| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2023/0051/З |
| Дугаар | 001/ХТ2025/0025 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2025/0025
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Том татвар төлөгчийн газрын татварын улсын
байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2024/0732 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч улсын байцаагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нар “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар актаар 25,617,677,792.54 төгрөгийн зөрчилд 678,518,113.34 төгрөгийн нөхөн татвар, 213,209,023.14 төгрөгийн торгууль, 144,440,738.55 төгрөгийн алданги, нийт 1,036,167,875.03 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч “... татварын хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн байх бөгөөд хяналт шалгалт хийх журам зөрчсөн ... татварын байцаагч нар АМНАТ төлөгч мөн эсэхэд зөв дүгнэлт хийлгүй ... 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.3.3, 47.5 дахь хэсгийг хэрэглэж манай компанийг ... АМНАТ төлөгч гэсэн нь үндэслэлгүй. “Э” ХХК нь ашиг олох, борлуулах зорилгоор төмрийн хүдрийг худалдаж аваагүй бөгөөд гадаад улсад экспортлоогүй юм. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь бусдын худалдсан болон худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн ба энэ нь АМНАТ төлөх үндэслэл болохгүй” гэж,
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... “Э” ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалыг Монгол улсын дотоодын аж ахуйн нэгж, компаниудаас худалдан авсан “Худалдах, худалдан авах гэрээ”-үүд, БНХАУ-ын компаниудад худалдан борлуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-үүд, Гаалийн ерөнхий газрын гаалийн экспортын мэдээ, Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтүүд, Татварын удирдлагын нэгдсэн систем (ТУНС)-д илгээсэн, тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2019, 2020, 2021 оны тайлан, ногдол, төлөлтийн мэдээ зэрэг татварын хяналт шалгалтын явцад авагдсан нотлох баримтын хүрээнд актаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. ... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд АМНАТ төлөхөөр заасан тул төмрийн хүдрийг экспортолсон нэхэмжлэгч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн ” гэж тус тус тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2024/0732 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг тус хуулийн зорилгоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй нь шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
7.2.Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг тус хуулийн зорилгоос болон Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэн, 2022 оны 06 сарын 24-ний өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь Монгол “Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор заасан. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК нь ашигт малтмал худалдан борлуулагч бөгөөд гадаадын элементэд хил дамнуулан худалдсан байж л АМНАТ-ын төлбөр төлөгч болох юм.
7.3.Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан буюу өөрийн өмчийн бараа бүтээгдэхүүнийг бусдад гэрээний дагуу худалдаж, дагалдах баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ба худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, тохирсон төлбөрийг шилжүүлэх үүргийг хүлээх юм. Хэрэгт манай компанийн нэр дээр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ авагдсан хэдий ч уг гэрээний дагуу худалдах үйл ажиллагаа явагдаагүй, төмрийн хүдэр худалдах, худалдан авах ажиллагаа явагдаагүй, төлбөр тооцоо нь худалдагч “М” ХХК болон БНХАУ-ын “Ш” экспорт, импортын худалдааны компанийн хороонд худалдсан төмрийн хүдрийн төлбөр мөнгө нь шилжигдсэн баримт бөгөөд мөн түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн худалдсан төмрийн хүдрийн төлбөрийн шилжүүлгийн баримт бүхэлдээ хэрэгт авагдсан байтал шууд төмрийн хүдрийг дотоодоос худалдан авч, гадаад улсын хуулийн этгээдэд худалдсан бөгөөд гаалийн хилээр худалдах зорилгоор нэвтрүүлсэн гэж дүгнэсэн.
7.4.Гэтэл нэхэмжлэгч компани нь ашигт малтмал, худалдаагүй, худалдах зорилгоор ачуулаагүй бөгөөд зөвхөн бусдын худалдан авсан төмрийн хүдрийг зөөж, тээвэрлүүлэх үйл ажиллагааг хөлстэйгөөр эрхлэхдээ 2019, 2020 онд нийт 945 ширхэг гаалийн бүрдүүлэлт хийж, гаальд мэдүүлсэн юм. Харин энэхүү үйлдлээр нь ашигт малтмал экспортлогч, үйлчилгээний экспорт хийсэн гэж дүгнэж хэрэгт байх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэн зөв үнэлээгүй гэх үндэслэл болж байна.
7.5.Харин “Э” ХХК нь төмрийн хүдэр худалдах, худалдах авах үйл ажиллагаанд зуучилж гэрээний талуудыг холбох, гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх мөн худалдан авагчтай “Төмрийн хүдэр тээвэрлэх гэрээ” байгуулсны үндсэн дээр түүний худалдан авсан төмрийн хүдрийг ачуулах үйл ажиллагааг эрхэлсэн ба энэхүү ажлын орлогыг хүлээн авч, зориулалтын дагуу зарцуулсан. Гэтэл Ашигт малтмал “ экспортолсон этгээд” мөн эсэх талаар хэргийн үйл баримтаас эргэлзээгүй тогтоож чадаагүй.
7.6.Энэхүү дээрх үйлдлийн талаарх ижил төрлийн маргааныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай тогтоолд дараах байдлаар тайлбарлан хэрэглэсэн байдаг. Тухайлбал, татварын байцаагч нар “танай компани ашигт малтмал экспортолсон гэдэг нь гаальд мэдүүлж бүрдүүлэлт хийснээр нотлогдоно” гэдэг. Гаалийн тухай хууль 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс ... зэрэг хөдлөх эд хөрөнгийг, 3.1.7-д “гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг, 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг ойлгохоор тус тус заажээ.
7.7.Дээрх заалтуудаас харахад “гаалийн бүрдүүлэлт хийсэн бол экспортлогч” гэж үзэх агуулгагүй байх бөгөөд гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад аливаа этгээд мэдүүлж болохоор байна. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “татвар төлөгч” гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээд гэж заасан байх тул гаалийн байгууллагад бараа мэдүүлж байгаа аливаа этгээд гаалийн татвар төлөх үүрэгтэй байна. Харин АМНАТ төлөх үүрэгтэй этгээдийг Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан зохицуулсан тул ашигт малтмалыг гаалийн хилээр нэвтрүүлсэн этгээдийг АМНАТ гэж үзэхээргүй байна.
7.8.Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ гэж зохицуулсан байна. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/315 дугаар тушаалаар хүчингүй болсон 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/226 дугаартай Гаалийн ерөнхий газрын даргын “Журам батлах тухай” тушаал, түүний хавсралтууд, тухайлбал, Барааны сорьц, дээж, загвар, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журамд “экспортлогч” магадлан шинжилгээ хийлгэх тухай зохицуулаагүй. Татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системд илгээсэн, тайлагнасан, АМНАТ-ын 2019, 2020, 2021 оны тайлан, ногдуулалт зэргээр нотлогдох тухай тайлбарладаг. Гэтэл гаалийн хилээр нэвтрүүлсэн ашигт малтмал нь ачуулах ажил гүйцэтгэсэн компани болох “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэнийг хянаж шалгаагүй.
7.9.Мөн татварын байцаагч нар татвар төлөгчийг шахаж, шаардаж гэрээний үнээр тайлан гаргуулсан боловч тайлагнасан л бол АМНАТ төлөгч гэж дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.2 дахь заалт буюу “ашигт малтмал экспортолсон этгээд” гэсэн хуулийн заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдан авахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ...нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэх заасныг үндэслэн АМНАТ тогтоосон буруу байна.
7.10.Өөрөөр хэлбэл, уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт нь “ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч”-ийг тодорхойлсон агуулгагүй, борлуулалтын үнэлгээг хэрхэн тогтоохыг журамласан агуулгатай тул уг зохицуулалт нь мөн хуулийн 47.1-д тодорхойлсон “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч”-д хамааралтай буюу ашиг малтмалыг худалдах, худалдахаар ачуулаагүй, ашиглаагүй этгээдэд хамаатуулан хэрэглэхгүй гэж тайлбарласнаас өөрөөр тайлбарлаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх байна.
Иймээс шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ дээрх байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн, ийм төрлийн маргааны шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, хэргийг буруу шийдвэрлэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.Нэхэмжлэгч “Э” ХХК нь энэхүү маргаан бүхий актад хамаарах цаг хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшээгүй хэдий ч төмрийн хүдрийг худалдан авч экспортод гаргах үйл ажиллагааг эрхэлдэг байсан.
11.Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар “Э” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нэхэмжлэгч компанийг 2019 онд 20,214.80 тонн, 2020 онд 40,428.17 тонн, нийт 60,642.97 тонн төмрийн хүдрийг экспортод борлуулахдаа борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй зөрчилд тооцож 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нөхөн ногдуулалтын акт үйлджээ.
12.Ингэхдээ 2019 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан нь үндэслэлтэй эсэх,
-Ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, экспортод гаргасан этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан “ашигт малтмал экспортолсон этгээд”-д хамаарах эсэх тухай байна.
13.2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д гагцхүү ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар хуульчилсан байсныг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаас “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ...” ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар өөрчлөн найруулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч эсэхээс үл хамааран ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр өргөжүүлэн зохицуулжээ.
14.Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлт дээрх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус зүйлийг хүчингүй болгосон байна. Улмаар, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-ийг “ашигт малтмал экспортолсон этгээд” ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр өөрчлөн найруулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар тус зохицуулалтыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
15.Үүнээс үзвэл 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашигт малтмал экспортолсон этгээд” гэх зохицуулалт тусгагдах хүртэл буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй байна.
16.Гэтэл, хариуцагч нар 2019 онд Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон зохицуулалтыг 2022 онд үндэслэж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан “хууль дээдлэх”, “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй байна.
17.Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ХТ-131, 132 дугаар тогтоолд “нэгэнт хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон хуулийг үндэслэсэн нь буруу”, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон, ингэснээр нэхэмжлэгчийн хувьд АМНАТ төлөх үүрэг үүсээгүй буюу хариуцагч шаардах эрхгүй” гэж дүгнэсэн нь энэ хэргийн хувьд хамааралтай байх бөгөөд нэхэмжлэгчийн “2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн АМНАТ ногдуулсан нь буруу” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
18.Иймд нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд тухайн хугацаанд хамаарах нөөц ашигласны төлбөр, торгууль, алдангийг хүчингүй болгох нь зүйтэй.
19.Харин, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д өөрчлөлт орсноор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэхээс үл хамааран ашигт малтмалыг экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр болсон, энэ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
20.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан “Ашигт малтмал экспортолсон этгээд” гэх ойлголтын агуулгыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ХТ-47 дугаар тогтоолд “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсгэж буй ашигт малтмал экспортолсон этгээд гэх ойлголтын хууль зүйн агуулга нь ашигт малтмалыг газрын хэвлийгээс салган авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан этгээдийг хамааруулах агуулгатай, харин худалдах, худалдан авах харилцааны явцад тухайн ашигт малтмалыг зөөсөн, тээвэрлэсэн этгээдэд хамааралгүй” гэж тайлбарласан, өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр экспортод гаргасан этгээд нь ашигт малтмал экспортолсон этгээдэд хамаарна гэж дүгнэсэн нь энэ хэрэгт нэгэн адил хамааралтай.
21.Хэрэгт авагдсан, шүүхэд хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч “Э” ХХК нь төмрийн хүдрийг дотоодоос худалдан авах зорилгоор “М” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №MTB/PIE дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №MTB/HNSJ-19.01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, “Д” ХК-тай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №ХХ2019/62 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №ХХ2020/66 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд “Д” ХК-ийн 2019, 2020 оны АМНАТ-ын тайлангийн хавсралтуудаар төмрийн хүдрийг “Э” ХХК-д нийлүүлсэн нь тогтоогдсон. Түүнчлэн, нэхэмжлэгч “Э” ХХК нь дотоодоос худалдан авсан төмрийн хүдрийг худалдах зорилгоор БНХАУ-ын “P” Co. Ltd-тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №ХХ-19-30 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №PS-HNSJ-20190725 дугаартай худалдах худалдан авах гэрээ, БНХАУ-ын “Ш” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №HNSJ/JXSH-19.01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №MTB/JXSH-19.01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, БНХАУ-ын “Х” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №HNSJ-HXS202001 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, улмаар “Э” ХХК нь өөрийн нэр дээр төмрийн хүдэрт гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр гаргажээ.
22.Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК нь дотоодоос төмрийн хүдрийг худалдан авч, гадаад улсад худалдсан, ингэхдээ өөрийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлсэн байх тул “ашигт малтмал экспортолсон этгээд”-д хамаарч байх бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй.
23.Нэхэмжлэгчээс “үндсэн худалдах, худалдан авах харилцаа “М” ХХК болон “Ш” ХХК-ийн хооронд үүссэн, нэхэмжлэгч компани нь гагцхүү тээвэрлэсэн” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг хүлээн авч экспортолсон нь нэгэнт дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэхүү гомдлыг хангах үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд нэхэмжлэгчийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй гэх дүгнэлт зөв боловч “ашигт малтмал экспортолсон этгээд” мөн эсэхийг тогтоохдоо зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийсэн эсэхийг шалгуур болгосон нь оновчгүй байна.
24.Дээрх үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, торгууль, алдангийг хүчингүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2024/0732 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлт) 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2, 47.3.3, 47.5, 47.7, 47.16.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр) 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, торгууль, алдангийг ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, торгууль, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ