Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 38

 

Ц.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                         Д.Энхтуяа

Ялтан                                               Ц.О-

Ялтны өмгөөлөгч                            Ц.Гэнэндулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн О-т холбогдох эрүүгийн 20160900000032 дугаартай, 171/2017/0080/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д механик инженер ажилтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 4 дүгээр байр 55 тоотод оршин суух, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дархчууд овогт Ц-ийн О- /регистрийн дугаар: ДЮ82072379/,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.О- нь давтан үйлдлээр 2002 оны 06 дугаар сараас эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 4 дүгээр байр, 55 тоотод оршин суух гэр бүлийн гишүүн эхнэр М.Н-, үр хүүхэд О.Т-, О.С- нарыг үл хүндэтгэн эхнэр М.Н-д хүч хэрэглэн удаа дараа зодож бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үр хүүхэд О.Т-, О.С- нарын амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас М.Н-, О.Т-, О.С- нарыг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгож, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 94 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Дархчууд овогт Ц-ийн О-ыг бусдыг илтэд хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг догшин авирлаж, давтан танхайрах явцдаа М.Н-гийн бие махбодид хөнгөн, мөн эхнэр М.Н-, хүү Т-, охин С- нарын амгалан тайван байдлыг алдагдуулж байсны улмаас тэднийг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.4-т зааснаар Дархчууд овогт Ц-ийн О-ыг 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Ц.О-т оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Ц.О-т өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Ц.О- нь М.Н-гийн хохиролд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж...

 -Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.О-ыг хохирогч Н-г удаа дараа зодсон гэж шүүх үзсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2002 оны 06 сараас эхлэн эхнэр болох Н-г зодсон гэх 2007, 2008, 2012, 2014 онуудад зодсон гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон шалгагдаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д гэмт хэрэг гарсан байдал нотлогдохгүй байна. Хэдийд яаж ямар байдлаар зодсон талаар хангалттай баримтгүй, хохирогч тухайн цаг үед цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж байгаагүй энэ талаар нотлосон нотлох баримт байхгүй, мөн 2014 оны 04 сарын 18-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан нотлох баримт гаргаж өгсөн боловч ямар эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэрхэн яаж гаргуулсан нь тодорхойгүй байхад шүүх удаа дараа давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоох тухай заасан.

Энэ хэргийн тухайд гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан зодолдсон үйлдэл нотлогдсон.

Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд зайлшгүй байх шинж нь нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн байхыг ойлгоно.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр Н-г зодсон гэх гэм буруутай үйлдлийг нотлогдсон гэж хүлээн зөвшөөрч байна.

Тухайн гэм буруутай үйлдэл нь хувийн сэдэлттэй учраас зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

Мөн Ц.О-ыг О.Т-, О.С- М.Н- нарыг  сэтгэцийн өвчний 10 дугаар ангилал F43.22 код бүхий дасан зохицолтын эмгэг сэтгэл түгшүүлэх сунжирсан хариу урвал гэх сэтгэцийн өвчтэй болгосон нь шүүх сэтгэц эмгэг судлалын удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч дээрх сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд нь яг хэдий хугацаанд үүссэн болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэлт гарсан.

Уг шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Зөвхөн Ц.О-ын үйлдлээс дээрх 3 хохирогч сэтгэцийн өвчтэй болсон гэж шийтгэх тогтоолд заасан нь үндэслэлгүй байна.

...2002, 2007, 2008, 2012, 2014 онуудад зодсон гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн хохирогч нарыг сэтгэцийн өвчтэй болгосон гэх үйлдэл холбогдлыг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2016 оны 01 сарын 11-ний өдрийн үйлдэлд гэм буруутай учир гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ялтан Ц.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Энэ амьдралд гарсан алдаанд Н- бид 2 хоёулаа буруутай. Бие биеэ үл хүндлэн маргаж амьдралдаа цав гарган үүний уршгаар 2 сайхан хүүхэд маань хохирлоо. 2016 оны 01 дүгээр сарын маргаанаас хойш гэр бүлээ салах хүртэл амьдрал маань элэг бүтэн, эв найртай хэвээр байна гэж итгэсээр, хүлээсээр 1 жилийг авсан. Би 1 жилийн турш гэр бүлээ салгахгүй гэж давж заалдахдаа бид 2 ямар том алдаа хийж, аав, ээжийн буруу, гэр бүл салалтаас үүдэн сэтгэл санаа нь зовнин нүдэнд нь гуниг суусан хүү, охин хоёроо харах бүрийд сэтгэл сэмэрч, амьдралдаа алдсан алдаандаа харамсаж, гэмшиж явна.

Бидний гэр бүл бүрэн салсан. Хойшид дахин хамт амьдрахгүй болно. Хоёр хүүхдийг маань асран хамгаалах ээж Н- нь арван жилийн визтэй Америкт амьдрахаар гараад 8 дугаар сараас хойш гадаадад амьдарч байгаа учир хоёр хүүхэд маань аав дээрээ ирж амьдарч сэтгэл нь сэргэдэг юм. Би одоогоор анхан шатны шүүхийн ялын дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй болно. Би яллагдаж хоригдоход 15 настай хүү, 7 настай охин 2 маань бүтэн өнчирч амьдралын бартаанд бүдэрч, засрашгүй алдаанд орох болно. Үүнийг би аав хүний хувьд шилжилтийн насанд яваа том хүүгийнхээ гунигтай нүд, сэтгэлээс ойлгож, хүүдээ ойр дотно байхыг хичээсээр ирсэн. Би 2 хүүхдээ өөр дээрээ асарч эцгийнхээ үүргийг бүрэн биелүүлж, үр хүүхдээ өнчрүүлэхгүй, хайр халамжаар дутаахгүй байлгахыг хүсч байна” гэжээ.

Ялтан Ц.О- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хавтаст хэрэгт нотлогдохгүй баримт байдаг. Намайг 2 хүүхдээ сэтгэцийн өвчтэй болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүх тухайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж байвал Ц.О- хэргийн талаар үнэнч шударгаар мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг арилгасан, бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг баримталж хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Ялтан нь харамсаж байна, 2 хүүхдээ асарна гэж хэлж байна, хохирогч талаас хорих ял эдлүүлэхийг хүсэхгүй байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн, ялтны өмгөөлөгч хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж байгаа учраас улсын яллагчийн зүгээс хорих ялыг тэнсэж хянан харгалзахаас татгалзах зүйлгүй гэж үзэж байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.О-ыг давтан үйлдлээр 2002 оны 06 дугаар сараас эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл гэр бүлийн гишүүн эхнэр М.Н-, үр хүүхэд О.Т-, О.С- нарыг үл хүндэтгэн эхнэр М.Н-д хүч хэрэглэн удаа дараа зодож бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үр хүүхэд О.Т-, О.С- нарын амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас М.Н-, О.Т-, О.С- нарыг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгож, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Ц.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь “...хууль ёсны ба үндэслэлтэй байх...” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Ялтан Ц.О-ын “...өөрийн буруутай үйлдэлд гэмшиж амьдралдаа алдаа хийснээ ойлгож маш их харамсаж байна. Иймд хадам аав, ээж, хань Н-гээсээ уучлалт гуйж байна” гэх, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч С.Мягмарын “...анхан шатны шүүх хурал дээр би Ц.О-ыг хорхихыг хүсэхгүй байгаа талаар санал бодлоо илэрхийлж байсан. Бид Ц.О-т ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт, өмгөөлөгч Ц.Гэнэндуламын “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг арилгасан, бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг баримталж хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэлүүдийг тус тус хүлээн авч, ялтан Ц.О- нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтүүдийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 94 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын дараа 31  гэсэн заалтыг нэмж:

“31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Дархчууд овогт Ц-ийн О-т оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 03 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Ц.О-т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг Ц.Оюунгэрэл, Б.Өлзийбат нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                          ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                        Ц.АМАРЖАРГАЛ