72 тоот албан бичгүүд, мөн тус сумын Засаг даргаас аймгийн Аудитын газарт явуулсан 2017 оны 06 дугаар сарын 12-ны 1-183, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны 2/329 тоот албан бичгүүд зэргээр тогтоогдож байна.

Зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч ******* ******* ХХК-ийн захирал Д.*******ийн ******* сумын ******* ******* санд хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, хавсралтын хамт хэрэгт авагдсан байх ба албан бичигт ...эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ******* ******* сангийн зээл болох 30,106,904 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд бодуулан хүлээлгэн өгөх хүсэлтэй байна гэжээ.

Зээлдэгчийн зээлийн гэрээний эргэн төлүүлэлтэд тооцож эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй байх тул давж заалдах шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн гэж үзэн дээрх хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Уг албан бичгээр хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан болох нь нотлогдож байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, зээлдэгч нь хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдлуудаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал тогтоогдож байх тул хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 30,106,904 төгрөг гаргуулахаар шаардсан ба үндсэн зээл 28,253,754 төгрөг, алданги 1,746,246 төгрөг, хүү 106,904 төгрөг гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч нь алданги 1,746,246 төгрөг, хүү 106,904 төгрөгийг ямар хугацаагаар, хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул 1,853,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* *******" ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 28,253,754 төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн ******* сумын Хоршоог ******* санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,853,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,219 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 313/ШШ2025/00110 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 Х.ГЭРЭЛМАА