Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 159/ШШ2017/0018

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                    Хэргийн индекс: 159/2017/0013/З

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би иргэн Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох “Сүхбаатар сумын Иргэдийн Нийтийн хурлын дарга Ц.Ариунтуяагийн хууль бус үйлдлийг тогтоолгох, 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 18 тоот албан бичгийг хүчингүй болохыг тогтоолгох, 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар зарласан багийн Нийтийн хурлыг түдгэлзүүлэх, Д.Баастад багийн нийтийн хурлын тамга, албан бланкийг Б.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах Сэлэнгийн долгио чуулгын байранд явагдсан Сүхбаатар сумын 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох Иргэдийн нийтийн хурлын ирц бүрдснээр хурал эхэлсэн. Хурал, хуралдаанд оролцсон иргэдийг баталсан дэгийн дагуу явагдаж, хурлаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргасан. Багийн Иргэдийн нийтийн хурлын даргад Б.Эрдэнэчимэг миний бие олонхийн санал авч сонгогдсныг хурлын тогтоолоор баталсан бөгөөд энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа.

            Гэтэл Сүхбаатар сумын Иргэдийн Нийтийн хурлын дарга Ц.Ариунтуяа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр “6 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга Д.Баастад гэж хаяглан багийн иргэдийн нийтийн хурлыг дахин хуралдуулахыг мэдэгдсэн байна. Ингэснээр Д.Бааст 2017 оны 05 дугаар сарын 10-нд Багийн Иргэдийн Нийтийн хурлыг дахин явуулахаар зарласныг миний бие 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн тул маргаан үүсээд байна. Энэхүү албан тоотыг явуулсан сумын Иргэдийн Нийтийн хурлын дарга Ц.Ариунтуяа нь Монгол Улсад үйлчилж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчин хурлын дотоод асуудалд оролцож багийн Нийтийн хурлын бүрэн эрхэд халдаж, хуулиар олгогдоогүй эрх эдлэн хууль бус үйлдэл явуулж байна.

Мөн Д.Бааст нь бүрэн эрхийнх нь хугацаа тухайн хурлаар дуусгавар болсныг мэдсээр байж багийн Нийтийн хурлын тамга, албан бланкийг хүлээлгэж өгөхгүй багийн Иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймд Сүхбаатар сумын Иргэдийн Нийтийн хурлын дарга Ц.Ариунтуяад холбогдуулан:

1.Ц.Ариунтуяагийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож,

2. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож,

3. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар зарласан багийн Иргэдийн Нийтийн хурлыг түдгэлзүүлж,

 Д.Баастад холбогдуулан хурлын тогтоол хүчин төгөлдөр байгаа учир багийн Иргэдийн Нийтийн хурлын тамга, албан бланкийг Б.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ариунтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга болон Багийн Засаг даргыг сонгох Иргэдийн Нийтийн хурлаар нэхэмжлэгч Батаагийн Эрдэнэчимэг нь 1 хүний саналаар илүү санал авсан боловч түүнтэй цуг нэр дэвшиж өрсөлдсөн Д.Ариунжаргал нь Сүхбаатар сумын Засаг дарга болон Цагдаагийн газарт тухайн санал өгөх ажиллагаанд зөвхөн тойргийн сонгогчид санал өгөх ёстой байтал энэ багийн тойрогт харъяалалгүй хүмүүс өгсөн учир энэ асуудлыг шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасны дагуу асуудлыг шийдвэрлэтэл түр томилоогүй байх гэж ойлгож байна.

Мөн тухайн гомдлыг Цагдаагийн байгууллага шалгасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийтгэвэр гарч тойргийн харъяалалгүй хүнд захиргааны арга хэмжээ авсан байгаа юм. Хурлын тухайд бол процесс зөрчигдөж, авагдсан гэдэг нь дээрхи шийдвэрээр харагдаж байгаа юм. Гэхдээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хувьд мөн Тэргүүлэгчдийн даргын хувьд Б.Эрдэнэчимэгийг Багийн Иргэдийн Нийтийн хурлын даргад томилох, чөлөөлөх бүрэн эрх  хуулиар байдаггүй ба тухайн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай албан бичгийг багийн иргэдээс гаргасан гомдлын дагуу хэлэлцээд гаргасан юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй ...Ц.Ариунтуяагийн хууль бус үйлдлийг тогтоолгох... гэсэн шаардлага нь зөвхөн намайг дангаараа асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр ойлгогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-д заасан ...хурлын дарга нь нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих... мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.13-т заасан ...иргэн аж ахуй нэгж байгууллагаас тухайн хуралд ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах... мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Сүхбаатар сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/12 тоот захирамжаар багийн Засаг даргаар Б.Оюунааг томилсон. Иймд Сүхбаатар сумын Орхоны 6 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг / 03 тоот / тогтоолыг хэрэгжүүлж, 2017 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс Орхоны 6 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын даргын урамшууллыг бодож олгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгохоор гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар сумын Иргэдийн Нийтийн хурлын дарга Ц.Ариунтуяагийн хууль бус үйлдлийг тогтоолгох, 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 18 тоот албан бичгийг хүчингүй болохыг тогтоолгох, 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар зарласан багийн Нийтийн хурлыг түдгэлзүүлэх, Д.Баастад багийн нийтийн хурлын тамга, албан бланкийг Б.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн 100131400941 тоот дансанд буюу улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Л.ОДБААТАР