| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0699/Э |
| Дугаар | 704 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 704
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
Улсын яллагч Ж.Отгончимэг,
Шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт ийн д холбогдох 1908016900937 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух, урьд
2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тайж овогт ийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Д. нь 2019 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 1 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 31 дүгээр байрны гадна У.тай хэрүүл маргаан үүсгэн, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч У.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 1 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооо 31 дүгээр байрны гадна гэдэг эмэгтэйд зодуулсан. Тэгээд ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг зодоод эхэлсэн үснээс зулгааж миний толгойны баруун хэсгээр зогсоолд зогсож байсан машины ар талын хэсэг рүү хэд хэдэн удаа мөргүүлээд миний нүүрийг маажсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
2.Шүүгдэгч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... манай нөхрөөс салахаа байгаад манай гэр лүү орно гэж маргалдаж байгаад нүүр амыг нь хумсаараа маажсан тухайн үед стресст орсон байсан. Тэрнээс хойш манай нөхөр залгаад чи яагаад хүн зодож байгаа юм бэ гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 46-47 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний өөдөөс орц руу ороод ирсэн тэгээд гадна ирчихсэн байсан байна бид хоёр муудалцлаа гэж надад хэлсэн. Би араас нь очиход Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр нүүр нь маажигдсан сорвитой толгой өвдөөд баина намайг зодчихлоо гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 12 х /,
4.Гэрч З.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр охиноос юу болсон, нүүр ам чинь яагаад ийм болчихсон юм бэ гэхэд хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэр охины нүүр нь хүнд маажуулсан байдалтай нил шарх болсон явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31х /,
5.Шинжээчийн 2790 тоот дүгнэлт
1.У.ын биед тархи доргилт, дух баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, шанаа доод уруулын арсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 34 х/,
6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48 х/
7.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 51-53 х/
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61 х/
9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 64 х/
10.Хохирогч У.ын “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх тэмдэглэл /хх 73 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Д. нь 2019 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 31 дүгээр байрны гадна У.ыг “нөхөртэйгээ хардан” хэрүүл маргаан үүсгэн, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч У.ын “... ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг зодоод эхэлсэн үснээс зулгааж миний толгойны баруун хэсгээр зогсоолд зогсож байсан машины ар талын хэсэгт хэд хэдэн удаа мөргүүлээд миний нүүрийг маажсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
- Шүүгдэгч Д.гийн “... тай нөхрөөсөөс болж маргалдаж байгаад нүүр амыг нь хумсаараа маажсан ...” гэх мэдүүлэг /хх 46-47 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Н.ын “... миний өөдөөс орц руу ороод ирсэн тэгээд гадна ирчихсэн байсан байна бид хоёр муудалцлаа гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 12 х /,
- Гэрч З.ын “...Би тэр охиноос юу болсон, нүүр ам чинь яагаад ийм болчихсон юм бэ гэхэд хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэр охины нүүр нь хүнд маажуулсан байдалтай нил шарх болсон явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31х /,
- У.ын биед тархи доргилт, дух баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, шанаа доод уруулын арсны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 2790 тоот дүгнэлт /хх 34 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Д. нь хохирогч У.ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Д. нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч У. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 73 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэсэн.
Улсын яллагч: Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Д.гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусад учруулсан хор уршиг их биш, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан шүүхээс түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тайж овогт ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.д мэдэгдсүгэй.
4.Д.гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ